Амт, чанарын дээд - Алмаазаар шүүсэн идээний дээж “ARKHI”

img

Дэлхийн зах зээл дээр Монгол улсаа төлөөлөн  анх удаагаа экспортод гарч байсан бүтээгдэхүүн бол яах аргагүй “АПУ”  компанийн  “ARKHI” брэнд. Хэрэглэгчдийн дунд экспортын цагаан архи гэдгээрээ аль хэдийнээ өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан ууган брэнд маань 35 жилийнхээ ойг тохиолдуулан цоо шинэ өнгө төрхтэйгөөр амт чанараа улам сайжруулан худалдаанд гараад байгаа юм. Энэхүү шинэчлэлтүүдийг хийхийн тулд үйлдвэрлэлээ чамгүй хугацаанд зогсоож хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “экспортын” хэмээх сархад өдгөө  алтан медаль, үзэмжит хаяг шошгоор  шинэчлэгдэн амт чанараараа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг үйлдвэрлэгчид нь тодотгож байлаа.  Алс хол хилийн чанадад эх орныхоо нэрийн хуудас болж байсан экс брэнд  500 кратын  алмаазан шүүлтүүрийг дамжин Монгол түмний хүндэтгэлийн идээний дээж болон  зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Ийнхүү Монголын туршлагатай технологич,  хүнсний салбарын  шилдэг  инженер  технологийн  ажилчдын нарын ур ухаанаа шингээн бүтээсэн эл брэндийг хэрхэн үйлдвэрлэгддэг талаар АПУ компанийн  ажилтнуудтай  ярилцсан юм.

“АПУ” ХК-ийн Спиртийн үйлдвэрийн дарга: Т.Түвшинбаяр: Экс брэндийг дээд зэрэглэлийн спиртээр үйлдвэрлэдэг

Монголд спиртийн үйлдвэр хуруу дарам цөөн байдаг ч дэлхийн жишигт хүрсэн дээд зэрэглэлийн сархад үйлдвэрлэхэд тэнцэх түүхий эд болон сайн чанарын үйлдвэрлэл, технологи ашигладаг нь ховор. Дэлхийн хэмжээнд  үйлдвэрлэлээ явуулдаг Монголдоо хамгийн томоохон спиртийн үйлдвэр болох АПУ-гийн “Натур агро” спиртийн үйлдвэрийн дарга  Т.Түвшинбаяртай “ARKHI” брэндийн талаар цөөн хором ярилцлаа.

- Шинэчлэгдсэн “ARKHI” брэнд хэрэглэгчдийн дунд нилээд эрэлттэй байгаа нь анзаарагдлаа? - Тийм ээ. Бид ч бас компанийнхаа ууган брэнд болсон энэ бүтээгдэхүүнийг маш амжилттайгаар шинэчлэн гаргаж чадсандаа баяртай байна. Мэдээж Спиртийн үйлдвэрийн даргын хувьд би энэ брэндийнхээ спиртыг онцолж ярих нь зүйтэй болов уу. Хэрэглэгчдийн дунд экс хэмээн алдаршсан  энэхүү брэндийн спирт нь л гэхэд  бусад сархадтай харьцуулахад илүү өндөр чанарын спирт шаарддаг бүтээгдэхүүн юм. Технологийн хувьд ч гэсэн спиртийн цэвэршилт нь маш өндөр түвшинд явагддаг. Ямар ч нэмэлтгүй. Нэмэлтгүй гэдгийг энгийн үгээр тайлбарлавал янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн, хольц энэ бүтээгдэхүүнд  огт ордоггүй гэсэн үг л дээ. Ямар ч нэмэлтгүйгээр спиртээ устай холиод шүүлтүүрт оруулж байгаа хэрэг. Бүтээгдэхүүний маань түүхий эд болох  спиртийн хувьд үнэхээр дээд зэрэглэлийн өндөр чанартай. Үүнийг үйлдвэрлэгчид бид нүүр бардам хэлнэ дээ.

- Сайн спирт гэж яг ямар спиртийг хэлэх вэ. Шат, дамжлага гээд л? - Хүнд, хөнгөн хольц гэж спирт цэвэршүүлэхэд ялгарах үйл явц бий. Яахав спиртэнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодисууд их бага хэмжээгээр байдаг. Энэ нь сархад уусны дараа шартуулах, толгой өвтгөх ч гэдэг юм уу сөрөг нөлөөллийг хүний биед үзүүлдэг. Харин ийм сөрөг нөлөөлөх бодисыг ялгах үйл явц экс сархадын  спиртэнд маш өндөр түвшинд явагддаг юм. Ийм ч учраас хямд эсвэл дундаж үнэтэй архины спирттэй   “ARKHI” брэндийн спиртийг харьцуулах боломжгүй юм л даа. Спиртийн цэвэршилт үнэхээр өндөр.

- Тэгвэл “ARKHI” брэнд шарталт гэх мэт сөрөг нөлөөг хүний биед үзүүлэхгүй гэж ойлгож болох нь ээ? - Тийм шүү. Хүний биед таагүй мэдрэмж төрүүлдэг бодисууд тус бүтээгдэхүүний  спиртэнд байхгүй.

- Спиртийн үйлдвэрийн технологийн тал дээр та юу хэлэх вэ? - Манай АПУ  компанийн  спиртийн үйлдвэр Германы алдарт Шмитт фирмийн бүрэн автомат ажиллагаатай, технологийн процессоо компьютероор удирдан явуулдаг болохоор цаг үетэйгээ нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гээд олон давуу талыг би энд дурьдаж болохоор байна.

Манай үйлдвэрийн тухайд хоногт 15000 литр спирт үйлдвэрлэх хүчин чадалтай. АПУ компанийн стандарт дэлхийн стандартаас өндөр түвшинд явагддаг гэдгийг онцолж хэлэх нь зөв байх. Миний хувьд Германд мэргэжил эзэмшсэн хүн. Манай спиртийн үйлдвэрийн стандарт Германы үйлдвэрийнхээс одоо 4-5 дахин өндөр түвшинд явагдаж байгаа нь надад үнэхээр бахархалтай санагддаг. Монголд л гэхэд манайх шиг таван кулоноор цэвэршилт явуулдаг үйлдвэр өөр байхгүй. Алдагдалгүй, спирт хаягдахгүй, байгаль орчинд ч сөрөг нөлөө үзүүлдэггүй гэсэн үг л дээ. Манай “ARKHI” брэнд  дэлхийн  томоохон тэмцээн уралдаанд оролцдог гэдгийг хүмүүс мэдэх байх. Дэлхийд алдартай “Grey goose” архи л гэхэд зургадугаар байрт орсон амталгаат шалгаруулалтаас  манай экс брэнд нэгдүгээр байрт орсон нь ямар үнэ цэнэтэй, сайн бүтээгдэхүүн болохыг харуулж байгаа биз ээ. Экс брэндийн  хувьд   амт чанараараа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн. Тэрхүү чанараа алдаагүйн зэрэгцээ одоо улам сайжирч, амт чанар хаяг шошгийн хувьд улам бүр хөгжсөөр байгаа юм.

- Спиртийн чанар, хүнсний стандартын тал дээр? - Манайхбүтээгдэхүүнийхээ түүхий эд болох  спиртийн орц, найрлагаа үргэлж шалган хянаж байдаг. Манай үйлдвэр дотор улсад “Итгэмжлэгдсэн лаборатори” үйл ажиллагаагаа явуулдаг. Лабораторийн хувьд мөн л сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүрэн суурилагдсан. Энэхүү лабориторитоо түшиглэн спиртийг бэлдэх явцад хоёр цаг тутамд шинжилгээ хийдэг юм. Энд үйлдвэртээ  шинжилгээ хийгээд  төв АПУ үйлдвэр дээрээ мөн л давхар хяналтанд ордог байгаа. Тийм ч учраас бид спиртийнхээ чанарт өндөр баталгаа өгч байгаа юм. Түүнчлэн бид  үйлдвэрлэлдээ дотоодынхоо улаан буудайг ашигладаг. Бид хэрэглэгчдэдээ үргэлж өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангадаг. Энэ удаад ч бас чанарын стандартыг дээд зэргээр хангасан  бүтээгдэхүүн нийлүүлж байгаадаа баяртай байна.

Монголын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан, “АПУ” ХК-ийн зөвлөх инженер Б.Алтан: Дэлхийн олон оронд  Монголын нэрийг тахалж байсан ганц брэнд шүү дээ

“АПУ” ХК-ийн ууган ажилчдын нэг Б.Алтан гуайтай бид “ARKHI” брэндийн түүхийн талаар ярилцлаа. Тэрээр бидэнд олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм.

- Ард түмний танил болсон ууган брэнд шинэчлэгджээ. Энэ брэндийн талаар мэдээж “АПУ” компанийн  ууган ажилчны хувьд та сонирхолтой түүхийг бидэнд ярьж өгөх байх? - Экспортын цагаан сархад  гэдгээрээ олонд танил болсон энэ бүтээгдэхүүн маань 1976 онд анх экспортод архи гаргах Хүнс Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас гарсан шийдвэрийн дагуу тэр үеийн Архи Пивоны Комбинат-д үйлдвэрлэгдэж эхэлсэн л дээ. Энэ архийг үйлдвэрлэхэд тухайн үед ЗХУ-аас ажиллаж байсан мэргэжилтнүүд мөн Монголын тэргүүлэх технологичид хамтарч ажилласны үр дүнд орц, жорын хувьд дээд зэргийн сархад  болон үйлдвэрлэгдсэн гэдгээрээ яах аргагүй онцлог юм. Бүтээгдэхүүн маань үйлдвэрлэгдсэн даруйдаа дотоодын болон гадаадын хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцэх болсон. Тийм ч болохоор Экс брэнд  дотоодод  болон гадаадад хэрэглээний хувьд нэлээд нэр хүндтэй бүтээгдэхүүн байсан түүхтэй. Ингээд хоёр орны шилдэг технологчдын ур ухаан шингэсэн энэ бүтээгдэхүүн маань экспортод гарч эхэлсэн түүхтэй юм даа.

- Тэгэхээр  төрийн  “даалгавраар”  бий болсон сархад  гэж хэлж болох нь ээ? - Тэгэлгүй яахав. Анх Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яамны сайдын тушаалаар экспортад гаргах архи үйлдвэрлэх зорилтын дагуу энэ бүтээгдэхүүн бий болсон гэдгийг би товч дурьдсан. Тэгэхээр яах аргагүй төрийн захиалгаар бүтсэн архи. Тухайн үедээ гадны оронд Монголын нэрийг тахалж байсан ганц брэнд шүү дээ.

- Монголын хамгийн анхны экспортын брэнд  ямар улс руу гарч байв. Гадны хэрэглэгчид Монгол сархадыг хэрхэн хүлээж авсан бол? - Гадны хэрэглэгчид үнэхээр таашаан хүлээж авсан. Тухайн үеийн ардчилсан Герман улс, Унгар, Югослав зэрэг олон улсуудад экспортонд гарч байсан. Мөн тухайн үедээ социалист улс гүрнүүдийн дунд зохион байгуулагддаг байсан уралдаан тэмцээнүүдэд оролцож удаа дараа шагналт байранд орж байсан баялаг түүхтэй.Тодруулж хэлвэл  1976 онд Германы Лейпцегийн яармагаас, 1984 онд Болгарын Пловдивын ОУ-ын үзэсгэлэнгээс, 1985 онд Югославын Загребын яармагаас, 1998 онд Улаанбаатарын “Түншлэл-98” яармагаас тус тус алтан медалиудыг хүртэж байсан бөгөөд 1998 онд Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн “Тохирлын тэмдэг”-ийг авсан АПУ  компанийн  анхдагч брэнд бүтээгдэхүүн юм.

- “ARKHI” брэнд хэсэг хугацаанд үйлдвэрлэгдээгүй байх аа? - Тийм ээ. Архины нэр төрөл олон болсноос гадна брэнд бүтээгдэхүүнээ шинэчлэх нөр ажлыг эхлүүлээд байсан үед  экс брэндийн  үйлдвэрлэл нэг хэсэг зогссон. Тухайн бүтээгдэхүүний маань үйлдвэрлэл зогссон тэр хугацаанд ард түмний дунд “ARKHI” брэндийн  эрэлт маш их байгаа нь бидэнд мэдрэгдэж байсан. Экс бүтээгдэхүүнийг хэрэглэдэг тодорхой хүрээ ч аль хэдийнээ бий болчихсон байсан юм билээ. Анх үйлдвэрлэгдэж эхэлсэн цагаас нь хойш энэ бүтээгдэхүүнийг  эдийн засгийн хувьд нэлээд боломжтой хэрэглэгчид хэрэглэдэг байсан. Үүнээс гадна янз бүрийн хүлээн авалт төрийн тусгай үйл ажиллагаанд экс брэндийг  голлон хэрэглэгддэг байсан. Энэ ч утгаараа тодорхой хэмжээнд үгүйлэгдэж эхэлсэн болов уу. Ингээд бид хэрэглэгчдийн хүсэлт, саналыг харгалзан үзээд экс архийг шинэчлэн  үйлдвэрлэж эхэлсэн юм.

- Анх үйлдвэрлэгдэж байснаасаа одоо хэр өөрчлөгдсөн бэ? - 70, 80-аад онд бол экс сархадыг  дээд спиртээр үйлдвэрлэдэг байсан. Элсэн, нүүрсэн, цахиур чулууны шүүлт гээд тухайн үеийн хамгийн  технологиор бүтээгдэхүүн гардаг байсан. Одоо бол онцгой чанарын альфа спиртээр үйлдвэрлэж байгаа. Энэ бол манай өөрийн үйлдвэрийн спирт. Дэлхийд хамгийн чанартай, сайн спиртэд тооцогддог. Давуу тал гэвэл хүнсний хэрэглээнд хорт бодисын агууламж хамгийн бага спирт юм.

- Шинэчлэгдсэн “ARKHI” брэнд бөглөөн дээрээ тухайн үеийн БНМАУ-ын сүлдийг хүндэтгэн залсан байсан нь содон байсан шүү.  Өнгө үзэмжийн хувьд ч сайхан зохицол болж? - Тиймээ.  Бидний сэтгэл зүрхэнд  ойр байдаг  БНМАУ-ын сүлд энэ бүтээгдэхүүнд маань байр сууриа олж хүндэтгэлтэйгээр залагдсан явдал нь бидэнд үргэлж  сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг.

“АПУ” ХК-ийн Архины үйлдвэрийн дарга: Ш.Нансалмаа: “ARKHI” брэнд маань сайн спирт, сайн ус, сайн технологийн хослолоор бүтсэн бүтээгдэхүүн

“АПУ” ХК-ийн нэрийн хуудас болсон Архины үйлдвэрийн  дарга Ш.Нансалмаа бидэнд шинэчлэгдэн гарсан брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

- Хэрэглэгчдийн дунд өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож чадсан “ARKHI” брэнд шинэчлэгдсэн талаар бид сурвалжилж байгаа юм л даа. Энэ брэндийн талаар? - Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн түүхий эдтэй байх ёстой. Архины үндсэн түүхий эд бол этилийн спирт ус хоёр байдаг. Үндсэндээ манай үйлдвэрлэн гаргаж буй хуучны нэршлээр бол экспортын цагаан архи гэгддэг Энэ сархад маань сайн спирт, сайн ус, сайн технологийн хослолоор бүтсэн бүтээгдэхүүн юм. Анх 1976 онд гарч байсан ууган брэндээ манай компанийн хамт олон 2011 онд дахин шинэчлэн гаргалаа. Шинэчлэгдэж гарсан  бүтээгдэхүүнийхээ  шошгон  дээр  АПУ компанийн ТУЗ-ын дарга  П.Батсайхан  өөрийн хэлсэн  үгээрээ  брэндийн тодорхойлолтыг бичиж  хэрэглэгч олондоо  баталгаагаа өгөх үүднээс гарын үсгээ сийлэн баталгаажуулсныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Одоогоос 30 гаруй жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан бүтээгдэхүүнээ үндсэн шинжийг нь алдагдуулалгүйгээр улам сайжруулаад, технологийн боловсруулалт, сайжруулалт хийгээд гаргаж ирж чадсан нь үнэхээр бахархалтай.

- Сайн бүхнээр дамжин үйлдвэрлэгдэж байгаа болохоор чамгүй амжилт үзүүлдэг байх л даа? - Тэгэлгүй яахав. Тус брэнд маань 2006 онд “Monde Selection World Quality Institute” буюу чанарын шалгаруулалтын олон улсын институтаас чанар, дизайны шийдлээрээ тэргүүн байрт шалгарч байсан. Энэ бол 1976 онд гарсан загвараараа гэсэн үг. Мөн 2005 онд Бельги улсын “United Vodka Tasting Competition” архины амталгааны шалгаруулалтаас хүрэл медаль, шинэчлэгдэн гарсан эзс брэнд маань энэ оны зургадугаар сард Франц улсад зохион байгуулагдсан “DLG Awards” наадмаас алтан медаль хүртсэн гээд “ARKHI” брэндийн маань  амжилт түүчээлсээр байгаа. Бид мөн Германы “VLB”-ын лаборторид энэхүү бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр маш сайн чанартай гэсэн үнэлэмж гарсан байгаа. Гэхдээ бид уралдаан тэмцээн бүрт ганцхан экспортын цагаан архиа явуулаад байдаг юм биш. “Алтантүрүү”, “Соёмбо”, “Хар Сувд”, “Болор”, “Ерөөл” гээд 6-7 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг  жилдээ нэгээс хоёр удаа Герман руу эсвэл ОХУ-руу лаборторийн шинжилгээнд хамруулдаг.  Нэг ёсондоо хөндлөнгийн хяналт оруулдаг гэсэн үг л дээ. Дээрээс нь бидний сархад дэлхийн түвшин, зах зээлд хаана нь явна вэ гэдгийг харьцуулах  үүднээс гадны томоохон лаборториудад  тогтмол явуулдаг юм. Уралдаан тэмцээнд үргэлж орно гэдэг чинь уяачдаар бол наадамд морио сойхтой л адил. Манай архины үйлдвэрийн технологийн ажилчид  уяачид шиг л бүтээгдэхүүнээ бөөцийлөн гаргаж байна шүү дээ. Тэр хэмжээгээр чамлахааргүй амжилт үзүүлдэг дээ.

- АПУ-гийн архины үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар сонирхмоор байна л даа? - Архины үйлдвэр маань 2003 онд шинэчлэл хийсэн. Тухайн үед Италийн хамгийн дээд зэргийн тоног төхөөрөмжүүд суурилуулсан. Мөн Германы тоног төхөөрөмж ч байгаа. Тэр шугаман дээрээ экспортын сархадаа  савладаг байсан бол 2010 онд Италийн тоног төхөөрөмжөөр суурилагдсан шинэ үйлдвэр байгуулагдсан. Энэ үйлдвэр маань нэрийн архи савлах цех гэж нэрлэгддэг. Нэрийн архи савлах цех дээр маань энэ “ARKHI” брэнд буюу экспортын цагаан архи үйлдвэрлэгдэн гарч байгаа. Бид нарын технологи дээр хийгдэж байгаа хамгийн том шинэчлэл гэвэл хуучин технологи дээрээ боловсруулалт хийсэн явдал юм. Архины үйлдвэр анх удаа мөнгөжүүлсэн шүүлтүүрийг ашиглаж үйл ажиллагаагаа чанаржуулж байсан бол 2010 онд Алмаазан  шүүлтүүр, хар сувдан шүүлтүүрийг ашиглаж эхэлсэн. Шинэчлэгдэн гарч буй экспортын сархад  маань бриллиант буюу алмазан шүүлтүүрээр шүүгдэж гардаг онцлогтой.

- Алмаазан шүлтүүрийн давуу тал. Энэ нь архинд яг ямар үйлчилгээ үзүүлдэг юм бол? - Давуу тал гэвэл хамгийн сүүлчийн шат буюу бэлэн болсон бүтээгдэхүүнийг лонхонд савлахын өмнө алмазан шүүлтүүрт оруулдаг. Лонхонд орохоор бэлтгэгдсэн бүтээгдэхүүний  амт чанарыг сайжруулна. Дээр нь үнэр нь зөөлөн сайхан болно. Мөн химийн үзүүлэлтүүд багасдаг болох нь шинжилгээгээр нотлогдсон. Хамгийн гол нь хүмүүст таашаагдсан амтыг илүү их тодруулж өгдөг. Үнэр, амтанд илүү их нөлөөлдөг гэсэн үг. Дэлхий дахинаа сархад үйлдвэрлэлийн шинэ давалгаа болсон алмаазан  шүүлтүүрээ бид ОХУ-ын “технофилтр” компаниас оруулж ирсэн. Товчхондоо бол энэ нь чанарыг л батлаад байгаа хэрэг л дээ. Бид хэрэглэгчиддээ үргэлж чанартай сайн бүтээгдэхүүнийг санал болгодог гэдгийг энэ дашрамд тодруулж хэлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ