
Төв аймгийн Батсүмбэрийн ойролцоо Адъяа зааны нэг нутгийн айл Дэчин гуайнд Мөнхбат аварга, Сосорбарам арслан, Эрдэнэ-Очир арслан, Адъяа заан нар бэлтгэлд гараад амарч байжээ. Эрдэнэ-Очир арслан Дэчин гуайн гэрийн хойт энгэрт тарваганд хавх тавьжээ. Үдээс хойхно тэнгэр бүрхээд бороо орох маягтай болж, хавх тавьсан газрын цаад талаас нь Дэчин гуайн хонь гэнэт гараад иржээ.
Эрдэнэ-Очир арслан морь унаад наанаас нь давхисан чинь очихоос нь өмнө хавх тавьсан газраар хонь нөмрөөд иржээ. Яваад очсон нэг хонь хавханд орсон байна гэнэ. Барьж аваад хавхаа салгасан, хонины хөл нь хугараагүй байна. Гэсэн ч доголоод байжээ.
Дэчин гуай ч давхиад ирлээ гэнэ. Эрдэнэ-Очир ч нэлээн зовж, за яав гэж байна гэнэ. Нэг хонь хавханд орох нь оржээ. Хөл нь хугараагүй байна гэсэн, Дэчин гуай за яахав, чи хавхдаж идэх гэсэн юм байлгүй, сайн ч эр хонь таарч, доголон хонио ид гэсэнд тэр хонио гаргаж идсэн гэдэг.
Эрдэнэ-Очир арслан ярихдаа миний буянд хоолтой болсноо мэдэхгүй, Мөнхбат, Сосорбарам, Адъяа тэд надаар их тоглоом хийдэг байж билээ гэж өнөө хэддээ тунирхсан аястай байдагсан.

Эх сурвалж:
undesniibukh.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ