-ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ЦУС АЛДАЖ НАС БАРСАН ХҮҮГИЙНХ НЬ ТАЛААР ЭЭЖ, ААВД НЬ ХЭЛЭЭГҮЙ НУУСАН БАЙВ-
Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд Төмөрчөдөрийн Доржбаатар хэмээх 35 настай залуу нас барсан хэрэг энэ сарын 6-7-нд шилжих шөнө гарсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Т.Доржбаатар зүүн мөрөндөө хутгалуулсан байдалтай шөнийн 00.00 цагт Цэргийн госпитальд хүргэгдэн ирсэн байна. Эмч нар түүнд үзлэг хийж, шархыг нь оёод эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн учраас цагдаад дуудлага өгч "Хутгалуулсан согтуу хүн байна. Ирж шалгаж өгөөч" гэжээ. Цагдаа нар ч ирж түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүлжүүлэх байр руу гавлан авч явсан байгаа юм. Талийгаач эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирээд хоёр цагийн дараа нас баржээ. Шархадсан залууг цагдаагийн газар, эмнэлэг хоёрын хооронд нааш цааш зөөж, улмаар эрүүлжүүлэхийн камерт оруулснаас болж амиа алдсан уу гэдэг асуулт гарч байна. Мөн эрүүлжүүлэх байранд байхдаа талийгаач зодуулсан уу, түүнийг үхэлд хүргэхэд юу нөлөөлөв гээд олон асуулт хөвөрнө. Цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байсан учраас уржигдар манай сурвалжлах хэсэг түүний ар гэрийнхэнтэй холбоо барихаар сураглалаа. Талийгаачийн овог нэр, гэрийн хаягаар нь хайхад тэрбээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул иргэн аж. Ингээд эрэн сурвалжилсны эцэст төрсөн эгчийнх нь утасны дугаарыг олж авлаа. Төв аймгийн төв дээр талийгаачийн төрсөн эгч Т.Майцэцэг ажиллаж, амьдардаг. Түүнд болон гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, болсон хэргийн талаар асуухаар утас руу нь залгалаа. Ийм хэрэг гарсан үед ар гэрийнхнээс нь талийгаачийн талаар асууж, мэдээлэл авна гэдэг хүндхэн байсныг нуух юун. Гэтэл талийгаачийн эгч Т.Майцэцэг өөдөөс " Ямар эмгэнэл вэ. Юу болсон юм бол. Би юу ч сонсоогүй" хэмээн сандрангуй асууж хоолой нь зангирав. "Таны төрсөн дүүг Төмөрчөдөрийн Доржбаатар гэдэг үү" гэхэд "Тийм ээ. Миний дүү мөн. Юу болсон бэ" гэж лавшруулав. Ийм олон хоног болж байхад ар гэрийхэнд нь мэдэгдээгүй байгааг сонсоод гайхаж, түүнд өөрт байгаа мэдээллээ хэлэхэд "Би юу ч сонсоогүй. Манай гэрийнхэн ч мэдээгүй шүү дээ. Мартын наймны баярын өмнөх өдөр дүү маань өөд болчихсон гэсэн үг үү. Бүхэл бүтэн таван өдөр өнгөрсөн байна шүү дээ. Монгол хүн шүү дээ, ядаж зулай дээр нь хадаг тавимаар байна. Тэр хүүхдийн ээж, аав нь амьд сэрүүн, зулай дэрлэж өссөн зургаан ах, дүү нар нь байна шүү дээ. Яагаад хэлээгүй юм бэ" гэлээ. Дүүг нь нас барсан тухай мэдээллийг цагдаагийнхнаас түрүүлж анх мэдээлсэн сэтгүүлч надаас тэрбээр цааш нь "Дүүгээ мөн эсэхийг яаж таних вэ. Хаана хандах ёстой юм бол. Манай ээж хорт хавдраар өвдөөд саяхан хүнд хагалгаанд орсон. Одоо яаж энэ тухай хэлэх вэ. Хөдөөний хүмүүс бид хаана ч хандахаа мэдэхгүй байна. Өглөө эрт хот оръё. Миний охин тус болж одоо яах ёстойг маань зааж өгөөч" хэмээн учраа олохгүй тусламж хүслээ. Тиймээс талийгаачийн гэр бүлийнхэнд туслахаар шийдэж хотод байдаг эгч Т.Байгальмаагийн гэрийн гадаа очив. Тэрбээр гэрээсээ гарч ирээд намайг харангуутаа л уйлж, "Даанч яав даа. Чи манайхан руу утасдаж дүүг маань өөд болсон талаар дуулгаагүй бол бид юу ч мэдэхгүй байх байлаа. Үхсэн амьдыг нь мэдэхгүй хэр удаан явах байснаа ч мэдэхгүй байна" гэж хоолой нь чичирч байв. Ийнхүү бид Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу хөдөллөө. Явах замдаа талийгаачийн эгч Т.Байгалмаа ийн ярьсан юм. Талийгаач Т.Доржбаатар ажил хийхээр Төв аймгаас хотод орж ирээд удаагүй байж. Өвөрхангай аймгаас ирсэн танилтайгаа нийлж цуг ажил хийнэ гэж байсан гэнэ. Тэрбээр эгч рүүгээ утсаар залгаад "Цэргийн Госпиталь гэдэг эмнэлэг шинэ барилга бариулах гэж байгаа. Тэндхийн барилгын ажлыг хийнэ. Хэрвээ эмнэлэг дээр ажиллахгүй бол хөдөө зам тавих ажилд явдаг юм бил үү" хэмээн ярьж байсан гэнэ. Талийгаач шүлэг бичдэг. Бичсэн шүлгээр нь гэрийнхэн нь ном гаргах гэж байсан аж. Баяр болгоноор ээж, эгч нартаа зориулж шүлэг бичиж, уншиж өгдөг байж. Гэтэл "Мартын-8"-нд баярын мэнд хүргэж гэрийнхнийхээ хэн рүү нь ч ярьсангүй. Ээж, эгч нар нь дүүгийн маань утас холбогдохгүй байна, утсаа хаясан юм байх даа. Тэгсэн ч хүний утаснаас ч гэсэн яриад мэндчилгээ дэвшүүлмээр юм даа. Баяр болгоныг алгасахгүй шинэ шүлэг бичээд явуулдаг юмсан гэж хоорондоо яриад хүлээж байж. Гэвч хүүгээс нь ямар нэг сураг гараагүй гэнэ. Гэхдээ гэрийнхэн нь ажил нь бүтэмжтэй яваа байлгүй дээ гэж бодоод муу юм тохиолдсон гэж санаагүй аж. Ийнхүү бид ярьсаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газар ирлээ. Жижүүрийн мэдээлснээр энэ хэргийг ахлах мөрдөн байцаагч Г.Ганхүү шалгаж байгаа гэнэ. Г.Ганхүү байцаагчтай утсаар холбогдоход "Ажлын цаг тарсан байна. Маргааш ирэх үү" гээд утас нь тасарч, холбогдохоо байв. Т.Байгалмаа жижүүрийн цагдаа эмэгтэйд хандан "Г.Ганхүү байцаагчийн утас нь холбогдохгүй байна. Хоног хугацаа алдмааргүй байна. Ядаж дүүгээ мөн эсэхийг хараад явъя" гэж гуйхад "Хоёр давхарт гараад онгорхой цагаан хаалга руу ороод уулзаад үз" гэлээ. Тэр өрөөнд компьютерийн ард залуухан мөрдөн байцаагч сууж байв. Тэрбээр "Би хэргийг гардаж шалгаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөөгүй шалтгааныг мэдэхгүй байна хэмээн хэлээд, юу болсон талаар цухас тайлбарлав. "Талийгаач архидан согтуурч цуг архи уусан хүндээ хутгалуулсан. Эмнэлэг дээр очиж оёо тавиулаад манай дүүргийн эрүүлжүүлэх байранд ирээд тэр оройдоо нас барсан. Ийм л юм болсон. Маргааш ирээд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай нь уулз" хэмээн өөр тайлбар өгөхөөс татгалзан, биднийг илт төвөгшөөлөө. Нас барсан дүүгийнхээ талаар шинэ мэдээлэл авч чадаагүй Т.Байгалмаа тэр цагдааг царайчилж, цагдаагийн байгууллагад үнэхээр гомдолтой байгаагаа хэлж нулимс унагасан ч тусыг эс олов. Аргаа барсан Т.Байгалмаа цагдаагийн газраас гарч явахдаа "Уг нь эрүүлжүүлэх газар чинь архи уусан хүний амь насыг хамгаалах үүрэгтэй газар гэж би ойлгодог. Согтуу явж байгаад ямар нэг зүйлд өртөх вий гэсэндээ иргэнээ хамгаалдаг байр биз дээ. Тиймээс ч дотроо эмчтэй байдаг байх гэж бодсон. Дүү маань яаж зовж үхсэн бол гэж бодохоос ч айж байна. Амь нь тэмцээд орилоход нь зодсон байж ч мэднэ. Яагаад эрүүлжүүлэхийн эмч дүүг маань үхэж байхад түргэн дуудаад эмнэлэгт үзүүлэхгүй, хорьсоор байгаад алчихав. Шархтай хүнийг яахаараа эрүүлжүүлэхэд байлгадаг юм бэ. Эмнэлэгт байх ёстой биз дээ" уйлсаар гэр рүүгээ буцлаа. Харих замдаа тэрбээр "Ээж маань дүүгийнхээ зулай дээр хадаг тавиарай гэхээр би нэг хадаг цүнхлээд гарсан юм. Бие нь муу байгаа хөөрхий. Нойргүй л хонох байх. Манайхан маргааш өглөө Төв аймгаас наашаа гарна гэж байна. Өглөө болохыг хүлээхээс дээ. Дүү маань том биетэй сайхан залуу байсан. 180 см өндөр. Бөх барилддаг. Сумын заан цолтой байсан. Сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн байсан. Одоо цагт хуулийн байгууллага хүнийхээ төлөө ажиллахаа больж дээ. Өмнөговь аймагт манай сайн найзыг гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байж байхад нь нэг хүн машинаараа дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Ийм аймаар хэрэг байдаг юм уу гэж бодож байтал дүүг маань алчихаад нуучихсан байна ш дээ. Монгол Улсад амьд явах баталгаа алга байна" хэмээн харамсаж мэгшиж байв. Талийгаачийн аав, ээж маргааш өглөө нь буюу өчигдөр 08.00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын гадаа ирчихсэн байв. Аав, ээж нь 80 гарсан хөгшүүл байлаа. Бас ах, эгч, дүү нар нь иржээ. Тэд цагдаагийн газрын гадаа охин Т.Байгалмаагаа хүлээгээд зогсож байв. Охиноо ирж байгааг хараад юу ч дуугарахгүй тэврэлдэн чимээгүй уйллаа. Тэгээд цагдаагийн газар руу ороход жижүүр нь манай цагдаа нар бүгд хуралд орсон учраас гадаа хүлээж бай хэмээн чанга дуугаар зандрангуй хэлэв. Харин талийгаачийн ар гэрийнхэн бүгдээрээ дуу дуугаа авалцан "Хурал дээр чинь орж хэлье. Яагаад дүүг маань үхсэн байхад хэлээгүй нуучихсан юм. Монгол хүн чинь айлын мал үхсэн байсан ч танай эргүү тугал тэнд үхсэн байсан шүү гэж хэл дуулгадаг даа. Тэгэхэд хүн нас барчихаад байхад дуулгадаггүй яасан хоосон сэтгэлтэй хүмүүс вэ" гэж бухимдацгаав. Тэгэхэд үүдэнд зогсож байсан хоёр ч цагдаа "Дуугаа намсга. Бүгдээрээ битгий зэрэг орилоод бай" хэмээн үл тоосон шинжтэй зандарч байлаа. Монголд цагдаа нар хүнээ алдчихаад энэлэн шаналж байгаа хүмүүст ингэж л ханддаг ажээ.Үргэлжлэл бий Х.ЦЭНД-АЮУШ
Эх сурвалж: http://www.dnn.mn/