П.Даш: Би хэлмэгдсэн

img

ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш  Өршөөлийн хуульд хамруулсан анхан шатны  шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа юм. Түүнийг нэр бүхий эрхмүүдэд өргөдөл, гомдол илгээсэн тухай хэвлэлүүд мэдээлж байгаа.  Илгээх болсон учир шалтгааныг нь өөртэй нь уулзаж, ярилцаж тодрууллаа.

- Та Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа, Ерөнхий Прокурорт хаягласан өргөдөлдөө  өөрийгөө Өршөөлийн хуулиар өршөөгдөх хэмжээний гэмт хэрэг үйлдээгүй хэмээн бичсэн гэсэн. Чухам ямар үндэслэлээр  өөрийгөө өмөөрч байгаагаа  тодруулахгүй юу?   - Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд л Өршөөлийн хуульд хамруулчихъя гэж надаас  олон удаа хүссэн. Тэр болгонд нь би хэрэг хийсэн хүнийг өршөөнө үү гэхээс, гэмгүй хүнийг өршөөнө гэж юу байдаг юм бэ гээд  хамрагдаагүй. Гэтэл  янз бүрийн худлаа бичиг баримт бүрдүүлээд,   шүүх тэдгээр хэлмэгдүүлсэн баримтанд нь үндэслээд гоомой шийдвэр гаргачихлаа. Тиймээс шүүхийн шийдвэрийг хууль бус байна гэж үзэн эсэргүүцэж, давж заалдсан. Өршөөлд хамрагдахгүй гэдгээ анхнаасаа ч хэлсэн. Одоо ч тийм бодолтой байна. Ямар ч гэсэн үнэн мөнийг тогтооно. Би  өөрийнхөө төлөө  гэхээсээ Монголын нийгмийг цэвэршүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудыг шинэчлэхэд томоохон хувь нэмэр болоосой гэдэг үүднээс үүнийг хийж байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг бэхжүүлэх шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг  шинэтгэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгаж, гарч ирсэн. Тиймээс шүүхийн шинэтгэлийн талаар нэлээн юм хийж, УИХ-д хуулийн төслүүдийг өргөн барьчихсан байж байна. Харин би энэ шинэтгэл нь зайлшгүй хийгдэх ёстой юм байна гэдгийг өөрийнхөө амьдрал дээр биеэрээ мэдэрсэн хүний хувьд энэ үйл ажиллагаанд  хувь нэмрээ оруулах шаардлага байна. Би 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүсийн нэг. Тэр үед хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж хуулиндаа заасан. Би тийм л нийгэмд амьдрах юм бодож явсан. Гэтэл тийм байсангүй. Улстөрийн захиалгаар хүнийг хэлмэгдүүлдэг нийгэм  байна. Шүүх засаглал нь үнэн мөнийг ялгаж салгаж дийлэхгүй байгааг биеэрээ мэдэрлээ.  Тиймээс шүүхийн шинэтгэлийг түргэтгэхийн төлөө булхайтай байгаа зүйлсийг илчлэх шаардлагатай юм байна гэж үзсэний үндсэн дээр бодит нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчид захидал бичээд 10-аад  хонож байна. Би түрүүчийн Ерөнхийлөгчид, мөн  АТГ гэхчлэн бусад газруудад  өргөдлүүд өгч байсан ч, нэг ч удаа хариу авч үзээгүй. Харин Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид өмнө нь өргөдөл   бичихэд  хариу өгч байсан. Тиймээс одоо  өгөх байх гэж хүлээж байна. Гол нь ийм шударга бус зүйл байна гэдгийг мэдэрч авбал том үр дүн гэж бодож байгаа.

- П.Даш гэдэг хүний улсад учруулсан хохирлын хэмжээ 15 тэрбумаас буусаар 500 сая төгрөгт хүрч тогтсон талаар өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн. Улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхдээ 227 сая төгрөг хувьдаа завшсан, үрийн буудайг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч 335 сая төгрөгийг шамшигдуулсан гэхчлэн. Анхан шатны шүүх ч эдгээр зүйлийг үндэслэн таныг буруутгасан гэсэн ойлголт бий? - 30, 40-өөд оны үед Орос, Монголд гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байсан шиг, одоо ч Монголд хэлмэгдүүлэлт байна. ЗХУ-ын КГБ-ийн хэрэглэж  байсан аргыг манайд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрхтэн дархтанууд  нийлж байгаад үр дүнтэй хэрэглэж байна. Хэлмэгдүүлье гэсэн хүнээ эхлээд  хэвлэл мэдээллийн хэрэгслээр есөн шидээр нь бөмбөгддөг. Дараа нь яаж ч хилсээр шийтгэсэн нэгэнтээ нийгэм тэр хүнийг  гэмтэн гээд хүлээгээд авчихсан байдаг. Ийм аргыг манай монголд одоо хэрэглэж байна.

Тэр 15.5 тэрбум гэдэг тоог хэвлэлээс харж байсан. Энэ бол ард түмний тархийг угаах үйл ажиллагаа.  ОБЕГ-ын 4, 5 жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.  Тэгэхээр би  4, 5 жил ОБЕГ-ын албан хаагчдынхаа нэгэнд нь ч ширхэг төгрөгний цалин өгөөгүй, ширхэг хувцас өмсгөөгүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хамаг мөнгийг нь хураагаад авчихсан юм шиг л ойлгогдож байгаа юм. Манай байгууллагыг хэдий хэмжээний төсөв мөнгөтэйг  хүмүүс сайн мэдэхгүй учраас, мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарахаар үнэн л юм байх гэж боддог байх.  Намайг эхлээд 17 зүйлээр гүтгэсэн.  Их л олон хувилбараар  гүтгэчихээд нэгийг нь ч гэсэн хэрэг болгоё гэж л үзсэн байх. Үнэхээр ч  15 зүйл нь хэрэгсэхгүй болсон. Тэр будаа, шатахуун гээд байгаа хоёр гүтгэлэгтээ  зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч  зөрүүг нь завшсан гэж  намайг буруутгаж байгаа.

Будааны тухайд 2005 онд Улсын нөөцөд үрийн буудай  шаардлагатай учир зохих  журмынх нь дагуу үнийн судалгаануудыг аваад хамгийн бага үнээр нь худалдаж авсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуульд зааснаар хамгийн сайн тендер гэдэг  ангилалд нь багтахаар, өөрөөр хэлбэл хамгийн бага  үнийн санал ирүүлсэн  байгууллагатай нь гэрээ хийж авсан. Миний авсан үрийн буудайг ОБЕГ нь  ХХААХҮЯ-нд худалдсан. Би тухайн үед тонныг нь 310 мянган төгрөгөөр, зарим нь 307 мянган төгрөгөөр авч байж. Харин ХХААХҮЯ-нд тонныг нь 420 мянган төгрөгөөр зарсан. Үүнээс ОБЕГ 300-гаад сая төгрөгийн ашиг олсон байдаг. Би хувьдаа ашиг олоогүй. Байгууллагыг хохироосон гэж ярьж байгаа бол эсрэгээрээ байгууллагад 300 гаруй сая төгрөгийн ашиг орчихсон л байгаа юм. Энэ бол байгууллагын хэмжээнд үзсэн жижигхэн ашгийн тухай  яриа.  Гэтэл тэр үрийг  Атрын 3 аяны хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд,  тариаланчдад өгч тариулсанаар  урьд хожид байгаагүй ургац авсан байдаг. Тэгэхээр зөвхөн байгууллагад ашиг оруулаад зогсоогүй улсад их хэмжээний үр өгөөжөө өгсөн байгаа юм. Гэтэл  үүнийг ямар ч хамаагүй тоотой харьцуулан зөрүү гаргаж намайг гүтгэх  нь чухал байсан байна л даа.  АТГ-ын мөрдөн байцаагч нар шинжээчдэд үүнтэй харьцуулж зөрүү тооц гэсэн бичиг хийж өгч, дарамталж байгаад дотоодын тариаланчдад борлуулдаг хоёр, гуравдугаар репродукцийн будааны үнэтэй харьцуулсан байдлаар тооцоог нь хийлгэсэн байдаг. Гурилаар жишиж ярих юм бол би нэгдүгээр гурил худалдаж авсан хүн. Гэтэл  хоёрдугаар зэргийн гурилын үнэтэй харьцуулж үзэхээр зөрүү гардаг юм байгаа биз дээ. Нэгдүгээр гурил  650, хоёрдугаар гурил  500 төгрөг байлаа гэхэд яаж ч бодсон зөрүү  гарна. Тухайн үед  нэгдүгээр  репродукцийн будаа 310 мянган төгрөг байхад, хоёрдугаар репродукцийн будаа 290 мянган төгрөг байсан. Энэ хоёрын зөрүү 300 хэдэн сая төгрөг болдог. Тэгж зориуд зөрүү гаргаж тооцоод, намайг  хохирол учруулжээ гэж яллаж байгаа юм. Үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн хүлээж авахааргүй байгаа биздээ. Ямар ч эрүүл ухаантай хүн шүүх засаглал чинь ийм байж болдог юм уу гэж хэлнэ биз дээ. Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гээд заачихсан. Хүнийг хэлмэгдүүлэхгүй байх бүх үүд хаалгыг нээсэн гэж бодсон чинь ерөөсөө хэлмэгдүүлэлт зүсээ хувилгаад шинэ хэлбэрээр явж байна.

Шатахууны тухайд бас тийм маягаар зөрүү гаргасан. Таван албан байгууллагын 9 албан бичигт тухайн үед шатахуун ямар үнэтэй байсан судалгааг ирүүлсэн байдаг. Тэр дотроос нэг л бичиг гадаадад шатахууны үнэ өсч байхад монголд буурч байсан гэсэн агуулгатай судалгаатай. Намайг буруутгахдаа зөвхөн тэр судалгаатай харьцуулж зөрүү гаргасан байдаг. Тэр  судалгаа хуурамч гэдэг нь олон баримтаар нотлогддог.  Бичиг хийж өгсөн байгууллага болох тухайн үеийн  АМГТХЭГ-ын дарга нь гурван мэргэжилтнээ дуудаж ирүүлээд тэр судалгаагаа харуулаад ямар учиртай тоо вэ гэдгийг нь асуусан байдаг. Тэгэхэд нь  ямар ч юманд тохирохгүй, эргэлзээтэй хуурамч тоонууд байна гэдэг нь тодорхой болж. Бусад судалгаанууд дээр байгаа үнийг баримтал гэдэг албан бичгийг тус газраас хийж өгсөн байдаг юм. Тийм байтал бүх судалгаанаас зөрүүтэй, тэр хуурамч бичгээрээ тооцоод зөрүү гаргасан юм. Нийт хэчнээн сая ч билээ.   Ийм бодитой хэлмэгдүүлэлт байгаа учраас зарга хийнэ биз дээ. Би зарга хийж байгаа нь шударга ёсыг тогтоохын төлөө юм шүү.

- Таныг олон тендер  будлиантуулсан гээд байдаг. Шатахуун, будаа авсан “Алтай таван богд хайрхан” ХХК, “Энрико сервис” ХХК-иуд нь таны танил тал, ойр дотны хүмүүсийнх гэж ч яригддаг? - Огт тийм юм байхгүй. Надад, миний ойр дотны хүмүүст ч тэдгээр компанитай холбоотой  хүн байгаагүй. Би насаараа төрийн алба хашсан хүн. 2006 онд С.Отгонбаяр сайдаар томилогдож ирээд,  зарлаад байсан тендерийг зогсоон, дахин зарлаж  өөрийнхөө хүмүүсийг оруулаад эхэлсэн. Гэтэл сүүлдээ хэвлэлүүд намайг тендерүүд будлиантуулсан болгоод л бичсэн. Тендерийн асуудлуудыг шалгахад надтай холбоотой ямар ч асуудал байгаагүй. Намайг л гэж бичээд байсан болохоос, би чинь тэр тендерийн асуудлаар гомдол гаргасан хүн шүү дээ. Гэтэл би  хамгийн болж бүтэхгүй зүйлийг хийсэн хүн болж хэлмэгдэж байх юм.

МИ-8 нисдэг тэрэг осолдож 15 хүний амь  эрсдсэн ноцтой хэрэг гарах үед би С.Отгонбаяр сайдын тушаалаар Америкт ажлаар явж байсан. Харин  тэр осол болонгуут “П.Даш Америкт зугаалж явах хооронд нь ийм юм боллоо” гэж л яригдсан байдаг. Тэр үед USAID буюу Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар явсан. Тэр байгууллагын улсууд чинь Монголын сонинууд дээр гарч байгаа мэдээллийг уншдаг юм байна л даа. Тэгсэн намайг зугаалж яваа гээд бичсэнийг сониноос үзээд, “Өдрийн сонин”-ы газарт “энэ хүн зугаалж яваа юм биш ээ. Тусгай төлөвлөгөөний дагуу ажлаар  явж байгаа” гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Намайг ирэхэд хэвлэл мэдээллийн нөхдүүд ирцгээсэн. Би С.Отгонбаяр сайдын гаргасан тушаалыг, мөн USAID-ын  бичгийг харуулаад, ингээд явсан байхад намайг зугаалж явсан гэж байгаа талаар хэлсэн.  Зарим сонин хэвлэлүүд тэр тухай бичсэн. Гэтэл ТВ5 телевизийн Дагиймаа гэж хүн “өөрийнхөө зугаалж явсаныг булзааруулж ингэж ярьсан байна”  гэж ярьсан. Тэр хүн бусад сэтгүүлчид шиг ирж мэдээлэл аваагүй байж тэс эсрэг мушгисан зүйл ярьж байсан.  Ер нь миний эсрэг их довтолгоо хийгдсэн.  Цаанаа ямар үр дагавартай байсан бэ гэхээр бүгдийн  анхаарлыг над дээр төвлөрүүлж, МИ-8 нисдэг тэргийг унагасан хүмүүс ямар ч гэм зэмгүй үлдсэн. МИ-8-ын хэргээр хэн нэг хүн хариуцлага хүлээлээ гэж өнгөрсөн хугацаанд ер сонсогдоогүй биз дээ. 15 хүний амиар тоглочихоод хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин 15 тэрбумыг завшсан гэж гүтгүүлсэн би 4 жил шар махтайгаа хатаж л явна.  Ийм нийгэм байж болох уу л гэж асуумаар байна.

П.Даш өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн дараах баримтуудыг түшиглэн ярьж байна - Энд дарж харна уу

 

- Та тэгэхээр өөрийг тань “золигт” гаргахаар зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлсэн гэсэн бат итгэлтэй байдаг байх нь ээ? - Тийм. Тэр ч байтугай С.Отгонбаяр нисдэг тэрэгний осолтой холбогдуулан тушаал гаргаад намайг ажлаас халсан шүү дээ. 2007 оны зургадугаар сарын 27, 28-ны үед  гарсан тушаал нь надад бий. Зүй нь сайдын эрх мэдлийн асуудал биш шүү дээ. Тиймээс  Засгийн газар манай эрх мэдлийн асуудал биш байна гээд С.Отгонбаярын тушаал хүчингүй болж байсан. Тийм маягаар тэндээс намайг зайлуулж болохгүй болохоор  долдугаар сарын 6, 7-нд байдаг бил үү. 13 зүйлийн гүтгэлэгтэй өргөдөл бичсэн. Тэгээд би  чинь гэмт хэрэгтэн болж өнөөдрийг хүрээд байгаа юм.

- Хэрэв МИ-8-ын  осол болоогүй байсан бол 4 жил шар махтайгаа хатаж явахгүй байсан гэж та хэлэх гээд байна уу? - Тийм. Зүгээр л явж байх байсан гэж бодож байна.  Согтуу нөхрийг машинаар дайраад унагачихсан  жолооч хариуцлага хүлээнэ биз дээ. Бүхэл бүтэн 15 хүний амийг авч явчихаад байхад хариуцлага байдаггүй. Тэнд түймэр асч байсан бол бас өөр. Гэтэл бороо ороод унтарчихсан байсан нь зураг дээр гардаг биз дээ.

- Түймэртэй байна, унтраа гээд л тушаал өгсөн байдаг шүү дээ. Та бол тушаал өгөхгүй байх байсан гэсэн үг үү? - Тэр чинь надад анх удаа тохиолдож байгаа юм биш шүү дээ. Тэр байтугай юм зөндөө тохиолдож байсан. Нисдэг тэрэг бэлдчихээд яг одоо явуулъя гэж байтал тэнд байдал нь өөр болдог ч юм уу. Өөр хүч хэрэгслээр шийдэж болохоор байвал заавал нисдэг тэрэг явуулж өдий төдий шатахуун зарах шаардлагагүй болох үе байна. Тэр ослын тухайд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нь “манайд нэмэлт хүч хэрэггүй”  гэсээр байхад л албан хаагчдаа явуулсан байдаг юм.  Би бол  хүн хүч хэрэггүй гээд байхад заавал явуулна гэхгүй шүү дээ. Төсөв хөрөнгө ямар билээ. Осол гамшиг хаана хэзээ ч гарч болно. Тэр болгонд бэлтгэлтэй байхын тулд хүч, хэрэгслээ хэрхэн хуваарилах нь зөв бэ гэдгийг би өөрөө мэдэх хүн. Гал түймэр өвөл хүртэл гардаг. Тиймээс улсаас өгсөн төсвийг хүргэхийн тулд аль болохоор л  хэмнэж,  бололцоотой арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд их хүн хүч, үнэтэй цайтай техник хэрэгсэл дайчлах арга хэмжээнүүдээ зохион байгуулна шүү дээ. Тийм учраас би байсан тохиолдолд тэр үед хэзээ ч явуулахгүй байсан.

- Талийгаачдын ар гэрийнхэнтэй нь холбоо харилцаа бий юү? - Тэр үед шөнө ирээд л бүх айлынх нь хаалгыг нүдээд яваад бүгдтэй нь уулзаж байсан. Маш их харамсалтай явдал. Тэр хүмүүс бүгдээрээ шоконд орчихсон. Хэн нь юу ч болсон юм. Ямар даргынх нь ч буруу зөв юм гэдгийг хэн ч мэдэхгүй байдалтай байсан. Дараа нь төр засгаас тодорхой  арга хэмжээнүүдийг аваад тэр хүмүүс арай уужирсан байх. Юу болов гэдгийг зарим нь ойлгоод, зарим нь шокийн байдлаас гарч чадаагүй байсан тийм нөхцөлд би ажилаа өгөөд явсан.  Ер нь бол эцсийн эцэст юунаас болчихсон бэ гээд эргэж бодох юм бол тэр хүмүүс 15 хүнийхээ амь насыг нэхэхээр л байгаа байх гэж бодож байна. Ямар ч гэсэн амыг нь таглаж амжсан учраас болж байгаа юм байлгүй гэж бодож байна. Намайг байх үед заримд нь байр өгөөгүй,  мөнгийг нь өгнө өгөхгүй гээд янз бүрийн л юм болоод байсан. Намайг явснаас хойш юу болсон юм бүү мэд шүү дээ. Дурсгалд нь зориулж хөшөө босгосон байна лээ. Их л харамсалтай юм болсон доо.

- Онцгой байдлын алба хаагчид аюул ослын өөдөөс гар нүцгэн явдаг нь тэр ослын үеэр л илчлэгдсэн гэдэг шүү дээ? - Би Иргэний хамгаалалт, Галын газар, Нөөцийн газар гэсэн гурван байгууллагыг нэгтгэж цоо шинэ агентлаг байгуулсан хүн.  Тэгэхэд ямар ч чадавхи байхгүй. Хэдэн гар хоосон хүн л байсан. 2004 оны нэгдүгээр сарын 4-нд төсөв  хэдийнэ батлагдчихсан байхад тэр байгууллага байгуулагдсан юм. Хуучин байгууллагад нь хуваарилагдан батлагдсан төсвөөс нь хамж шимж байгаад 2005 оны төсвийг бүрдүүлж байсан.  Тэгээд  тооцоо хийгээд үзсэн чинь, ийм маягаар явах юм бол 113 жилийн дараа л манай Онцгой байдлын байгууллагын чадавхи нь өөр болж, байгууллагын дайнд хүрэх  юм байна  гэсэн тооцоо гарсан. Тэр бүх тооцоогоо үндэслээд төсөв хөрөнгөө нэмүүлсэн. Манай агентлаг байгуулагдаж байх үед Ерөнхий сайд Н.Энхбаяр байсан. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. Дараа нь У.Хүрэлсүх зөвхөн манайхыг хариуцсан сайд болсон. Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар сайд  байх үед манайх дөнгөж байгуулагдаж  байсан бөгөөд төсөв хөрөнгөө нэмэх асуудлыг яриад, гайгүй төсөв авдаг болсон. Тэгж байж хүмүүсээ ослын хувцастай болгосон. Бүрэн хэмжээний биш юм гэхэд шаардлагатай багаж хэрэгслүүдийн төлөөлөл болгож цөөн, цөөн ч гэсэн багажнуудыг авч байлаа. Нисдэг тэргэнд дарагдсан хүмүүсээ тэр багажаар л салгаж авсан шүү дээ. Ямар ч багаж байгаагүй гэж болмооргүй юм.  С.Отгонбаяр нь багаж аваад ирсэний хүчинд гаргачихлаа л гээд байсан. Онцгой байдлын байгууллага чинь тухайн үед багаж хэрэгсэлтэй болоод, тодорхой хэмжээнд нөхцөл байдал өөр болчихсон байсан юм.  Ташаа буруу мэдээлэл гараад байдаг учраас би үүнийг ярьж байгаа юм.

Тэрнээс хамгийн хэцүү юм бол  тэр 15 хүний амь шүү дээ. Өмнө нь намайг авч хаях гээд янз бүрээр шуугиж,  их л юм хийгдэж байх үед С.Отгонбаяр сайдын өгсөн ярилцлагыг харж байлаа. Түүнээс “танай даргыг  өмч хөрөнгө идсэн уусан гээд байх юм. Тийм юм юу байна”  гэж асуухад “Тийм юм бол байхгүй л юм байна лээ ш дээ” гэж өөрөө хэлж байсан. Харин нисдэг тэрэг унасны дараа өөрөө 13 зүйлийн гүтгэлэгтэй өргөдөл бичиж өгсөн л байдаг. Тэр үед нөхцөл байдал хүнд байсан л даа. Зөвхөн С.Отгонбаяр байтугай дөрвөн ч сайдтай хариуцлага тооцох юм болоод, засаг төр ч юу болох нь вэ гэмээр нөхцөл байдал үүссэн байсан.  Би  төр засгийн түшээдийн хажууд юу ч биш л дээ. Ард түмэнд болохоор “Энэ бол төр засгийн их том хүн. Болдоггүй нөхөр байна” гэж л ойлгуулахаар юм хийгдсэн. Тэгж байж хариуцлага яригдах ёстой нөхдүүд чинь  надтай ижил зиндааны харагдах гээд байна шүү дээ. Тэгж л би  их том хүн болсон доо. Энэ бол манай улстөр төлөвшөөгүйн шинж байх.  Мөн  хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж байдаг ардчиллын баталгаа болсон шүүх эрх мэдлийн байгууллагуудын төлөвшилтэй шууд холбоотой.

- Салбарын сайд, газрын дарга хоёрын харилцаа эхнээсээ л эвгүй байжээ дээ?  - Би төрийн албанд насаараа ажиллачихсан хүн. Төрийн албанд албан хаагчаа яаж авдаг, яаж халдаг вэ гэдгийг хуулийн дагуу хийж  мэдэх хүн. Гэтэл хувийн компанийн захирал хүрч ирээд дургүй нь хүрэхээрээ тэрийг хал гээд,  нэг хүн дагуулж ирээд энийг ав гээд  юу ч мэдэхгүй хүмүүс  томилоод,  хуулиа зөрчөөд, нөгөө талд хүмүүсийн амьдралыг хохироогоод байж болохгүй биз дээ. Тиймээс зөрөлдөөн гарна. Би энэ асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандаж байсан. Үндсэн Хуулийн Цэцээс “Үндсэн хууль зөрчсөн байх үндэслэлтэй байна. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд шийдэж болно” гэж дүгнэлт гаргасан. Улмаар Засгийн газарт үүрэг өгөөд шийдүүлэх гэж байтал С.Отгонбаяр сайд огцроод алга болсон. Уг нь Үндсэн Хуулийн Цэц, Төрийн албаны зөвлөл  дүгнэлтээ гаргачихсан асуудлууд.  Ер нь төрийн албанд хувийн компани шиг хандаж  болохгүй. Тиймээс би төрийн албыг алба шиг байлгах гэж явсан. Эцэст нь миний хохь болж тусч байна. Гэхдээ би үүнд харамсахгүй байгаа. Эцсийн эцэст үнэн зөв тодорхой болно. Цаашдаа нийгэм, төр төлөвшихөд их нэмэр болно гэж бодож байгаа.

- Ингэхэд танд хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө хэр вэ. Таныг алтны компанитай, хэдэн давхар ч билээ хаустай гээд байдаг? - Надад ямар юм байхав дээ. Би 100 айлд л амьдарч байна.  Намайг Толгойтын зүүн салаанд гэлүү, баруун салаанд бил үү 2 давхар хаустай л гэсэн байсан. Тэгэхээр нь би  тэр хавьд миний харьяаны байшин барилга байдаг юм болов уу гээд явж үзлээ. Тэгсэн юм байхгүй байна. Сонин дээр гарч байгаагаар бол тэнд байгаад байдаг юм. Гэтэл яг надад бол юу ч байхгүй. Би чинь  цэрэг ногооноос өөр өмсөх хувцасгүй байсан хүн. Харин  энгийн ажил хийгээд өмсөх хэдэн хувцастай болчихоод байгаа юм.

- Тэгвэл та машинтай биз дээ? - Ямар юм байхав. Машин барьж чадах ч үгүй. 1975 онд жолооны үнэмлэхтэй болж байсан. Тэр үеийн цэргийн сургуульд тэгж сургаж авдаг байсан. Тэрнээс жолооны ард сууж, машин барьж үзээгүй. Машин авъя ч гэсэн цалингаар авдаг машин гэж байдаггүй байлаа.

- Одоо тэгээд ямар унаагаар зорчиж байна даа? - Автобус, такси, танил тал гээд зөөгдөх ямар л боломж байна, түүгээр зөөгдөөд л явж байна.

- Таныг их эд хөрөнгөтэй хүн л гэсэн ойлголт газар авсан болохоор ингэж ярихаар содон байна л даа. АТГ-аас таны эд хөрөнгийг бүртгэсэн байх. Тэр бүртгэл дээр яг юу юу бичээстэй байдаг вэ? - АТГ-т бүртгэл байгаа шүү дээ. Байгаа юмыг нь  тоолоод арай л лацдаж ломбодоогүй. Захиран зарцуулах эрхгүй ч гэлүү. Тийм юм бичээд хавтаст хэрэгт байх л юм билээ. Намайг хаана, яаж амьдарч байгааг,  ямар хэмжээний хөрөнгө мөнгөтэй хүн бэ гэдгийг судлаад үзвэл эндүү ташаа ойлголтууд үгүй болох л байх.

Манай гэр бүлийн хөрөнгө гэвэл 0.07 га хүрэхгүй хэмжээтэй жаахан газар байгаа.  5-6 ам бүлийн нэр дээр ганц тийм газар бий. 100 айлын байр хүүхдийн нэр дээр байдаг. Хэрэв би жаахан юмтай бол, ийм тийм юмтай гээд ярих юмтай байхсан. Юу, юу ч үгүй хүнд чинь хэлэх юм олдож өгөхгүй хэцүү юм. Ядаж таван ямаатай бол, унах унаатай бол тэрийгээ хэлээд байж байна. Гэтэл надад унах унаа нь алга. Тарагны таван ямаа нь алга. Хүүхдийн нэр дээрх байр, түрүүн хэлсэн жаахан газрыг тойруулаад хашаа хатгаснаас өөр юм байхгүй. Намайг гүтгээд дөрвөн жил гаруй болоход хэрэв энд тэндээс хөрөнгө мөнгө гарч ирсэн бол, нуучихсан байж гээд сүйд болно биз дээ.

- Хадгаламжинд тодорхой хэмжээний хэдэн төгрөг байхгүй юу?  - Ямар юм байх вэ дээ.

- Хэдэн хүүхэдтэй билээ. Хүүхдүүд нь бүгдээрээ насанд хүрцгээсэн биз? - Хүүхдүүд томоо том. Би дөрвөн хүүхэдтэй.

- Яадаг ч байсан дөрвөн жил хууль шүүхийн  асуудалд орооцолдоно гэдэг амаргүй асуудал. Гэр бүлийнхэнд нь хэцүү л байсан байх? - Яаж амар байх вэ дээ. Гэр бүл,  үр хүүхдүүд хүртэл хамт шийтгэгддэг юм байна. Тэр ч байтугай танил тал хүмүүст ч хүнд тусдаг бололтой. Уржигдар би гудамжинд явж байтал нэг хүн намайг дуудаж байна. Тэгсэн надтай хамт л цэрэгт ажиллаж байсан нөхөр гэнэ. Би ерөнхийдөө мэдээд байгаа хэрнээ нэрийг нь санадаггүй. Тэр хүн надад “өөрийг чинь өршөөлд хамрагдлаа гэсэн мэдээг дуулаад хүмүүс надад хүртэл  баяр хүргээд” гэж ярьж байсан. Өршөөлд хамрагдлаа гэхээр  жигтэйхэн сайхан хамаг юмаа шийдүүлчихлээ, чөлөөлөгдчихлөө л гэж хүмүүс бодсон шиг байгаа юм. Намайг таньж мэддэг  хүмүүс хүртэл дарамтанд явдаг юм байна гэж би бодсон. Хэрэв улайм цайм  хэрэг хийчихсэн бол хүмүүс энэ яагаад тэгчихэв л гэнэ биз дээ. Гэтэл ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Гүтгэгдээд явж байнаа гэдгийг мэдэхээрээ хүмүүс чинь “энэ нийгэм ямар болчихсон юм бэ. Яахаараа ингэж байдаг юм” гэж бодоцгооно.  Тэгээд энэ асуудал шийдэгдлээ гэхээр баярлаж байгаа юм байна л даа. Зөвхөн гэр бүл үр хүүхдэд биш, найз нөхөд хамтарч ажилладаг эргэн тойрны хүмүүст ч тиймэрхүү байдлаар нөлөөлдөг юм байна.

Би дэлхийн 160 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн гишүүн. Салбарыг нь Монголдоо байгуулсан хүн. Миний нэр ус тэр хэмжээгээр гадаадад танигдсан. Гэтэл би энд хэл аманд орооцолдоод яваад байхаар гайхна биз дээ. Салбар академийг нь байгуулсан хүн ийм байдалтай байгаа нь тус академийн нэр хүндэд ямар байх вэ. Ингээд аваад үзэхээр ганц миний асуудал биш. Өдий төдий хүний асуудал байдаг юм байна. Би үнэхээр хэрэг хийчихсэн бол ялаа бушуухан эдэлчихээд хүрээд ирнэ биз дээ. Гэтэл үнэхээр хийгээгүй, хэлмэгдүүлэлт гэдгийг баттай ойлгож байгаа учраас үүний ард гарна гэдэг баттай итгэлээр л ингээд явж байна. Тэрнээс биш ингэж олон жил хэлмэгдэж дарлагдаж яваа хүн  яаж олигтой байх вэ дээ. Зарим хүмүүс  “чи яс сайтай юм. Амьд яваа нь их юм” гэх шахуу юм ярих л юм. Би үнэн мөнийг заавал тогтоолгоно. Ард нь гарна гэсэн итгэлтэй байгаа учраас л ингэж яваа.

- Ерөнхий Прокурорт илгээсэн өргөдөлтэй тань холбогдуулж асуухад Ч.Сангарагчаа даргыг та өөрийг тань хэлмэгдүүлэх ажилд ихээхэн хүчин зүтгэсэн гэж үзээд байна уу? - Аливаа асуудал зүгээр байж байгаад гэнэтхэн гарч ирээд, хэрэг үүсчихдэггүй. Захиалгатай, захиалагчтай, гүйцэтгэдэг гүйцэтгэгчтэй байж л явж байна.  Ерөөсөө энэ захиалдаг,  хэлмэгдүүлдэг, худалдаж авдаг, худалдагддаг асуудал хаана, хэндээ байгаа юм бэ.  Эзнийг нь олоод өгөөч ээ гэсэн үүднээс өргөдөл гаргасан. Тэгж байж л энэ асуудал цэгцэрнэ байх. “Энэ хүнийг нэлээн тамлалаа. Одоо цагаатгачихъя” гээд  өнгөрөх бол эцсийн үр дүн биш. Хэн захиалаад, яаж хэлмэгдүүлээд байгаа юм гэдгийг илчлэх нь чухал. АТГ-ын мөрдөн байцаагчид  шинжээч томилоод, дараа нь хэрхэн дарамталдаг тухай өргөдөлдөө бичсэн. Шүүх хурал дээр Наранцэцэг гээд шинжээч хэлж байсан юм. Шүүгч түүнээс “зөрүү гээд байх юм, тэр чинь  зөрүү юм уу, хохирол юм уу”  гэхэд “Наадах чинь зөрүү. Хохирол бишээ” гэж байсан. Тэгэхэд нь шүүгч “хохирол биш тэгээд зөрүү гэж юу яриад байгаа юм” гэсэн чинь  “үүнтэй харьцуулж зөрүү гарга гэхээр нь л  гаргасан шүү дээ. Нэрийг нь хэлүүлэх гээд байгаа бол хэлээд өгье л дөө. Тэр Сүх-Очир гэдэг мөрдөн байцаагч тэгсэн шүү дээ” гэж шүүх хурал дээр мэдүүлэг өгч байсан.  Үүнээс өөр баримт хаана байхав дээ. Мөн шинжээч Энхцолмон  “энд тоо тавьж өг гэсэн. Тэгээд л тоо тавьж өгсөн.  Надад цаг байгаагүй. Тиймээс энэ хүний гаргасан арифметик алдааг нь зассан. Мөрдөн байцаагч  заавал тоо тавьж өг гэхээр нь арифметик алдааг нь засаад үлдсэн тоог нь тавиад явуулсан. Тэр барилгад тэдий хэмжээний юм орж уу, үгүй юу гэдгийг би  тогтоогоогүй. Хэрэв энэ тоогоор хүнийг яллавал ёстой хэлмэгдүүлэлт болно шүү” гэж шүүх хуралд мэдүүлж байсан.

АТГ-ын мөрдөн байцаагчдыг “та нар харьцуулж болохгүй тоотой харьцуулаад зөрүү гаргаад яллаж байна шүү дээ” гэхээр бид гаргасан дүгнэлтээ хамгаална гэдэг. Шалгаж үзээгүй байж юуг нь хамгаалах гээд байгаа юм. Шинжээч дүгнэлт гаргахаар  үзүүлдэггүй. Өөрт нь танилцуулна гээд хуульд заачихсан  байхад даргаас асуугаадахъя гэнэ. Тэгээд дарга битгий танилцуул гэж байна гэнэ. Тэгэхээр юу гэж ойлгох вэ. АТГ-ын дарга л үүнийг битгий танилцуул гээд байгаа юм байна. Ямар нэг зөрүү гаргаж ялла гээд байгаа юм байна л гэж ойлгоно шүү дээ. Тиймээс асуудал Сүх-Очиртоо байгаа юмуу, Сангарагчаадаа байгаа юмуу гэдгийг шалгаж өгөөч ээ. Хэн захиалаад, ингэж хэлмэгдүүлээд байгаа юм гэдгийг шалгаж өгөөч гэж хүсч байна. Намайг байгууллага хохироосон гэж гүтгэж,  яллаад байгаагийн учир юундаа байгаа юм бэ. Захиалгаар л намайг ялтан болгох гээд байгаа болохоос, тэр хохирол учирсан гээд байгаа нь яг юу билээ.

Ч.Сангарагчаа даргын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай хэлэлцэж байхад тэр  УИХ-аас 20-н хэдэн хүний нэр Авлигатай тэмцэх газарт байгаа шүү гэж тэднийг шантаажилж байсан нь хэвлэл мэдээллээр гараа биз дээ. Тэгвэл тэр нь одоо юу болж байна.Тэрийг нь шалгаж өг гэсэн юм.

- Ч.Сангарагчаа дарга ч бас хэрэгт орооцолдож тэнсэн харгалзах ял сонссон. Эргээд АТГ-ыг удирдаж дийлэхгүй хэмжээнд байна. - Хэрэг хуучрахгүй. Хэн захиалж хэн хийсэн юм бэ. Ч.Сангарагчаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай тов тодорхой баримтыг  Л.Гүндалай гишүүн телевизээр гаргаж харуулсан шүү дээ. Гүйцэтгэх ажилтай улсуудад Орон сууцны барилга барихтай холбоотой төсөв байтал, орон сууцны дэмжлэг гээд хүмүүст тараагаад өгчихсөн. П.Дашийн хэргийг сайн илрүүлсэн учраас шагнаж байнаа гээд өгсөн гэдэг. Энэ чинь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахын дээд зэргийн жишээ мөн. Зөвхөн үүний төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Гэтэл үүний төлөө хариуцлага хүлээлгээгүй. Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгасан гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр гардаг юм байна лээ. Тэгэхээр тэр хүн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж болдог. Намайг зохих журмынх нь дагуу зарцуулахаар хууль бусаар зарцуулсан байна гэж яллаад байдаг нь ямар учиртай юм бэ.

- Та хоёр бие биенээ хэр сайн мэдэх вэ. Харилцаа ер нь хэр вэ? - Бид малын хулгайтай тэмцэнэ гээд, нэг үед хамтраад ажиллаж л байсан. Бидний хооронд муудсан барьсан юм байхгүй. Дарга болсоноос нь хойш уулзаа ч үгүй. Уулзая гэхэд намайг хүлээж аваа ч үгүй. Танай хүмүүс  намайг хэлмэгдүүлээд байна. Ингэж болдог юм уу гэсэн асуудал тавих санаатай л уулзах гэтэл намайг хүлээж аваагүй л дээ. Ч.Сангарагчаа надад ямар нэг өс хонзон байхгүй. Учир нь бид хамтарч ажиллаж байсан ч, танихаас цаашгүй. Тэгсэн мөртлөө ийм юм хийгээд байна гэдэг чинь цаана нь захиалга  юм уу. Ямар нэг бодлого байна гэсэн үг биз дээ. Сэжүүрээс нь бариад авсан байхад цаад үзүүрт нь хүрэх байлгүй дээ.

- Цаад үзүүрийг нь хаа хүрэх бол гэж харж байна? - Яг тэр гэж би хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн энэ бол баталгаатай захиалга гэдэг нь ойлгомжтой.

- Ингэхэд та хуучин МАХН-ынх гэж их цоллогддог?  - Ерэн онд намаасаа түдгэлзсэн. Би төрийн тусгай албаны албан хаагч учраас нам байхгүй. Би одоо ямар ч намд элссэн болно. Гэхдээ одоо юун тэр намтай манатай. Энэ асуудлынхаа  ард гарах шаардлагатай.

Ер нь бол  “Энэ нөхөр МАХН-ынх. Тэндээс хамгаалалттай” гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэх гэдэг юм уу.  Нөгөө нам нь энэ манай намын гишүүн биш юм чинь гэдэг ч юм уу. Тэд нарт ч хамаатай юм биш дээ. Гол нь хүмүүс энэ хүн  МАХН-ын гишүүн байсан байна. Тэгээд ийм юм хийчихээр нам нь дуугарч чадахгүй байгаа юм байна гэсэн байдлаар ойлгодог байж магадгүй.

Миний алба хашиж байх үед бүгд МАХН-ын гишүүн байсан шүү дээ. Нам байж л алба хашихгүй бол өөр боломж байхгүй. Харин төрийн тусгай албан хаагчдыг автоматаар намаас түдгэлзүүлэхэд түдгэлзсэн. Би  МАХН –ын гишүүн байх үед намын 18 дугаар их хурлын,  Онц их хурлын төлөөлөгч нь болж явлаа. Хурлын төлөөлөгч гэдэг чинь тухайн үед ажил сайн хийж байсан хүний шагнал байсан юм.  Нэг ёсондоо хурлаар шагнуулж явсан хүн. Түүнээс хойш  надад нам руу гүйгээд байх шаардлага байхгүй. Төрийн тусгай албан хаагч аль ч намын харьяат бус. Намайг Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед томилогдсон болохоор Хувьсгалт нам гэж үздэг юм уу. Дээр үед гишүүн нь  байсан болохоор тэгдэг юм уу. Ер нь хэн нэгэн хүнийг нам руу чихээд хэлмэгдүүлж явах арга чарга байдаг юм уу бүү мэд. Ямар ч гэсэн хэлмэгдүүлэхэд ямар нэг намын нэр зүүх хэрэгтэй байдаг бололтой.

- Ер нь Н.Энхбаяр эрхэмтэй хэр ойр вэ? - Гамшигаас хамгаалах ерөнхий газар гэж байгуулагдаж, намайг томилогдож байх үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Тэгээд хэдэн сарын дараа сонгууль болоод л алга болсон. Түүнээс хойш холбогдоод байсан юм байхгүй. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдтай бол манай агентлагийг хариуцаж байх үед нь  ажил хэргээр уулздаг байсан.

Генералуудын өдрөөр ч юмуу  уулзсан, таарсан тохиолдлууд бий. Ер нь бол Үндсэн хууль батлалцаж байхаас эхлээд,  хэн хэнийгээ мэдэх болсон юм. Тэрнээс тэр хүнтэй нь илүү ойр гэх юм байдаггүй. Ялангуяа Н.Энхбаярын хүн гээд байгаа нь цаад зорилгод нь хэрэгтэй байдаг л юм болов уу гэхээс бидний хооронд ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй.

- Хэцүү нэртэй газар суугаад гарахад таны насны хүнд бас л амаргүй байсан байх? - Би зургаан сар гаруй суусан. Тэнд чийгтэй хүйтэн байшинд л гарч ирэхгүй сууцгаах юм. Би харьцангуй эрүүл хүн. Ширхэг ч шүд цоороогүй тийшээ орсон. Харин тэнд зургаан сар суухад нэг шүд маань цоорсон. Тэгэхээр тэр газар ямар вэ гэдгийг  илтгэж байгаа нь тэр байх. Хэрэв бие муутай, хууч өвчтэй хүн байсан бол хэцүү л байх байсан биз. Тэгсэн бол зарим хүмүүс баярлаад алга ташаад өнгөрөх байсан ч юм уу. Ямар ч гэсэн тэнд  шүдээ цоолж авсанаас бусдаар бол гайгүй ээ.  Хүн  ер нь өөрийгөө эрүүл байлгахын тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авна шүү дээ.

- Ингэхэд таны аав, ээж аль нутаг усны хүмүүс вэ? - Миний аав ээж Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүмүүс. Миний эмээ ээж Дорноговь аймгийн Алтанширээ сумаас гаралтай. Би өөрөө Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрж өссөн. Хэл амны бай болоод байгаа Оюу толгой нутгийн хүн шүү дээ.

Миний ээж намайг 3 настай байхад өөд болсон юм гэнэ лээ. Би ээж гэдэг хүний барааг хараагүй. Зургийг нь олж үзээгүй өдийг хүрсэн хүн.  Манай аав 20-иод жилийн өмнө өөд болсон. Би эхээс есүүлээ. Айлын долоо дахь хүүхэд. Хар бор амьдралд өссөн. Барагтай юманд гуниад гутраад байхааргүй хатуу ширүүн юм үзсэн дээ. Анх сургуульд суугаад л дотуур байр, цэргийн байр гээд 17 жил казармаар явсан хүн.  Тэр болгон намайг хатуужуулж, хүмүүжүүлсэн.

Би өөрт ноогдсон ажлаа л сайн хийгээд явж чадах юм бол энэ ертөнц намайг даагаад аваад явнаа гэсэн итгэлтэй л явдаг хүн байлаа. Ажлаа хийгээд, амжилтанд хүрээд, төр засгийн өмнө, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд ирсэн юм.

Гэвч сүүлийн үед манай нийгэмд үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн хүний эсрэг маш өргөн фронтоор бүр 20-30-аараа нийлж байгаад дайрдаг юм байна гэдгийг ойлголоо. Би өөрийнхөө биеэр мэдэрсэн учраас хэлж байна.

Хамгийн гол нь би зөвхөн өөрийгөө бодоод яваад байгаа юм биш.  Шүүх эрх мэдлийн байгууллагыг шинэтгэхэд би иргэн хүний хувьд, Үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд хувь нэмрээ оруулах ёстой гэж бодож байна. Энэ дотор ийм бузар булхай юм байдаг юм байна шүү гэдгийг мэдсэн хүний хувьд иргэнийхээ  үүргийг биелүүлэхийн тулд үүний эсрэг тэмцэж яваа. Ямар ч гэсэн шүүхийн шинэтгэлд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаа.

- Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.

Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ