
Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн онд 6002 бөх барилдуулж, Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд бүртгүүлсэн билээ. Тэгвэл энэ жил наадмын үеэр Монголын 5000 бий биелгээч бүжиглэж, Гиннесийн номд бүртгүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэхүү Геннист бүртгүүлэх ажлыг “Монголын бие биелээчдийн холбоо” зохион байгуулж байгаа гэнэ. Тиймээс улсын хэмжээнд ардын язгуур урлагийн өв соёлыг тээгчдийг бүртгэх ажлыг эхлүүлснээс гадна аймаг, сумуудын дунд сургуулийн дуу хөгжмийн багш болон сурагчдад бий биелгээний үндсэн хичээлүүдийг зааж эхэлсэн ажээ.
Дашрамд дуулгахад, Бий биелгээ нь монголчуудын аж амьдралаас үүсэн бий болсон гэж үздэг гэнэ. Ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг бөгөөд жишээ нь цайныхаа дээж цацалыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морьны явдал зэргээр биелдэг аж. Бий биелгээний хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг байна. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог аж. Тиймээс уран хөдөлгөөнт гимнастик хийхэд тухайн хүн дунджаар 2000 хөдөлгөөн хийдэг бол бий биелгээг хийхэд 4000 орчим хөдөлгөөнийг шаарддаг хэмээн үздэг байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ