С.Бат-эрдэнэ: Монгол хэлний толь бичгүүд дэх “русизм”-ыг ажиглахад
Монгол төрлийн халимаг, буриад хэл нь орос хэлтэний хүрээнд эрт орж, түүний улс төр, нийгэм, соёл боловсрол, эдийн засгийн үйл явц, хөгжил хувьсал дунд орос хэлний нөлөөг ихээхэн хүртсэн бол орчин цагийн монгол утга зохиолын үндэс болсон халх монгол хэлэнд энэ байдал нэлээд хожуу үед илэрнэ. Тэгэхээр русизм хэмээх орос болон оросоор дамжин ирсэн үгсийн тухайд авч үзвэл энэ нь монгол хэлнүүдэд цаг хугацаа, орон зай, харилцан нөлөөллийн талаар харьцангуй ялгаатай үйлчилсэн нь тодорхой.
Монгол хэлэнд орос хэлний болон оросоор дамжсан үг орж эхэлсэн тухай “Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс” бүтээлд: “XIX зууны үеэс орос хэлээр дамжин европын хэлний үгс монгол хэлэнд нэлээд дэлгэрэх хандлагатай байсан авч ярианы хэлнээс төдий л хэтэрсэнгүй. Европ зүгийн хэлний үг хамгийн өргөн орж ирж дэлгэрсэн нь 1921 оны хувьсгалын дараа үеэс эхэлнэ… Тэдгээр үгсийн зарим нь бүр хувьсгалын эхэн үед хамаарагдах бөгөөд 1920 оны 10-р сараас 1921 оны 4-р сар хүртэл гарсан “Монголын үнэн” сонинд “революция, интернационал, фабрик, завод, машин, митинг, буржуй, капитал, министр, доктор, канал, банк” зэрэг олон үг тохиолдож байна” (10:76) гэжээ. Мөн тэнд орос хэлнээс болон орос хэлээр дамжин орж ирсэн үгсийг а) Нийгэм улс төрийн үгс, жишээ нь: марксизм, ленинизм, интернационализм, империализм, капитализм, колони, пролетари, коллеги, дипломат г.м; б) Соёл, шинжлэх ухааны холбогдолтой үгс, жишээ нь: альбом, конференц, клуб, банк, станц, телевидение, лекц г.м гэж ангилжээ.
1990-ээд оноос хойшхи арваад жилийг орос үг монгол хэлэнд орж ирэх нь илт саарч бараг зогссон гэж хэлж болохоор үе юм. Гагцхүү монгол хэлэнд орж ирсэн орчин үеийн технологи, нэр томъёо, бараа бүтээгдэхүүний нэр зэргийг авахдаа орос үгийн дуудлага, бичлэгийг харгалзаж ирсэн уламжлалаа баримтлах явдал түгээмэл байна. Тухайлбал, японы Canon брэндийн бүтээгдэхүүнийг канон гэж хэлж, бичээд, уг брэндийн хувилагчаар бичиг цаас олшруулахаа канондох гэж шинэ үг үүсгэн хэрэглэжээ. Зарим хүн энэ үгийн англи дуудлагаар кэнөн гэх хэлэх мөртлөө, кэнөндөнө гэж ярихгүй байна. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд монголчуудын дунд сүүлийн үеийн харь үгийг англи болон орос дуудлагаар хувилбар үүсгэн зэрэгцүүлж хэлэх явдал газар авч байна. Тухайлбал, пресэнтэшн/пресантаци, корпорэшн/корпораци гэх мэт. Бидний санахад энэ нь монгол хүн англи үгийг англиар нь дуудах боловч, крилл шинэ үсэгт латин үсэг хэрэглэхгүй тул бичихдээ крилл үсгээр шинээр галиглан бичих, эсвэл хуучин байсан орос загвар ашиглах гэдэг салаа зам дээр ирж ихэнхдээ хоёр дахь замыг сонгож байгаа байдал ажиглагдаж байна. Гэвч тэр нь тэр бүр таарч тохирохгүй жишээ олон. Тухайлбал, компьютерийн Windows программыг бид англи дуудлагаар нь хэлж яриад, латинаар нь ойр зуурын харилцаанд бичээд ойлголцож байгаа боловч, крилл үсэгт буулгахдаа орос хэлний зарим тольд виндуз (6:67) гэснээр бичих хэцүү, дадаагүй тул дуудлагыг нь багцаалдаж вийндөүс гэж бичих танил биш болчихоод байгаа тал байгаа юм. Энэ бол тун нягтлан судлууштай сонирхолтой сэдэв байна. Мөн Condom гэсэн англи үгийг оросууд кондом хэлж бичдэг нь монгол хэлэнд гондоом гэж хэрэглэгдэж байгаад бэлгэвч гэдэг монгол үгэнд байраа тавьж өгч байна. Үүнээс үзвэл, оносон монгол үгийг бүтэцтэй нь дүйлгэн тааруулж чадвал, харь үгийг заавал хэрэглэх шаардлагагүй мэт. Яагаад бүтэцтэй нь дүйлгэх ёстой вэ гэхээр харь хэлний нэг үгийг аль болох монгол хэлний нэг үгээр, хоёр үгийг хоёр үгээр оноож чадвал, хүний сэтгэхүйн оночийг эрэлхийлэх чанар, харилцаанд ойлгомжтой, товч тодорхой санаа гаргах шаардлага, сайн нэр томъёо болох чадвар зэргийг илэрхийлдэг хэлний хэмнэлтийн зарчимд нийцүүлж байгаа хэрэг болно. Ц.Дамдинсүрэн нарын “Орос, монгол толь” (7), А.Лувсандэндэв нарын “Монгол орос толь” (9) болон Я.Цэвэл нарын “Монгол хэлний товч тайлбар толь” (12) зэрэг хэвлэгдэн гараад хагас зууныг үзсэн толь бичгүүдийн доторх жишээг ажиглахад ихээхэн сонирхолтой дүнг харж болно. Тухайлбал, эдгээр толийн доторх орос болон оросоор дамжин орсон үгс хэвээр хэрэглэгдэх эсэх нь эдгээр тольд уг үгийг хоёр болон түүнээс дээш нийлмэл үгээр оноож, орчуулсанаас ихэвчлэн шалтгаалсан байж болохоор харагдана. Ийм жишээ олныг жагсааж болно. Тухайлбал, автобаза гэсэн үгийг машинын зогсоол, чийчээнийн зогсоол гэж утгачлаад, дуудлагыг нь автобааз (7) гэж авчээ. Акробат гэсэн үгийг уран биеийн тамирчин, уран дүүлэгч, уран нугараач гэж утгачилсан байна. Эдгээр үгс өнөөдөр аль аль нь харь хэлний хэлбэрээрээ хэрэглэгдэж байна.
Мөн үүний нөгөө талаас харь үгийг санааг нь монгол хүний сэтгэхүйд яв цав буухаар оруулж чадвал нэг үгийг нийлмэл үгээр дүйлгэсэн ч хэрэглэгдээд явдаг жишээ бий. Жишээ нь: арбитр гэсэн үгийг зарга таслагч, хөндлөнгийн таслагч гэж утгачилсанаас хожим санаа авч хөндлөнгийн шүүх гэж хэвшсэн. Аукцион гэсэн үгийг үнэ хаялцуулах, үнэ хаялцаан (7) гэж утгачилж, үүнээс дуудлага худалдаа гэж хэвшсэн байх жишээтэй. Абажу́р лампын бүрхүүл, дэнгийн саравч, або́рт үр хөндүүлэх, зулбуулах гэдгээс гэрлийн бүрхүүл, үр хөндөлт хэмээн хэрэглэж сурсан ч авжуур, абоорт гэж хэлж бичих явдал зогсохгүй байгааг анзаарч судлууштай зүйл мөн.
Гадаад хэлнээс, тухайлбал, европ зүгийн хэлнээс орсон үгийн дуудлага, ялангуяа ярианы хэлэнд нэлээд өөр байдаг бөгөөд үүнийг зөв бичихзүй, тользүйд хэрхэн жигдлэх вэ гэдэг нь хэлшинжлэлийн чухал судлагдахуун байсаар ирсэн юм. Жишээ нь: база-бааз, дежур-жижүүр, клуб-хөлөөв, сухарь-сухайр, доктор-доофтор, драп-дараап гэх мэт байдаг боловч тэдгээрийг шинэ үсгийн дүрэмд нэгэн мөр болгон цэгцэлж журамладаг. (10:76)
XIII зууны сүүлчээр Пагва лам дөрвөлжин бичиг зохиохдоо энэтхэг, төвд зэрэг үгийг тэмдэглэх тусгай үсгүүдийг цагаан толгойдоо оруулжээ. Мөн XVI зууны сүүл үед Аюуш гүүш монгол бичигт шинэчилгээ хийхдээ мөн энэтхэг, төвд хэлний үгийг бичиг галиг үсэг /алигали/ зохиосон байна. Хуучин монгол бичигт гадаад үгийг хэрхэн тэмдэглэж байсныг ажиглахад бичгээр дамжин орсон үгийг уул харь хэлэнд хэрхэн бичдэгтэй адил бичихийг оролдож байв. Хуучин бичигт blam-a “лам” гэж бичдэг нь төвд хэлний бичигт, Buddha “будда”, zdarma “дарма” гэж санскрит хэлний бичлэгийг, tnri “тэнгэр” гэж бичдэг нь эртний түрэг болон уйгар бичлэгийг хэвээр үлдээсний жишээ юм. Гэвч амаар дамжин орж ирсэн үгийн авианы бүрхүүл нь монгол хэлний авиазүйн онцлогийг даган ихэд өөрчлөгддөг учир үүнийг монгол хэлний хууль зүйд нийцүүлэн бичдэг болов. Төвд хэлний rten-brel гэдгийг “дэмбэрэл”, spen-pa гэдгийг “бямба” гэж дууддаг болжээ. Энэ мэтээр харь хэлний үгийг өөрийн хэлний бодит хууль зүйд ойртуулан тэмдэглэх болсон байна. Гэвч харь хэлний нөлөөгөөр монгол хэлний авианы тогтолцоонд ч өөрчлөлт орж, уугал монгол үгнээ үгийн эхэнд ордог р, лх /л’/ авиаг хэлдэг болсны гадна мөн уа гэсэн хос эгшиг бий болжээ. Гуанз, гуалин гэх мэт. (10:83-84) Сүүлийн жилүүдэд алоэ, сеул гэх мэтийн оросоор дамжсан үгийг хэлэхдээ оэ, еу гэх мэт хос эгшгийг хэлж сурч байна. Уг нь монгол хэлний эгшиг зохицох ёсны талаас алоэ гэхийг алай, сеул гэхийг сөүл гэх нь зөв юм.
Сүүлийн жилүүдэд монгол хэлэнд орсон харь үгийн толины хэд хэдэн хэвлэл гарлаа. Тухайлбал, О.Сүхбаатарын “Монгол хэлний харь үгийн толь” (11), Н.Балжиннямын “Монгол хэлний гадаад үгийн толь” (1), Г.Даваажав “Монгол хэлний ормол үгийн толь” (8) болон тусгай нэр томъёог түүвэрлэн тайлбарласан “Үгийн учир 1, 2” Уб., 2003, 2006 гэх мэт. Эдгээр толь бичгүүд нь зорилго, аргазүй, үгсийн сангийн багтаамж зэргээрээ тодорхой ялгаатай толь бичгүүд боловч орос хэлний болон оросоор дамжин ирсэн үгсийг их, бага хэмжээгээр агуулж байгаагаараа бидний судлагааны чухал эх хэрэглэгдэхүүн мөн.
Орос хэлний үгийг дангаар нь авч үзвэл, О.Сүхбаатарын толь 2400 гаруй үгтэйгээс 19, Н.Балжиннямын толь 3640 гаруй үгтэйгээс 247, Г.Даваажавын толь 3300 үгтэйгээс 136 орос хэлний үг байна. Эдгээр үгс нь голдуу монгол хэлний авиазүйн бүрхүүлд орж, дуудлага, бичлэгийн хувьд эх хэлнээсээ нэлээд холджээ. Тухайлбал, О.Сүхбаатарын толины үгс нь: бааз, боошиг, лавшаа, овъёс, онигоо, оочир, өгөрций, пигүүж, пийшин, сажин, сатин, тоормос, хаймар, халаад, хампаан, ходоог, хэбид, цөлхөөв, эрзээн болно. Эдгээр үгийн эх хэлнийх нь зөв бичлэгийг жирийн монгол хүн тэрбүр мэдэхгүй ч байж магад. Энэ бол аливаа хэл харь үгийг өөриймшүүлж авдаг хуульзүйн дагуу явагдаж буй түгээмэл үзэгдэл юм. Тэгвэл одоо хэвшин тогтоод байгаа харь үгийн бичлэгийг эвдэх вий гэхээс эмээлгүйгээр трактор гэхийг тараактар, роман гэхийг aрмаан, сумо гэхийг сүүмоо, windows гэхийг вийндөвс гэх мэтээр монгол хэлний харь үгийг бүтээхэд болохгүй гэх газаргүй юм.
Аливаа хэл харь үгийг өөрийн авиазүй, хэлзүй, утгазүйд шингээн өөриймшүүлж авах нь түгээмэл үзэгдэл юм. Монгол хэлэнд орос болон оросоор дамжиж ирсэн үгийг авахдаа орос үгийн дуудлага, бичлэгийг харгалзан хэлж бичиж ирсэн боловч сүүлийн үед энэ тал дээр нэлээд зөрчил гарах болов. Энэхүү ажлын хэлшинжлэлийн үндэслэл, аргазүйг боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ