Энэрэлийнхэн

img

Уйлаад очиход аргадаж тайвшруулан нулимсыг минь арчдаг ээжтэй байх сайхан. Зөв бурууг минь ухааруулж, амьдралын хат суулгадаг аавтай байх бүүр ч сайхан. Тиймдээ ч хүн бүхэн нас нэмж ухаан суухын хэрээр хүүхэд насны аз жаргалтай мөчөө аав ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн гэгээн дурсамжинд хөглөгдөн амьдрал хэмээх их далайд аялдаг гэдэг. Гэвч аав, ээжийн хайранд өлгийдүүлж, хүний амьдралд хөл тавих хувь зохиол дутан хүүхэд насыг өнгөрүүлж буй хүүхдүүд цөөнгүй байдаг ажээ. Ээждээ эрхэлж, аавдаа тэврүүлсэн хүүхдийг харж,нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ бяцхан атаархал тээн өдөр хоногийг өнгөрүүлдэг тэднийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Хөөрхий тэднийг хүмүүс асрахын хүүхэд гэж нэрлэдэг юм билээ. Аав, ээжийн хайраар дутаж явдаг тэднийг 18 асрах нас хүртэл нь багш, удирдлагууд аавынх нь орон аав, ээжийнх нь оронд ээж болон асран хүмүүжүүлж, хүний зэрэгтэй хүн болгохоор зүтгэдэг гэдэг. Тэд насанд хүрэн асрах газраасаа гарч, нийгмийн амьдралтай хөл нийлэн алхах тэр л үед тусламж дэмжлэг үгүй тул алдаж эндэн аавын хаалга татсан тохиолдол ч цөөнгүй бий. Тиймээс асрах газраас гарч ирсэн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэднийг ажил амьдралд хөлөө олоход нь туслах зөв бодлого зайлшгүй шаардлагатай юм.  Энэхүү бодлого нь яг ямар байх талаар холбогдох албаныхан хангалттай ярьдаг ч дорвитой хийсэн алхам одоогоор гараагүй л байна. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа туршлагаас хуваалцахаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох С.Одонтуяа тэргүүтэй эрхмүүд саяхан Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотын “Энэрэл” төв хэмээх хүүхдийн асрах газраар зочилсон юм. Бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв нь 20 гаруй жилийн өмнө буюу 1992 оны есдүгээр сарын 5-ны өдөр анх Цэвэлмаа овогтой Хүрэлбаатар агсаны  санаачлагаар үүсгэн байгуулагдсан аж. Хүүхэд ахуй насандаа өнчин өрөөсөн өсөхийг зовлонг өөрийн биеэрээр мэдэрсэн тэрээр 90-ээд оны нийгмийн амьдралын өөрчлөлт айл өрх бүрийг амьдралыг донсолгож байх тэр л үед харах хандах хүнгүй, өнчин ядуу, “гудамжны” гэгдсэн тэнэмэл хүүхдүүдийг гэртээ авчран хооллож, ундлан хувцас хунарыг нь солиж өгөн халамжилж явсаар удалгүй “Энэрэл” төвийг нээсэн гэнэ.  Тус төв 1993 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харъяа болж, 1994 онд Булган аймгийн Хангал сумын Дэлэнгийн аманд 100 га газар бүхий “Энэрэл Хөдөлмөр” хүүхдийн зусланг байгуулсан аж.  Үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл 320 хүүхдийг асарч, хүмүүжүүлэн амьдралын их далайд сэлүүртэй завьтай үдэж гаргадаг тус төв нь тэднийг зүгээр л 18 нас хүргээд гудамжинд гаргачихалгүй, их дээд сургуульд суралцаж ажил амьдралтай болтол нь тусалж дэмждэг ажээ. Тодруулбал, 18 нас хүрсэн хүүхдүүдээ их дээд сургууль, ТМС-т суралцах боломжоор нь хангаж, төгсөн төгстөл нь төлбөрийг нь 100 хувь Эрдэнэт үйлдвэрээс даадаг юм байна. Төгсөөд ирэхэд нь ажлын байр, амьдрах гэрийг нь барьж өгснөөр ажил хөдөлмөртэй, амьдралын баталгаатай насанд хүрсэн томчууд болон “Энэрэл” төвөөс явцгаадаг юм байна. Өнөөдөр тус төвд хөдөө орон нутгаас ирсэн 40 гаруй хүүхэд сурч хүмүүжиж амьдарч байгаа аж. Тус төвийн амьдрах орчин нь тохитой, хангалт сайн гэдэг нь анги танхим өрөөнүүдээр ороход илт байв. Тиймдээ ч тус төвийн хүүхдүүдийн нүдэнд гуниг үгүй, ирээдүй нь гэрэлтэй байгаа нь мэдрэгдсэн. Том танхимд хүүхдүүдийн дуртай нэг хэсэг байх аж. Энэ нь тус төвд зочилсон эрхэм хүндтэй хүмүүсийн алганы хээгээр гоёсон хана. Энэ хананд эх орондоо төдийгүү дэлхийд нэр нь дуурсаж яваа алдар хүндтэй хүмүүс гарын хээгээ үлдээдэг гэнэ. Хүүхдүүдийн алганы хээ ч мөн байсан ба энэ нь тэдний хамгийн сайхан дурсамж, басхүү ирээдүйд алдартай, сайн хүн болно  гэсэн мөрөөдлийг нь хөглөдөг гэж байв. Тэдний аж амьдралтай танилцаж явахад багш ажилчид, Эрдэнэт үйлдвэрийн чин сэтгэл шингэсэн “Энэрэл”төвд хүмүүжиж, амьдарч явсан үе үеийн хүүхдүүд цөм амьдралын итгэл, хайр халамж тээсээр их амьдралд хөл нийлүүлдэг гэдэгт баттай итгэсэн юм. Хамгийн гол нь улсын мэдэлд байдаг бусад Асрах газруудад өсч, өндийж байгаа хүүхдүүдэд чиглэсэн төрийн зөв бодлогыг хэрхэн бий болгохыг УИХ-ын эмэгтэй гишүүд минь маш сайн судалсан гэдэгт итгэж байна. Хүүхэд энэ нийгмийн золиос болох учиргүй, тэд хайрлуулах гэж энэ орчлонд ирсэн билээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

должко:
Би энэ төвийн сурагч багш нар маань бидний төлөө үргэлж санаа тавьж асардаг хэдийн аав ээжгүй өссөн ч хэзээ ч юугаар ч дутаагүй өссөн
2017-06-29
Sanjaa:
Миний бага нас мөн Дархан-Уул аймгийн "Энэрэл" төвд өнгөрсөн юм. Үүнийг уншихад сайхан байна. Тэр сайхан төвийн ачаар би болон надтай хамт нэг нэгнийхээ ах, эгч, дүү болон өссөн бусад маань хүний дайтай амьдарч явнаа. "Энэрэл" төвийнхөндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү.
2013-03-12
tanil hun:
Buyantai saihan ajil hiij baigaa ta buhend az jargal sain saihan buhniig husen erooe
2013-03-11
мөнхөө:
Буянтай сайн хүмүүс байх нь сайхан юм даа
2013-03-10