"Даанч тэнхлүүн Данзан арслан"

img

Би 2004 оны хоёрдугаар сарын 8-ны өглөөний 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Засаг дарга хожмын УИХ-ын эрхэм гишүүн болсон Рэгжийбуугийн Нямсүрэнтэй уулзаад -Өнөөдөр Данзан арслангийн 110 жилийн ойг тэмдэглэж байгаа нь үнэхээр сайхан байна. Данзан гуай уг нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хөл тайгын гаралтай хүн. Ээж Думаагийнхаа гэдсэнд ирж Сэлэнгэ аймгийн Цагааннуурт мэндэлсэн юм гэнэ лээ гэсэнд -Та тэгээд юу ярих гээд байгаа юм бэ гээд тэрбээр босоод явчихсан юм. Ингээд “боохой” хэмээх Дамдинсүрэнгийн Данзан гуайн тухай хүүрнэе! -Данзан арслан ерөөсөө их тэнхлүүн хүн байжээ. Бүр 62 настайдаа аль ч наадамд тав давчихсан явах. Энэ бол түүний ясны бяртай хүний гэрч гэж улсын начин \одоогийн улсын арслан\ Г.Эрхэмбаяр магтаж байсан нь үнэний хувьтай. Данзан гуай ерөөсөө хоёр төрлийн бөх бөгөөд Богд хаант Монгол улсын заан, Ардын Засагт Монгол улсын арслан болой. Идэр залуугаасаа хичээнгүйлэн барилдсан бол улсад хэдэнтээ түрүүлж, цолны дээдийг хүртэх боломж  байсны гэрч бол 38 насандаа 880 бөхөөс 9 даван  үзүүрлэж, улсын арслан цол хүртсэнээс илэрхий. Данзан арслангийн алдарт голлон түлхдэг дархан мэх, хэзээ ч хэнд ч бууж өгдөггүй шулуун зан, “хоёр дахь өндөр Гонгор” хэмээгддэг өсгөлүүн бие, бяр чадлаа гайхуулсан адал явдалт олон үйл явдал нь  ард олны дотор домогшин үлдсэн боловч бөхийн сурвалж  бичгүүдэд тэмдэглэгдэн хоцорсон тодорхой баримт  данс даваагаар ховор юм гэж бөх судлаачид тэмдэглэсэн байна. Ямар ч байсан Данзан гуай Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, өнөөгийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хуурч” хэмээх газар 1895 онд төрж, лам ноёдынд зарцлагдан амьдралын хатуу ширүүнийг үзэж, нутгийнхаа засаг ноёдтой тэмцэлдэн, албанд оногдон гүжирт унаж нутаг заагдан Түшээт хан аймгийн Эетэй бэйл Сономдоржийн хошуу одоогийн Дорноговь  аймгийн Мандах суманд нутаг заагдаж явсаар хожим нутагтаа анхны Засаг даргын албыг хашжээ. Үүнээс үзвэл Данзан гуай тэмцэгч чанартай, тухайн үедээ арай өөр өнцгөөс сэтгэн боддог сэхээтэнлэг сэтгэлгээтэй хүн байжээ гэж дүгнэж болмоор. Бас ид баривчилгааны үе болох 1937 оны үест  олон хүнийг аварч, сүм дуган ном судар, тахил гүгэлийг уул хаданд нууж, өөртөө ном заасан Нацаг гавжийг аварч чадаагүйдээ ихэд харамсан амаа барьж байсныг бодвол, ерөнхий дүн нуруу сайтай, төрийн албан хаагч байжээ гэж ойлгож болмоор юм билээ. Ингээд Данзан арслангийн бяр чадлыг илтгэсэн ганц нэг баримт олсноо хуваалцъя. Сайн ноён Лу гүний Вандан заан ардын засаг тогтохоос өмнөхөн Шивээ хиагт руу жин тээж явах зуурт нь Эрдэнэ ван Намсрайн жасаа унших уул овоо тахилгын бэсрэг наадам тохиож гэнэ. Вандан заан тэдний хошууны Гонос, Жамц начин, Пунцаг, цагаан Цэрэн, П.Зундуй заан зэрэг бөхчүүдийг амлан өвдөг шороодуулаад Данзан заантай үлдэж л дээ. Тэрбээр, энэ тухайгаа 1956 онд дурсахдаа: -Вандан заан биеэр их том хүн тул хөдөлгөөн бүр ид мэх мэт санагдсан сан. Хав дөрвөлжин  барьж, хий цохих гэтэл гуд татаж дагуулж тонгороход нь би өвдөг шороодсон. Манай ноён Намсрай ван намайг даагаа нэхээд ир гэж засуулч Галдангийн Ваанчигийг бараа болгон Лу гүний хошуу наадамд явууллаа. Тэгэхэд нь Вандан гуайтай үзүүрт үлдэж хав дөрвөлжин золгоод, голлон  түлхтэл заан хүчиндээ харваж унасан. Унадаггүй Вандангаа ухаж аваарай гэж Лу гүнд  дуулдахаар Ваанчигийг хашгирахад би ихэд сэтгэл зовж билээ гэж өгүүлсэн нь Данзан гуайн хир зэрэг даруу түвшин хүн болохын нэг жишээ мэт санагдана. Энэ дашрамд нэг зүйлийг залруулмаар байна. Манай бөх судлаачид Луу гүний Вандан заан гэж бичсээр ирлээ. Энэ нь 12 жилийн луу мэтээр ойлгож, овоглох аж. Энэ нь Лу гүний  гэж бичвэл илүү үнэн болно. Яагаад гэвэл Сайн ноён  хан аймгийн Түшээ гүний хошууны сүүлчийн ноён Лу буюу Лувсанхайдав юм. Энэ ноён Цэрэнгомбо ноёны  ганц хүү бөгөөд Вандан заантай нас чацуу бараг үерхэх шахам дотно явж “Миний суран” гэж ихэд бахдан бахархдаг байсан гэж түүний хүү, агь ноён Шар Загд 1929 онд дурсан ярьсан байдаг. Хоёулаа 44 насандаа таалал болжээ. Данзан арслангийн тухай цааш өгүүлсү. Тэрбээр 19 насандаа говиос ирээд Богдын хүрээнд болсон Долоон хошуу даншиг наадамд зодоглож долоогийн даваанд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны (Архангайн Чулуут) Лундаажанцан зааныг орхин заан цолыг хүртжээ. Түүнийг барьцгүй цохитол дутуудсан байна. Тэгэхээр нь хоёр мөр лүү нь хүчтэй түлхтэл Лундаа заан нуруугаараа ойчжээ. Нэг удаа Данзан гуай хоёр нөхрийнхөө хамт Баянхангай ууланд мод хийж явжээ. Хоёр нөхөр нь -Наадам бүрт л энэ “боохой” түрүүлэх юм. Татлага татах үеэр гарынх нь хурууг хавчуулаад гэмтээчихвэл энэ жилийн хошуу наадам бид хоёрынх болно гэж нууцхан ярьжээ. Татлага татаж буй нэг нь: -Данзаан, энэ түлээг түшиж бай гэжээ. Түлээн дээр  гараа тавиад түштэл нөгөө нөхөр нь аргамжаа гар дээгүүр нь давуулаад угзран хүчтэй таттал тэрбээр гараа шувт татан автал гогцоорсон аргамж тас үсэрч, нөхөр нь духаараа мод мөргөж улаан халзан болжээ. Данзан гуай бүсээ урж нөхрийнхөө толгойг боох зуураа -Үгүй ер өө. Тун базаахгүй юм боллоо гээд гэмшиж зогсчээ. Данзан арслан 1935 онд аймгийнхаа Засаг дарга Цэмбэлийн Доржийн машинд сууж явжээ. Орхон голд дөхөж очтол эргээсээ халиад нэг километр орчим газар цэлэлзэж байв гэнэ. Машиныхаа моторыг берзентээр ороож, зүтгүүлэн хэсэг газар явсан ч моторт нь ус орж, дугуй нь бамбалзуур шаварт шигдэн урагш  ахихгүй байж. Машин нь “Америк-4” гэдэг даавуун бүрхүүлтэй авсаархан хөнгөн тэрэг байж. Данзан гуай машины урдаас олсоор оосорлон гогцоон талыг нь цээжиндээ углан зүтгэжээ. Өвдөгнөөс дээш татсан устай бамбалзуур туулахад их хол харагдсан тул хүчийг нь цуцаахгүй гэж үе үе амраан, архи балгуулан явсаар намаг  туулан хуурай газар гарч баяр хөөр болжээ. Данзан гуайн “боохой” хочийг ааш араншинтай нь зарим нь холбож ярина. Бас хүнд бууж өгдөггүй тэмцэгч чанараар нь нэрлэсэн байж болох юм гэсэн таамаг дэвшүүлэх судлаач ч байх юм. Олондоо  тархсанаар бол хаврын урь орсон цаг гэнэ. Баянхангай  уулын өвөрт хаваржиж байсан хот айл руу явж  байгаад Тогтохын даваан дээр бууж мордох гэтэл  төө хирийн сагсалзсан зогдортой, бяруу шиг бүдүүн  чоно ар нуруунаас нь зуун хөх хөвөн дээлийг нь хүү таттал араараа газар харуулдан ойчиход нь дээрээс нь дарж, шүдээ ярзайлгаж, шүлсээ асгаруулан архирч үнгэжээ. Баруун гараараа багалзуурдаж, тийртэл чоно савж унав гэнэ. Архиран дайрахад нь хоёр чихнээс барьж хэд хэдэн удаа дугтран хад руу мөргүүлж алаад, чоноо арайхийж тэглээд хот айлд очжээ. Данзан гуай айлын гадаа ирээд ухаан алдаад уначихжээ. -Үгүй ээ. Яаж амьд гарав аа! Манайхыг үүрээр түйвээсэн галзуу азарган чоныг авлачихсан байна гэж ам амандаа шуугилдсан гэдэг.  Энэ явдлаас хойш нутгийнхан нь “Боохой” Данзан гэж дуудах болж. Энэ хоч нь ид барилдаж байх үед нь улс даяар тарж “Сэлэнгийн Боохой Данзан” хэмээн түмэн олондоо нэр нь мөнхөрчээ. Данзан гуай нэг л удаа бууж өгсөн гэдэг. Буухаас ч аргагүй үе байж. Энэ нь 1933 оны ардын хувьсгалын 12 жилийн ойгоор юм санж. Түүнийг үзүүр түрүүнд хүрээд байхад нь гол асрын тусгай өрөөнд  маршал Гэлэгдоржийн Дэмид жанжин уулзаад -За Данзан минь цэргийн наадам шүү дээ. Хэрхэхийг өөрөө л мэдээрэй гэжээ. Данзан гуай мөнгөн аягатай архинаас нь нанчид  өргөн, уруул хүргэх төдий буцаахдаа -За жанжаан, мэдлээ. Би нэг л ёворно, өөрөө л  мэднэ биз дээ гэжээ. Тэр үед “урт гарт” Маамын Лхагва заан нь цэргийн Дэмид жанжны нэрийн өмнөөс босч барилдаж байжээ. Одоо л ардын хувьсгалын их баяр наадам гэж нэршиж заншсан болохоос бус цэргийн наадам гэж  нэрлэгдэж байв. Энэ нь Богд хааны сэрүүн тунгалаг  байхад нь тогтсон заншил ёстой холбоотой ажгуу. Тийм ч учраас цэргийн наадамд цэргийн бөх  түрүүлэх ёстой гэсэн үзэл, сэтгэхүй, улс төр цэргийн дээд зиндааныхны дунд ноёрхож байжээ. Чингээд Чойбалсангийн үгийг Дэмид дамжуулж Данзан ухаантай, хэрсүү хүн учраас буусан байх. Хэрэв тэгээгүй бол их баривчилгааны үеэр дээлээ толгой дээгүүрээ нөмөрчихсөн гэж  Сэлэнгийн хууччуул ярьдаг байсан гэнэ. Тэгээд үзүүрлээд арслан цол хүртжээ. Ер нь Данзан гуай их голч сайны нэг илрэл дээрхи үйл явдал юм. Данзан гуай 60 гарчихсан хойноо Сэлэнгийн тавилан дээр айлд амарч байтал нэг согтуу залуу -”Боохой” Данзангаа бөх гэдэг. Бордооныхоо морийг хурдан гэдэг гэж хотол хошуугаар нь ам гараад жигтэйхэн гэнэ. Данзан гуай өөрөө бор дарснаас буцдаггүй, залуудаа бас нэг ёгхийгээд дуугарчихдаг байсан нь өнөөх залуугийн агсамналыг үл тоомсорлон чагнаад инээвхийлэн хэвтээд байж. -Данзан гуайтайгаа шил архиар барилдана гэжээ. -Миний дүү согтуу байна. Хэн хэнийх нь нэрэнд муухай. Маргааш л хүч үзье гэжээ. Өглөө нь өчигдрийн агсам тавиад байсан залуу бярваазан дээр ирлээ гэнэ. Данзан гуай бас сахилгагүйтмээр санагдаж -Үгүй хө. Чи бид хоёр өглөө шил архиар барилдахаар болсон шүү дээ гэж сануулжээ. Данзан арслан ганц түлхээд унагачихжээ. Тэр тийм ч годгор банди биш юмсанж. -Эр хүний наадам гурав байдаг юм гэж хэлжээ Тэгвэл гурван шил архиар үзье гэжээ. Залуу ч зөвшөөрчээ. Данзан гуай гурван удаа түлхэх дархан мэхээрээ хаячихаад хоёр шил архийг нь аваад нэгийг нь залуугийн өвөрт хийж өгөөд -Олны газар амаа, ганцаараа явахдаа сэтгэлээ хянаж яваарай гэж сургамжласан гэдэг. Ш.ГАЛСАНБААТАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ