Г.Занданшатар нэрээ татаж, Д.Амарбаясгалан хэрэг наймаалцсан уу?
МАН-ын их хурал ирэх амралтын өдрүүдэд болно. Уг хурлаар намын дарга болон УИХ-ын дарга хэн байхыг шийднэ. Харин энэ хурал болохоос ердөө гурван хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар даргын сонгуулиас нэрээ татахаа нийгмийн сүлжээгээрээ дамжуулан илэрхийлэв.
Г.Занданшатар: ''Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ''
Харин дээрх тохироог Ерөнхийлөгч шийдсэн гэх дам яриа байна. МАН-ын бага хурлаар Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж эцэстээ хонь, чоно болсон хоёр эрхэм энэ удаагийн даргын сонгуульд нэр дэвшихгүй. Харин халуун намраас хойш МАН-ын даргад нэр нь яригдах болсон Н.Учрал УИХ-ын дарга болох төдийгүй намын тамгаа ч авч магадгүй хувилбар дахин сөхөгдөж буй. Хэрвээ өнөөдөр Д.Амарбаясгалан өмнөх шигээ мэдэгдэл хийж гарч ирэхгүй бол дээрх тохироог хүлээн зөвшөөрч, холбогдож асан нүүрсний хэрэгтээ цэг тавиулжээ гэж хардах өнцөг гарч ирнэ. Д.Амарбаясгалангийн хувьд асуудал тун ярвигтай болсон, бараг УИХ-ын гишүүний суудалтайгаа үлдэх нь түүнд одоо зол төдийгүй номондоо орохгүй бол гишүүнчлэлээсээ хасагдах дээрээ дэнчигнэж яваа. Ерөнхийлөгч намын дарга, спийкерт хэд хэдэн хөзөр атгаж буй бөгөөд Н.Учралыг намын дарга, өөрийн итгэлт шадрууд болох Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын аль нэгийг спийкерт зүтгүүлэх муугүй хувилбар мөн яригдаж байгаа. Гэхдээ улстөр гэдэг дайсантайгаа ч нөхөрлөж чаддаг, нөхөдтэйгөө ч дайсагнаж чаддаг өршөөлгүй талбар учраас хэн ч хэнээсээ хэзээ ч урваж, өчигдрийн шийдвэр өнөөдөр эсхүл маргааш өөрчлөгдөж мэднэ. Бямба, ням гараг хүртэл зай ч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ