Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

img

 

(Ил захидал)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Танаа

Монгол Улсын Засгийн газар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилгоор энэ онд 5 аймагт нарны станц ашиглалтад оруулах ногоон эрчим хүчний тухай тогтоол баталсныг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.

Энэ учиртай тогтоолыг хэрэгжүүлж чадвал бас СОР-17-д барих нэг бэлэг болно, агаарын бохирдлыг бууруулахад дэм болно, хамгийн гол нь ард түмний амьдралын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх болно.

Монгол Улс жилийн 300-гаад хоног нь нартай, байнгын салхитай байдаг тул сэргээгдэх эрчим хүч бол монголчуудад өгсөн бурхны бэлэг гэж би үздэг. Тиймээс ч ногоон эрчим хүчийг хөгжүүлж ашиглахын төлөө 30-аад жил чадлынхаа хэрээр зүтгэж, алдаж онож, бас ч чамгүй ажлын ард гарлаа.

Миний бие 2004 онд АНУ-д “Сая нарны дээвэр” төслийг амжилттай хэрэгжүүлсэн Калифорни муж улсын дэд амбан захирагч Бустамант-тай  сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Лос Анжелос, Улаанбаатарыг эгч дүү хот болгосон ч улс төрийн ашиг хонжоо хайгчдын балгаар хэрэгжилгүй замхарсан юм.

Бид 20 гаруй жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний компани байгуулж, туршилтын болон хэд хэдэн бодит ажил хийсэн. Тухайлбал, туршилт хэрэгжүүлэх улсын сургууль, цэцэрлэг олдоогүй тул Сонгинохайрхан дүүрэгт хувийн санаачилгаар баригдсан “Сод” хүүхдийн цэцэрлэгийг газрын гүний дулаанаар халаадаг болгосон маань өнөөдрийг хүртэл 17 жил ямар нэгэн доголдолгүй ажиллаж байна. Мөн нарны болон газрын гүний дулааныг ашигладаг анхны эко загвар байшинг барьж туршсан, Ерөнхий сайд С.Баяр нээлтэд нь оролцон үг хэлж байлаа.

Компанийнхаа хэрэгцээнд зориулж, 2,5 мегаваттын нарны станцыг бариулж, үйлдвэрт ашиглахаар бэлэн болгосон ч  хүнд суртлын хүлээс болсон ашиглах зөвшөөрөл гэдэг юм нь гарахгүй 2 жилийн нүүр үзэж байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч хэрхэн ашиглах тухай тусгасан “Цэлмэг тэнгэр” төслийг санаачлан судалгааны дэлгэрэнгүй тайлан, тодорхой саналыг 2024 онд Засгийн газарт хүргүүлсэн ч хэрэгжүүлэх сэтгэл дутсанд нь харамсдаг.

Сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж, технологийн асуудлыг олон жил сонирхон судалж, гадаад, дотоодын технологийн компани, эрдэмтэд, мэргэжилтэнтэй уулзаж, туршлага хуримтлууллаа, мэргэжлийн баг ч бүрдүүлсэн байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад эрчим хүчний нэгдсэн системийг савлагаа багатай хэвийн, тогтвортой ажиллагааг хангах нарийн төвөгтэй удирдлага, зохицуулалт хэрэгтэй, үүнийг ч бид хийх боломжтой. Жижиг гэлтгүй ногоон эрчим хүчний эхлэл нь 10 минутад автомашин цэнэглэдэг супер цэнэглэгч нэвтрүүлэх боломж ч байна.

Та хурд, хурдтай ажиллахыг шаардаж байгаатай 100 хувь санал нэг. Цаг хугацаа бүхнээс үнэтэй. Гэхдээ хурдтай, бас хуумгай биш ажиллах нь чухал болохыг манай улсын амьдрал олонтаа харууллаа. 

Хэрвээ боломж олгох юм бол өөрийн мэргэжлийн багийг үндэсний болон гадаадын технологийн компани, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулж, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг эх орондоо хамгийн богино хугацаанд нутагшуулж, ногоон эрчим хүчийг хурдан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна. Дашрамд дурдахад, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал Ерөнхий сайдын үед санаачилж эхлүүлсэн “Буман нарны гэр” төслийн ачаар Монголын хагас сая малчин өрх лааны гэрлээсээ салсан бөгөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк сайшаан өндрөөр үнэлсэн байдаг. 

Монгол Улсыг эрчим хүчний диваажин болгож, ногоон эдийн засгийг хөгжүүлэх үйл хэргийг ашиг хонжоо хайдагт нь биш, харин санаа сэтгэлээ зориулсан, туршлагатай, ажил хэрэгч бүтээдэг хүмүүст хариуцуулбал  илүү сайн үр дүнд хүрэх болно.

Хүндэтгэсэн,

Пунцагийн Цагаан
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн тэргүүн, Менежментийн ухааны доктор
(Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан)

Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ