“Төрийн мэдээлэл” гарав
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн өнөөдрийн дугаарт Компанийн тухай хуулийг нийтэллээ. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, үүрэг ролийг нэмэгдүүлэх зорилгоор хараат бус гишүүн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг шинэ ойлголт, зохицуулалтыг уг хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байна. Түүнчлэн төрийн өмчийн компанийн удирдлагатай холбоотой асуудлыг нэмж оруулсан бөгөөд компанийн төрөл, хэлбэрт өөрчлөлт оруулах, компанийг байгуулах, бүртгүүлэх ажиллагааг хялбар болгох, компанийн өөрийн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаатай холбоотой асуудлыг тусгажээ. Ногдол ашиг хуваарилах, Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнийг хуралдуулахтай холбогдсон асуудал, Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн эрх бүхий албан тушаалтан, нэгдмэл сонирхолтой этгээд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт, сонирхлын зөрчилтэй хэлцэл, тэдгээрийг хийх журам, компанийн талаар мэдээлэл авах зэрэг нарийн мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхтгэл өгөх болно. Мөн уг хуультай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсныг нийтэллээ. Компанийн тухай хуульд “хувь нийлүүлэгч” гэснийг “хувьцаа эзэмшигч” гэж өөрчилж байгаатай холбогдуулан Иргэний хууль, Хоршооны тухай хууль зэрэг 6 хуульд өөрчлөлт оруулсныг мөн нийтлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ