Утааны улирал дуусч, хөрсний бохирдлын гамшиг айсуй

img

500 мянган хүн амтай, орон сууцны хороололтой, цэвэр, бохирын асуудлыг нь бүрэн шийдсэн цэмцгэр сайхан хот байна хэмээн 1976 онд нийслэл Улаанбаатар хотын  төлөвлөгөөг гаргаж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан түүхтэй. Тэгвэл 21 дүгээр зууны нийслэл хот анх төлөвлөгөө гаргаж байснаас тэс өөрөөр хөгжжээ. Өдгөө 1,3 сая хүн амьдарч буй нийслэлд шийдэх, айдас төрүүлэх, ирээдүйдээ санаа зовних олон асуудал бий. Бидний нүдэнд харагдахгүй хэрнээ тахлын хэмжээнд хүрсэн зүйл нь хөрсний бохирдол юм.  Хөрс бохирдож буй гол шалтгаан бол хүний буруутай үйл ажиллагаа аж. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр, шатахуун түгээх станц, автомашины хорт хаягдал, цахилгаан станцууд, бүх нийтийн хог хаягдал, мөн дээрээс нь гэр хорооллын модон жорлон, нүүрсний үнс, агаарын бохирдол. Энгийн ойлголтоор бол харилцан үйлдэл явагдаж нийслэлийн хөрс, агаар, ус нь иргэд бидний буруугаас болж нэгэн зэрэг бохирдож, хордож байгаа юм. Хавар болж, утаа буурмагц хөрсөнд их хэмжээний тортог бууж, энэ нь газрын хөрсөөр дамжин гүний усанд шингэж, бидний хоол ундыг давхар хордуулж байдаг аж.

Өдгөө нийслэлийн хөрсөнд байх ёстой найман төрлийн химийн бодис хэвийн хэмжээнээс 3-4 дахин их агуулгатай байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоов. Цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн ил задгай ажиллагаанаас үүдэн Хром 6 гэх химийн хорт бодисын бохирдол Азийн цэвэр усны гол судал болсон Туул голыг бохирдуулж эхэлжээ. Туул голын бохирдол нь зөвхөн монголчуудад төдийгүй Төв Азийнханд хамааралтай юм. Харин түүнийг харж хандах ёстой манай улс ийм хариуцлагагүй байдалд хүрчихээд хэн ч энэ талаар ярихгүй, дуугарахгүй байна. Туул голоос гадна гэр хорооллын айл өрхүүдийн ундны усны хангамж болж байгаа гар худгуудаас хөрсний бохирдлоос үүдэлтэй уран, мөнгөн ус илэрчээ. Энэ нь бидний түлж байгаа нүүрсэнд ураны нэг төрөл болох “тоор” хэмээх хорт бодис агуулагдаж, нүүрсний үнс болохдоо агуулагдах хэмжээ нь хэдэн мянга дахин ихэсч хөрсөөр дамжин усанд ордог байна. Бидний түлж байгаа нүүрсний үнс хэний ч санаанд оромгүй их аюулыг дагуулж байдгийг анхааруулж, сэрэмжлүүлсэн түүх нэгээхэн ч үгүй. Тэр ч бүү хэл, нэг килограмм нүүрсний үнсэнд ураны төрлийн “тоор” хэмээх хорт бодис, мөн хар тугалга, кадми ямар хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон судалгаа, шинжилгээ ч манай улсад одоогоор байдаггүй юм байна. Монгол Улсын Засгийн газар нийслэлчүүдэд өртөг хямд нүүрс түлүүлэх шийдвэр гаргасан ч энэ тийм ч зөв шийдэл биш аж.

Учир нь, 1980-аад оны үед ашиглах уу, эс ашиглах уу гэсэн асуултын дунд байсан ураны хольцтой Багануурын нүүрсийг өнгөрөгч өвөл нийслэлчүүд түлшиндээ хэрэглэлээ. Үнэн чанартаа бол Багануурын нүүрсийг айл өрхийн хэрэгцээнд бус зөвхөн цахилгаан станцын хэрэгцээнд зориулан олборлосон ч өдгөө ийнхүү айл өрхүүд хэрэглэснээр нийслэлийн хөрсний бохирдлыг хэд дахин нэмэгдүүлэх аюулыг дагуулжээ. Багануурын нүүрснээс үүдэлтэй 750 мянган тонн үнсийг бид ганцхан хоногт үйлдвэрлэж, гэр хорооллынхон энэ үнсээ хальтиргаа гулгааг багасгах нэрийдлээр гудамжинд гаргаад цацаж орхисон. Гэтэл энэ нь агаарын замаар дамжиж хүнийг хордуулахаас гадна хөрсөнд шингэж, гүний усанд нэвт орсноор бид өөрсдөөсөө хол байгаа гэж ойлгодог уран, мөнгөн усны аюулыг уух ус, амьсгалах агаараараа аль хэдийн мэдрээд эхэлжээ. Нүүрсний үнс ийм чимээгүй байдлаар хүн амын эрүүл мэнд, хөрс усны бохирдолд маш том сөрөг үр дагаврыг авчирч байгаа бол нөгөө талаар иргэн бидний хайхрамжгүй байдлаас болж хөрсний бохирдлын дийлэнх нь үүсч байна. Ил задгай бие засах, стандартын бус жорлон байгуулах зэрэг нь хөрсний бохирдлын хамгийн том аюул. Нийслэлийн хөрсний бохирдлыг жил бүр дээжлэн шинжилдэг билээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Нийслэлийн 200 цэгээс хөрсний дээж авч шинжилгээ хийдэг бол харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар жилд хоёр удаа тогтоосон 54 цэгээс шинжилгээ авдаг байна. Он дарааллын графикийг харвал жил ирэх тусам хөрсний бохирдол нэмэгдсээр байгаа бөгөөд 2009 оны зуны усархаг бороотой үерийн дараа багахан хугацаанд хэмжээ нь буурчээ. Ер нь бол өнөөдрийн байдлаар Нийслэлийн нийт хөрсний 85 хувь нь онцгой бохирдолтой болсныг мэргэжлийн байгууллагууд нуусангүй. Геофизикийн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаанд Нийслэлийн хөрсний бохирдол газрын гүн тийшээ 30 метр орчимд бохирдолтой гарчээ. Нийслэлийн хөрсийг бохирдуулж байгаа хүчин зүйлүүдийн дийлэнх нь мэдээж модон жорлонгийн ялгадас,  цаашлаад автомашины хаягдал аккумулятор, зай батарей, машин засварын газрын ойр орчмоос эхлээд хөрсийг бохирдуулах олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Мөн манай улс хамгийн чанаргүй, химийн бодис ихтэй шатахууны хэрэглээнээсээ болж агаар, хөрсөө аажмаар маш их бохирдуулж байгаа ч одоогоор үүнийг шийдэх арга зам байхгүй учир энэ тал дээр хэн ч ам нээдэггүй байна. Нийслэлчүүд цахилгаан станцтайгаа нийлээд жилдээ зургаан сая тонн хог хаягдал үйлдвэрлэж, энэ нь хөрсийг бохирдуулах гол хүчин зүйл болж байгаа аж. 2000-аад оноос өмнөх 30 жилд огт сонсогдож байгаагүй олон төрлийн өвчлөл, тэр дундаа хавдар манай улсад сүүлийн 10 жилд бүх нийтийг хамрах шинжтэй өвчний нэг төрөл болжээ. Мөн гэдэсний хижиг, цусан суулга, халдварт шар зэрэг өвчлөл хавар, намартаа ёс юм шиг дэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэйг эмч, мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Ургийн гажиг төрөлтийг бид утаа руу чихдэг. Үнэн хэрэгтээ хөрсний бохирдлоос үүдэлтэй ийм төрөлт ч олон байгаа юм. Хүн амын өвчлөл, халдварыг хөрсний бохирдлын орчноор судалснаар нийслэлийн хамгийн их хөрсний бохирдолтой цэгүүд яах аргагүй таарч байгаа юм. Жишээлбэл, Хархорин, Нарантуул захын ойр орчим, Гандангийн дэнж, Бөмбөгөр, Зуун айл, Ногоон нуурын орчим, СХД-ийн 20-р хороо буюу арьс ширний үйлдвэрүүдийн орчим, Баянхошуу орчимд нийслэлийн хөрс маш их хэмжээний бохирдолтой, энэ нь хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй гэсэн судалгаа гарчээ. Агаарын болон хөрсний бохирдолтой, хүн амын нягт суурьшилтай болж байгаа нийслэлийг өнөөдөр орхиод нүүчихнэ гэсэн бодолтой иргэн нэг ч үгүй. Нэгэнт хортой энэхүү орчноосоо бид холдож чадахгүйгээс хойш хоргүйжүүлэх арга хэмжээг авч хойч үеэ эрүүл мэндийн өвчлөл, тахлаас сэргийлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Нийслэлийн утаанд төсөвлөдөг тэрбум тэрбум төгрөг шиг, утааг ярьдаг хүмүүс шиг хөрсний бохирдлыг сөхөж дуугарах төрийн түшээд, үүнийг бууруулахыг ярьж хэлэх хүн өнөөдөр нэг ч алга. Уул нь бол хөрс өөрөө нөхөн төлжиж, үүний дээрээс хүмүүс өөрсдөө ухамсартай байвал бид хөрсний бохирдлын чимээгүй тахлаас өөрсдийгөө хамгаалах боломж бүрэн бий ажээ. Нийслэлийн 180 мянга гаруй айл өрх, 7000 гаруй зуслангийн хашаанд ухсан жорлонгийн ялгадас бол нийслэлийн хөрсний бохирдлын гол хүчин зүйл гэдгийг дахин хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс ялгадсаа хөрс борддог хэмээн муйхраар ойлгодгоос болж ийнхүү нэг ухсан жорлонгоо булж, нөгөөх шинийг хашаандаа ухсаар хөрсийг бохирдуулж байгаагаа огт анзаарахгүй байсаар л байна. Утаагаа бууруулчихвал эрүүл амьдрах юм шиг сэтгэж буй нийслэлчүүд хөрсөө цэвэрлэж чадах уу гэсэн асуудалтай нэгэнт тулгарсан нь бодит үнэн. Холбогдох байгууллагуудын мэдээлснээр Хар усан тохойгоос Зайсангийн гүүр хүртэлх Туул голоос баруун тийшэх өргөн уудам, тэгш талбай бол Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийн гол сав газар. Энд одоогоор 92 худаг ажиллаж, нийслэлийнхний нийт хэрэгцээний усны 60 гаруй хувийг хангадаг аж. Энэ эх үүсвэр газрын доорх усны урсацаар тэжээгддэг. Бидний хэрэглэж буй усны 90 гаруй хувийг ийм цэвэр усаар хангадаг бөгөөд хоол унд, ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл гээд бүх л зүйлдээ зарцуулдаг байна. Хүмүүсийн амьдралын чухал хэрэгцээ болсон жорлонгуудыг хаагаад, гол түлш болсон нүүрсийг нь түлүүлэхгүй байх боломжгүй ч эко бодлогоор дэмжиж, хүн бүрт хөрсний бохирдлын гамшигийг ойлгуулж, мэдрүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Утаа гэж бид уулга алдан татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь урсгасаар нэг л мэдэхэд 10 орчим жилийг ардаа үджээ. Гэтэл 30-40 жил хуримтлагдаж ирсэн өвчний гол эх үүсвэр, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хөрсний бохирдлыг огт ярилгүй энэ хугацааг үджээ. Өнөөдөр хөрсний бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй хийж эхлэхгүй бол хүн амын дундах халдварт нянгийн гаралтай, эмчлэгдэж болохгүй өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирна гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Үүний тулд төрийн нягт уялдаа холбоотой бодлого зайлгүй хэрэгтэй аж. Утаанаас илүү уршигтай хөрсний бохирдол гэх чимээгүй тахлыг хөндөх сэдэв болгон нийгмийн өмнө тавих цаг нь нэгэнт болжээ.

Сэтгүүлч Г.Тэгшжаргал

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Геофизикийн хүрээлэн гэж байдаг болчихсон уу
2013-03-12
irgen:
"toor" gedeggui yumaa, tori gej bicheech
2013-03-12
Dndg:
Tegshjargal mash sain bichsen bn Zuv zuitei asuudal devshuuljee
2013-03-12