
“Монгол брэнд” сэдвээр дагнан хэлэлцэж байгаа Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт Монголын гэх ямар брэнд гаргах, дотоод гадаадын зах зээлд яаж таниулах, төрийн зүгээс хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн хөгжлийн санхүүжилт, хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцсэн билээ. Харин өнөөдөр эдийн засгийн төрөлжилт, бизнесийн орчны талаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ өдрийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн бол хүндэт зочноор манай оронд айлчилж буй Голландын Ерөнхий сайд асан Вим Кок уригдсан аж.
Энэ өдрийн гол сэдэв болсон эдийн засгийн төрөлжилтийн асуудлаар оролцогчид санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улсын брэнд болсон бүтээгдэхүүнүүд төрөлжих шаардлагатай. Гэхдээ тэдгээр бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байх нь чухал. Харин Хятад улс манайд хийх гэж байгаа бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэдэг бол заавал тэрийг манайхан хийж бүтээж, үйлдвэрлэх шаардлагагүй. Тиймээс өөрсдийнхөө боломж бололцоонд тулгуурлан дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болох нефть, төмөр, цайр зэргийг брэнд болгох хэрэгтэй” гэлээ.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга. Ч.Хашчулуун “Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа юмыг манайх дотооддоо 100 хувь үйлдвэрлэх гэж хичээх хэрэггүй. Гол нь манай улсыг төлөөлөх брэндийн чанар, хийц, дизайнд анхаарлаа хандуулах нь чухал. Чанарыг дээшлүүлэхийн тулд юу хийх вэ?. Зөвхөн бараа бүтээгдэхүүн, арьс шир гэх хэрэггүй. Дэлхийд танигдсан динозаврын араг яс гээд онцлох нь буруу. Түүх соёлоо брэнд болгох хэрэгтэй. Тухайлбал, Солонгосын түүхэн кинонуудаас харахад тус улс дэлхийг эзэлж явсан мэт л харагддаг. Гэтэл манай улс дэлхийн талыг эзэлж явсан их түүхтэй атал тэр түүхээ дэлхийд таниулсан кино, уран бүтээл алга. Тийм болохоор соёлын аж үйлдвэрлэлийг ч брэнд болгоход анхаарах нь чухал” гэв.
Чуулганд оролцогчид энэ үеэр зэс хайлуулах үйлдвэртэй болох, өндөр технологийн нано үйлдвэрлэлийг дэмжих, зөвхөн уул уурхай бүтээгдэхүүнийг брэнд болгох гэж анхаарах ёсгүй зэргээр санал бодлоо, илэрхийлж байсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү үргэлжилж байгаа ба ногоон эдийн засаг, усны санаачилга сэдвээр тусгайлсан хэлэлцүүлгүүд бусад танхимуудад зохиогдож байна.
Чуулган гаднах талбайд Монгол улсын нэрийг дэлхийд гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулж буй үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгджээ. Энэхүү үзэсгэлэнд оролцож буй зарим байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Монгол улсын нэрээр л гадныханд танигддаг
Брэнд гэдэг нэртэй их болгоомжтой харьцах хэрэгтэй. Дэлхийд танигдах бараа бүтээгдэхүүн сонгохдоо ч маш сайн ярилцаж, хэлэлцэх нь чухал. Жишээ нь би дэлхийн зах зээлд гарахад “Буян”-гийн Жаргалсайханы үйлдвэрийн бараа гэж хүлээж авдаггүй. Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэж хардаг. Тийм болохоор брэнд гэдэг нэ маш чухал. Үнэхээр улс орынг төлөөлж чадах тийм л бараа бүтээгдхүүнтэй, түүнийгээ улс орноос тодорхой хэмжээнд үйл ажиллагааг дэмжих нь бодлогын асуудал.
“Exclusive” Fashion компанийн захирал н.Майцэцэг: Монголынх гэхээр худалдан авагчид дайждаг байсан
Манай компани дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чанар, хийцтэй эмэгтэй хүвцас үйлдвэрлэдэг. Нийслэлийн хэдэ хэдэн томоохон дэлгүүрт худалдаалдаг болоод гурван жилийн нүүр үзэж байна. Анх биднийг хувцасаа худалдаанд гаргаж байхад худалдан авагчид барааны шошго, загвар хийцийг маш их сонирхож, үнэ нь ч боломжийн юм байна. Аль улсын брэнд вэ гэж асуудаг байсан. Тэгэхээр нь монголд үйлдвэрлэж байгаа гэхээр л нэг сонин царайтай болоод холдоод явдаг хүн маш олон болсон Ер нь манай монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн гэхээр дайжаад явчихдаг байсан. Тийм болохоор дэлхийд танигдсан брэндтэй болохын тулд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой.
“Only one” ХХК-ний захирал Т.Энхтөр: LV брэнд 150 жилийн түүхтэй
Засгийн газраас санаачлан Монгол Улсын нэрийг дэлхийд гаргахуйц брэндийг бий болгох талаар ярилцаж байгаа нь оройтсон ч гэсэн маш чухал алхам. Шинэ засгийн газраас арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих талаар ярьж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд аль ч Засгийн газар ярьж байгаагүй сэдэв. Миний хувь брэнд бий болоход маш их цаг хугацаа шаардлагатай. Хамгийн гол нь хэрэглэгчдийн хүсэл сонирхол, шаардлагыг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн байх ёстой. Жишээ нь, Францын Лью Виттон буюу LV брэнд 150 жилийн түүхтэй. Эхний 100 гаруй жил зөвхөн Францдаа л брэнд байсан. Харин сүүлийн 50 жилд энэ нэр, бараа бүтээгдэхүүн нь дэлхийн брэнд болж чадсан. Тиймээс дэлхийд танигдсан брэндийг бий болгохын тулд монголчууд өөрсдөө импортоос татгалзаж, эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих сэтгэлтэй байх хэрэгтэй. Буруу зөруу, таалагдахгүй, чанаргүй бүтээгдэхүүн хийсэн бол санал гомдолоо илэрхийлдэг байх, тэр дагууд нь үйлдвэрлэгчид улам сайн бараа бүтэгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хийцэд анхаарлаа хандуулдаг болсноор жинхэн брэнд бий болно гэж боддог.











П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ