Эрхэм гишүүн Ж.Батсуурь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сум, Сайншандын Зүүнбаян багт ажиллаад ирсэн юм. УИХ-ын намрын чуулган завсарлаж, төрийн түшээд тойргоо зорьсон эл цаг үед эрхэм гишүүнтэй аян замынх нь сониноос хуваалцлаа.
-Та Дорноговь аймгийн урд талын зарим суманд ажиллаад ирлээ. Хаваржаа ямаршуу байна вэ?
-Дорноговь аймгийн тухайд энэ өвөл цас зуд багатай дулаахан байна. Зуншлага сайхан байсан учраас ийм сайхан жил гарч хавартай золголоо. Энэ хавар одоохондоо шороон шуурга эхлээгүй, налгар сайхан хавар болж байна. Аймаг орон нутагт ерөнхийдөө цас зуд багатай өвөл болж өнгөрсөн учраас хүн, малын хаваржилт давгүй байна. Одоо мал сүрэг төллөж эхлэх болж дээ.
-Мал аж ахуйгаас гадна ашигт малтмалын асуудал Дорноговьд нэлээд хүчтэй тавигдаж байх шиг байна?
-Ер нь өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн бүс нутаг ашигт малтмалын хайгуулын ажил нэлээд хийгджээ. Манай аймаг байгалийн баялаг ихтэй, уул уурхайн салбарынхны анхаарлыг ямагт татсаар ирсэн. Дэд бүтэц хөгжсөн, зах зээлтэйгээ ойр гээд олон давуу талтай учраас энэ салбарт хайгуулын лиценз болон ашиглалтын лицензтэй цөөнгүй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь зарим талаар ашигт малтмалын бүс нутаг гэж хэлж болно. Ийм учраас ард иргэдийн амьдрал ахуй, байгальд орчинд үзүүлэх нөлөөллөөрөө нутгийн иргэдийн дунд ойлголтын зөрүү гэхчлэн сайн, муу олон талын юм дагуулдаг. Ялангуяа, нүүрс, төмрийн хүдрийн нөөц ихтэй. Хэдэн жилийн өмнө нинжа нар манай бага дархан цаазат газраас алт хулгайгаар олборлож, Ирак толгой, Кувейт толгой гээч бий болгон газар орныг юу ч үгүй ухаж сэндийчсэн гашуун сургамж хүртэл бий. Жоншны бүс нутаг болох Хар-Айраг, Даланжаргалан, Иххэт зэрэг суманд гар аргаар жонш олборлогчид одоо ч хүндрэл учруулсаар байна. Хөвсгөл сум гэхэд нүүрсний томоохон ордтой, Айлбаянгийн нүүрсний уурхай гэж Монгол Улсын коксжих нүүрсний хамгийн чанарлаг орд газарт ашиглалтын ажллагаа явуулж эхэлсэн. Мөн Алагтолгой, Элдэвийн нүүрсний уурхай, Өргөн сумын нутагт байдаг шохойн томоохон орд бий. Энэ бүс нутагт нефтийн хайгуулын хамгийн анхны буюу 1957 оны талбай гэж нефтийн салбарынхны нэрлэдэг газарт олон улсын гэрээ хэлэлцээр, монгол төрийн бодлогын дагуу нефтийн хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн. Даланжаргалан суманд Хараатын ордод америкчууд, оросууд хайгуул хийж байлаа. Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хайгуул хийчихээд ашиглалтын лиценз авах хүсэлтээ шилжүүлчихээд байгаа ураны ордтой газар ч бий.
-Таны очсон Улаанбадрах сум, Сайншандын Зүүнбаян багт ашигт малтмалын талаар иргэдийн дунд маргаантай асуудал яригдаж байсан. Газар дээр нь очсон хүний хувьд байдал ямар байна вэ?
-Үүнтэй холбогдуулаад хэлэхэд малчид, ард иргэд өөрсдийнх нь уламжлалт мал аж ахуй, бэлчээр, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэхчлэн эсэргүүцэж, мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уран бол маш хортой зүйл юм гэх янз бүрийн мэдээлэл цацаж, төрийн бодлогыг ойлгохгүй байгаа нь ажиглагдаж байна. Өнгөрсөн зун иргэд сонгогчидтой уулзаад явж байхад ч энэ талаар асуудал тавьж байсан. Манай говийн бүс нутагт цөмийн хаягдал булсан гэнэ гэх яриа нэлээд газар авч. Үүнд төв, хөдөөнийхөн гэлтгүй бүгд үнэмшчихсэн байдаг. Манай улс бол цөмийн цахилгаан станц, цөмийн хаягдал байхгүй улс орон. Ураны хайгуул хийж, шар нунтаг гадагш нь гаргасны зоргоор цөмийн хаягдал Монголд орж ирэх үүд хаалга нээгдэхгүй. Тийм учраас цөмийн цахилгаан станц барих асуудлыг нэлээд хойш тавьж, одоогоор анхаарлынхаа гадна байлгаж байгаа.
Энэ цаг үед улс орныхоо нэр хүндийг өсгөх, эдийн засгийнхаа хөгжлийг хангах, ард түмний амьжиргааг сайжруулах, хот тосгодыг шинэчлэх, иргэдээ тохилог орон сууцаар хангах, аймаг сумдыг засмал замаар холбох их бүтээн байгуулалтын энэ цаг үед бид уул уурхайн салбарыг хөгжүүлэхгүйгээр урагш алхах ямар ч боломж байхгүй. Энэ бол монгол төрийн хэдэн үеийн Засгийн газрын боловсруулж гаргасан бодлого шүү дээ. Хятадын нэг компани нефтийн хайгуул хийж байвал “Энэ муусайн хятадууд юу хийж суугаа юм бэ, зайл”, тэнд хэдэн хүн ажиллаж байхад “Эд нар юу юм бэ” гэдэг байдлаар хандаад байвал төрийн бодлого хэрэгжихгүй, улс хөгжихгүй, төсвийн орлого нэмэгдэхгүй. Ийм учраас үүнийг сайжруулахын тулд бид байгаа боломжоороо уул уурхайн салбар, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж төсвийн орлого нэмэгдэнэ. Буруу мэдээллээс болж ойлголтын зөрүүтэй хүмүүс байдаг. Үүнийг төр засаг, ялангуяа энэ асуудлыг хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтнүүд нь ойлгуулах ёстой. Уран хортой юу гэвэл хортой. Гэхдээ бидний өдөр тутам хүнсэнд хэрэглэдэг зүйл ч гэлээ хэмжээг нь хэтрүүлбэл хор болно шүү дээ.
-Цацраг идэвхт бодисоос болж тугал нь хордож үхсэн гэх цуу тарсан малчны хотоор оров уу?
-Улаанбадрах сумын нутагт байгаа Сайншандын Зүүнбаян багийн малчных л даа. Оролгүй яахав, бүр Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүдийг дагуулж очсон. Тэр бүс нутагт өнгөрсөн зун, намар малын өвчин гарч, мал зүй бусаар хорогдож байна гэх яриа гарсан. Бид газар дээр нь очиж судаллаа. Урьд нь би чиглэл өгч байсан. Ялангуяа ураны хайгуул явагдаж байгаа бүс нутагт мал хорогдсон учраас иргэд ураны хайгуулаас боллоо гэсэн ойлголттой байсан. Зүүнбаян багт ирээд ажиллаж байхад Мал эмнэлгийн төв лабораториос шинжилгээний хариу ирсэн, кальцийн дутагдлаас болсон гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Өмнө нь ч мал зүй бусаар хорогдоход кальцийн дутагдлаас болсон гэсэн дүгнэлт гарч, энэ дагуу нь арга хэмжээ авахад эдгэрсэн гэж ярьж байна лээ. Тэгэхээр бид юуны өмнө хачин жигтэй, эсвэл хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүүтэй үнэн мөнийг олохыг бодож баймаар байна. Монголчууд алийн болгон хов живээр хоол хийж амьдрахав дээ.
-Уран гэсэн үг хүмүүсийн толгойд айдас дагуулаад байгаа юм уу даа.
- Ер нь бол цөмийн технологийг хэрэглэхгүйгээр ямар ч улс орон хөгждөггүй. Тэгвэл шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшил нэвтрэхгүй байна гэсэн үг. Тэр бүү хэл хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт цөмийн технологийг хэрэглэж байгаа шүү дээ. Бидэнд одоо төрийн үйлчилгээг сайжруулах маш чухал шаардлага тулгарч байна. Өвдөж зовохоороо боломжтой бүхэн гадаадад очиж эмчлүүлж байна шүү дээ. Яагаад гэвэл манай улсын эрүүл мэндийн салбар иргэддээ чанартай үйлчилгээ хүргэж чадахгүй байгаагаас тэр. Төсвийнхөө орлогыг зөв зарцуулж, жинхэнэ ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө зориулж байж эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарна гэдгийг хэлэх ёстой. Эрүүл мэндийн салбарт гэхэд цөмийн технологи, цацраг идэвхт бодисыг өргөнөөр ашигладаг. Үүнгүйгээр эрүүл мэндийн салбарыг төсөөлөхийн ч арга байхгүй.
Хөдөөнийхөн маань Япон хүртэл цөмийн цахилгаан станцаас татгалзсан шүү дээ гэж ярьж байсан. Нэг ашиглалтын хугацааг нь хэтрүүлсэн цөмийн станцад нь аваар осол гарснаас биш, тэр улс орон цөмийн технологиос татгалзсан юм огт биш. Японы нэг компани манай Засгийн газартай гэрээ байгуулж, Дорноговийн ордод хамтарч ажиллахаар ярьж байгаа. Энэ чинь Япон улс цөмийн энергээс татгалзаагүй, харин ч олборлолт хийж, цөмийн цахилгаан станцуудаа тэжээх эрэл хийж яваагийн нэг илрэл. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН засгийн эрх барьж байх үедээ цацраг идэвхт бодисын талаар төрөөс баримтлах бодлогоо гаргаж тавьсан. Одоогийн Засгийн газар ч ураныг шар нунтаг хүртэл нь олборлож, цаашдаа цөмийн технологи ашигладаг улс орнуудад түүхий эд болгон нийлүүлнэ гэсэн бодлого баримталж байгаа. Манай бүс нутагт ураны хайгуулын ажил олон жил эрчимтэй явагдсан болохоор би хүртэл мэргэжилтэн болох шахаж байна л даа.
Саяхан Цөмийн энергийн газрын дарга, Монгол Улсын цацрагийн ерөнхий байцаагч Тэгшбаяр болон тэдний багийнхантай би дээрх сумдаар явж иргэд хөдөлмөрчдтэй уулзлаа. Зарим сумын иргэд учрыг ойлгож, нэлээд өндөр түвшний мэдээлэлтэй болсон байхад хүний үг сонсохгүй гараад гүйчих залуус ч байх юм. Монгол төр үеийн үед ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө, улсаа хөгжүүлэхийн төлөө ухамсарт үйл ажиллагаагаа зориулж ирсэн. Тийм учраас бид төрдөө итгэж, төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд төрийн бодлого дээр тодорхой хэмжээний алдаа гарсан нь хэт улстөржсөн, намуудын зөрчил тэмцэл дунд төрийн бодлогод үл ойлголцол бий болсон, төрийнхөө бодлогод улстөржиж шүүмжилдэг улстөрчид олширсонтой холбоотой. Заримдаа шүүмжилж л байвал ард түмнээс мундаг гэсэн үнэлгээ авна гэсэн ойлголт газар авсан ш дээ.
-Гэхдээ заавал улстөржихгүйгээр шүүмжлэх асуудал зөндөө байна шүү дээ.
-Ер нь улстөрчдийг яагаад худалч гэж хэлдэг вэ гэвэл бодлогоо тайлбарлахгүй, уулзсан хүндээ тохируулж ярьдаг болохоор нь л ийм нэр өгсөн болов уу гэж би хувьдаа боддог юм. Төр бодлогоо хэрэгжүүлэхдээ төрийн төмөр нүүрийг үзүүлэх, бодлогыг буруу ойлгуулж, буруу ажиллаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол болохгүй ээ. Монгол Улсад хуулийг хэрэгжүүлнэ гэдэг маш их бэрхшээл дагуулдаг болсон. Хуулийг зөрчиж амьдарвал тухайн үедээ ашиг хонжоотой мэт санагддаг болсон байна. Тийм учраас бид хуулиа хаа сайгүй мөрдөж хэрэгжүүлдэг болъё. Сүүлийн үед төрийн албан хаагчид, удирдах ажилтнууд янз бүрийн хэрэгт холбогддог болсон. Ялангуяа хувийн ашиг сонирхолдоо хэт хөтлөгдсөн МИАТ, ТЕГ-ынхны гэхчлэн сүр дуулиантай хэргүүд яригдаж байна. Энэ нь төрийн нэр хүндийг гутааж байна шүү дээ. Цаагуураа албан тушаалтнууд хуулиа мөрддөггүй ш дээ гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлж байгаа юм.
-Таны байр суурь бол Дорноговь аймгийн нутагт ураны хайгуул, цаашилбал олборлолт явуулахын эсрэг биш юм байна гэж ойлгож болох уу?
-Аймгуудын хөгжлийн зэрэглэлийг саяхан тогтоосон байна лээ. Орхон аймаг нэгдүгээр байр эзэлсэн бол удаахь байрт Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь аймаг оржээ. Орхон аймагт Эрдэнэтийн уулын баяжуулах том үйлдвэр байгаа учраас тэргүүлэх байрт орж байгаа юм. Өмнөговь аймаг гэхэд Оюутолгой, Тавантолгой гээд мөн л уул уурхайгаа дагаж хөгжиж эхэлж байна. Дархан-Уул гэхэд үйлдвэрийн томоохон бүс гэдгээрээ гуравт орж, дараа нь манай Дорноговь орж. Хамгийн сүүлийн байрт уул уурхай, дэд бүтэц хөгжөөгүй Хөвсгөл, Дундговь аймаг орсон байх жишээтэй. Хөгжихийн тулд давуу талаа ашиглах хэрэгтэй. Бидний давуу тал бол байгалийн баялаг юм. Үүнийгээ зөв ашиглах ёстой. Гэхдээ байгаль орчин, амьд организм, хүний эрүүл мэндэд хоргүй технологийг ашиглах гэх мэт бодох зүйл их бий. Зах зээлийн эхний үед нэлээд замбараагүй, хуулийн онгорхой цоорхой их байсан, туршлагагүй байсан зэрэг алдаа дутагдал бий. Өнөөдөр үүнийгээ боловсронгуй болгохоор засч залруулж байна. Уул уурхайн салбарт хамаа намаагүй лиценз олгосон, мэргэжлийн бус компаниуд хайгуул, олборлолт хийх гэж оролдсон, хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор хэрэгжүүлж чадаагүй гэхчлэн алдаа дутагдлаа засаад явбал болохгүй гэх зүйл алга. Бага ч гэсэн эдийн засгийн өсөлттэй байгаа энэ үедээ дээрх зүйлсийг боловсронгуй болгоод явбал бид дэлхийн жишиг жаягаар амьдарч болно. Манай Дорноговь аймгийн хувьд байгаа байгалийн баялаг, ашигт малтмалаа зөв ашиглах юм бол Орхон аймгийн урд гарч хөгжих нөхцөл бий болно. Монголын төр, засгийн бодлогод ураны хайгуул, олборлолтыг зохих хэмжээнд явуулна гэсэн учраас түүнийг сохроор эсэргүүцэх эрх надад байхгүй.
-Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жилийн өмнөөс яригдсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд ЗТБХБЯ-наас санаачлага гарсан уу, Дорноговь аймагт хүнд аж үйлдвэрийн парк байгуулах, нүүрс, төмрийн хүдэр, зэс аваачиж боловсруулах гээд олон яриа хөөрөө гарсан байдаг. Тавантолгой, Оюутолгой руу чиглэсэн төмөр зам барьж байгуулах асуудал байна. Ер нь хүнд үйлдвэрийг нэг дор бөөнөөр нь барина гэдэг бол нэлээд харж үзэж, нухацтай авч үзэх бодлого л доо. Наад зах нь цөөн хүн амтай орны хувьд тэнд ажиллах олон мянган ажилчдыг нэг дор бий болгож чадах уу, нөхцөл нь бүрдсэн үү гэхчлэн. Одоогийн байгаа дэд бүтцийн хүрээнд авч үзэхэд бол ямар ч боломжгүй шүү дээ. Цахилгаан эрчим хүч нь одоогийнхоо хэрэгцээг дөнгөн данган хангаж байна. Улаанбаатар хотоо хангаж чадахгүй байгаа эх үүсвэрээс тийш нь эрчим хүч нийлүүлнэ гэж байхгүй. Тийм учраас эхний ээлжинд эрчим хүчний хангамжаа бодолцох, хоёрдугаарт тээвэрлэлтээ бод, Уул уурхайн баялгийг хэдэн зуун километрт тээж боловсруулдаг технологи их ховор юм билээ л дээ. Тавантолгойн нүүрсийг баяжуулъя гэвэл газар дээр нь л баяжуулах нь зүйтэй. Нүүрсийг баяжуулахад ихэнх нь хаягдал болж үлддэг учраас тэр. Тэр хол уурхайгаас тээж авчраад Сайншандын элсэн дунд баахан нүүрсний хаягдал үлдвэл бид зуурч идэх хэмжээнд л хүрнэ гэсэн үг. Гэх мэтчилэн бодох асуудал их бий. Ер нь аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой. Баялаг нь их байна. Жишээ нь Өргөн, Даланжаргаланд гээд хоёр ч цементийн үйлдвэр байгуулагдах гэж байна. Гэхдээ багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа. Жишээ нь, эрчим хүчний эх үүсвэргүйгээс нэг үйлдвэр барихын тулд тухайн компани цахилгаан станц нэмж барих хэрэгтэй болно. Гэтэл тийм эдийн засгийн эх үүсвэр байхгүй. Тийм учраас төрөөс хангаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Намрын чуулган завсарласан ч гэлээ удахгүй хаврын чуулганаар шинээр олон хууль тогтоомж хэлэлцэнэ. Иргэд сонгогчидтойгоо уулзах явцад шинээр тусгамаар, боловсруулмаар санаа оноо хэр зэрэг төрж байна даа?
-Бид хөдөө орон нутагт ажиллахдаа хамгийн түрүүнд бидний боловсруулж гаргасан хууль амьдралд хэр нийцэж байна, хэр хэрэгжиж байна гэдэгт анхаарлаа хандуулдаг. Дараа нь дараа дараагийн чуулганаар хэлэлцэх гэж байгаа, УИХ-д өргөн баригдсан хуулиудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, санаа бодлыг нь сонсох үйл ажиллагаа өрнүүлдэг. Хаврын чуулганаар газрын тухай багц хууль хэлэлцэнэ. Газрын төлбөрийн тухай, газрын кадастрын тухай, газар өмчлөх тухай гээд томоохон багц хуулиуд багтах юм. Энэ хуулийн төсөл УИХ-д ороод ирчихсэн, хэлэлцэх эсэхийг нь бид хэлэлцэнэ гээд шийдчихсэн байгаа. Хөдөө орон нутгийн амьдралд өдөр тутам тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх гол хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг ярьж явлаа. Дорноговь, Говьсүмбэр аймгийн газрын албанд нь санаа оноогоо судлаад, хэлэлцүүлээд ирүүлээч ээ гэсэн хүсэлт албан ёсоор хүргүүлсэн байгаа. Ялангуяа хөдөө мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа ард иргэдэд өвөлжөө, хаваржааг нь эзэмшүүлэх асуудал хөндөгдсөн байгаа. Тариалангийн газрыг дуудлагын худалдаагаар өмчилж болно ч гэж байх шиг олон асуудал байгаа. Иргэн бүрт үнэ төлбөргүй өмчлүүлье гэсэн газраас гадна аж ахуй, газар тариалангийн гээд өөр олон хэлбэрээр газар өмчлүүлэхээр тусгачихсан. Үүнийг би хувьдаа зөв зүйтэй санал биш гэж үзэж байгаа. Тариалангийн газар гээд хэдэн мянган га-гаар нь нэг мөнгөтэй нөхөр өмчилж авчихаад “Би өөрийнхөө өмчилж авсан газарт тариа тарина уу, үгүй юу та нарт хамаагүй” гээд байвал яах вэ. Гадны мөнгө угаагчдын мөнгөөр ихэнх газрыг өмчилчихвөл яах вэ гэх мэтчилэн болгоомжлох зүйл их байгаа учраас энэ асуудлыг ард иргэдээсээ асууж, санал бодлыг нь сонсч явлаа. Ганзага хоосонгүй ээ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ