Б.Батболд: Он гараад зуслангийн чиглэлийн замуудад телекамер тавина
Нийслэл хотын авто замын сүлжээний гол ачааллыг үүрдэг уулзвар, замууд Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт хамаарагддаг. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, Залуучуудын гудамж, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Цагдаагийн гудамж, Ногоон нуурын гудамж, хойд зуслангийн чиглэлийн зам зэрэг. Энэ олон зам, уулзварыг хариуцан ажилладаг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболдтой ярилцлаа. - Сүхбаатар хөдөлгөөний ачаалал ихтэй дүүргүүдийн нэг. Дүүргийнхээ онцлогоос яриагаа эхлэх үү? - Улаанбаатарт өдөр 130 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн албан бус судалгаа байдаг. Үүний 80 орчим хувь нь манай дүүргээр дамжин өнгөрдөг. Өнгөрсөн онд Сүхбаатар дүүрэгт 26 мянга орчим автомашин тоологдсон. Үүнээс хөдөлгөөнд идэвхтэй оролцдог нь 19 мянга. Бусад дүүргээс дамжин өнгөрч байгаа автомашинтайгаа нийлээд манай дүүргийн нутаг дэвсгэрээр өдөрт 100-120 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог юм. Манай дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад хөдөлгөөний ачаалал нягтрал ихтэй.
Төрийн болон захиргааны голлох байгууллагууд, их дээд сургууль, үйлдвэр үйлчилгээний томоохон төвүүд олонтой. Төрийн ордон, “Улаанбаатар“ зочид буудал, Хүүхдийн урлан бүтээх төв, “Жоби“ төв, МУИС, ШУТИС, МУБИС, Герман, БНХАУ, Болгар, Чесловак, БНСУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Хотын захиргаа гээд том байгууллагуудаас гадна Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, “Аса“ цирк зэрэг соёлын байгууллага олонтой учир үүнийгээ дагаад хөдөлгөөн ихтэй.
- Томоохон үйлчилгээний газруудыг дагаад хөдөлгөөн ихтэй байдаг. Тиймээс зогсоолын асуудлыг танай дүүрэгт тулгамдсан гэж үзэж болох байх. Хэрхэн шийдвэрлэж байна? - Төвлөрсөн үйлчилгээний төв, аж ахуй нэгжээс гадна төрийн захиргааны байгууллага олон байдаг учир автомашины зогсоол их шаардлагатай. Бидний илрүүлж байгаа зөрчлийн 70-80 хувь нь зогсох зогсоолын журам зөрчсөн байдаг. Үйлчилгээний газрууд олноор баригдаж, өндөр сайхан барилгууд босч байгаа нь сайн ч зогсоол хийгддэггүй. “Шангрила“ гэхэд зөвхөн өөрийнхөө 20-30 машинд зогсох зогсоол гаргаад баруун талд нь мөн тооны машин багтах зогсоол хийсэн. Иргэд зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихдаг. Үүнээс болоод л түгжрэл үүсдэг. Манайд зогсоолын журам зөрчсөний улмаас улсын дугаараа хураалгасан жолооч нар хаана зогсох юм, зогсоол байгуулаач гэдэг. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ асуудлаар хоёр удаа сонсгол мэдээлэл оруулсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгж байгууллагуудыг зогсоолтой болгох, зогсоолтой газруудын зогсоолын ашиглалтыг сайжруулахын тулд ажилтан ажиллуулах шийдвэр гаргуулж авсан. Драмын театрын өмнө, Спортын төв ордны өмнө зэрэг гурван газарт төлбөртэй зогсоолтой боллоо. Мөн “Саруул“ төв зогсоолтой, тэмдэг тэмдэглэгээгээ хийгээд зогсоол дээрээ хүн ажиллуулдаг болсон. Барилгын материалын “Жоби“, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, “Эйр транс“ зэрэг газар зогсоолтой болсон. Мөн хүн ажиллуулж зогсоол ашиглалтын байдлаа сайжруулж байна. Түүнчлэн 12 байгууллагад энэ чиглэлээр албан мэдэгдэл өгчихсөн байгаа. Ослын тоо буурч байгаа боловч хүн гэмтсэн хэргийн тоо өссөн. Хүн нас барсан тохиолдол ч нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил есөн хүн нас барсан бол энэ жил 16 болсон.
- Машинаас гадна явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй дүүргйин хувьд тэдний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна?
- Хүүхдийн урлан бүтээх төв, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, “Сант“, “Орчлон“ зэрэг томоохон их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудтай. Үүнийгээ дагаад явган зорчигчийн хөдөлгөөн их. Явган зорчигч дүрэм зөрчиж зам тээврийн осолд өртөх нь элбэг. Энэ байдалд дүгнэлт хийгээд эхний ээлжинд “Ионсей“ эмнэлгийн ард нүхэн гарц хийлгэх саналыг нэлээд хэдэн жилийн өмнөөс тавьсан нь өнгөрсөн жил ажил хэрэг болж явган хүний гарцтай боллоо. Замын голоор тавьсан хайс нь явган зорчигч нарын замбараагүй хөдөлгөөнийг их багасгадаг. Хайс хашлага тавьсан газруудаар осол буурсан. Одоогийн байдлаар 100 айлд хайс хашлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор 100 айл орчмын худалдаа эрхлэгчдээс янз бүрийн санал ирдэг. Энэ хайснаас болж орлого буурлаа, нэг юм авахын тулд наагуур цаагуур тойрч байна гэхчилэн. Гэхдээ Цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг нь гэмт хэрэг ослын шалтгаан нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх. Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг бол юугаар ч үнэлэшгүй үнэтэй зүйл учраас тэр үүргээ биелүүлж ажиллах ёстой.
- Замын хөдөлгөөнийг хяналтын камерын тусламжтайгаар зохицуулж эхэлсэн. Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу 12 уулзвар дээр камер ажиллаж байгаа нь та бүхний ажилд хэр нөлөөлж байна? - Манай дүүргийн 12 уулзварт телекамер суурилуулсан. Энэ камеруудын тусламжтайгаар жолооч нарын гаргасан зөрчлийг илрүүлж, тодорхой хэмжээний хяналт тавьж байна. Өнөөдөр 10 газар хоёр ээлжээр манай алба хаагчид хяналт тавьж байгаа. Цаана нь дахиад 10-аад цэгт хяналт тавих шаардлагатай. Хуучин жижиг уулзварууд цагдаа байх шаардлагүйгээр зохицуулагддаг байсан бол одоо уулзвар гарц бүхэн зохицуулалт шаарддаг болсон.
Манай жолооч нар бензин нь дуусч байна гэсэн шар гэрэл нь асчихаад байхад явсаар байгаад замын голд унтарчихдаг. Үүнээс болж хэд хэдэн уулзвар гарц гацаж түгжирдэг. Нэг хүний буруутай үйлдлээс болж, нэг гудамж тэр чигээрээ гацдаг тохиолдол ч бий. Үүнээс болж бидний ажлын ачаалал нэмэгддэг. Нэг уулзварыг чөлөөлөхийн тулд өөр газарт хяналт тавьж байсан цагдаа нарыг татаж зэргэлдээ хоёр гурван уулзвар дээр ажиллуулах болдог юм. Ингэж ганц нэг хүний буруугаас ийм их асуудал гардаг учир жолооч нар хариуцлагатай байх хэрэгтэй.
- Осол гарах эрсдэл өндөртэй газрууд нь хаана вэ? - Сүхбаатар дүүргийн нутагт явган зорчигч осолд өртөх магадлалтай буюу хамгийн олноор өртдөг цэгүүд гэвэл 100 айлын орчим, Иргэний бүртгэл мэдээллийн төв, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Төв шуудангийн уулзвар. Эдгээрт явган хүний хөдөлгөөн ихтэй учир мөргүүлсэн, шүргүүлсэн осол олон гардаг.
Харин автомашин мөргөлддөг, хоорондоо шүргэлцдэг газрууд гэвэл 100 айл, Төв шуудан, Гадаад харилцааны яамны уулзвар, Нарны зам дагасан газрууд, 32-ын тойрог, Таван буудал,17-гийн уулзвар зэрэг гарцтай ойролцоо газруудад осол гарах нь их.
- Мөн хойд зуслангийн замууд орох уу? - Зуслангийн замыг өргөссөн учир осол гарах нь харьцангуй гайгүй болсон.
- Тэр чиглэлийн замд хяналт хэр тавьж байна?
- Зуслангийн замд одоохондоо хяналт тавьж чадахгүй байна. Гэхдээ цагдаагийн бусад байгууллага Дипломат, банк хамгаалах хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрээт тасаг, Санзайн зуслан дахь Цагдаагийн хэсэгтэй хамтран ажилладаг. Мөн Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулснаар 32-ын тойргоос цааш замд,100 айлын орчим замд олон нийтийн дөрвөн ажилтан томилуулан ажиллуулж байна. Эдгээр хүмүүс автобусны буудлын дэг журмыг сахиулахын хамт, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл тавиулахгүй байх, мөн бидэнд мэдээлэл өгөх үүрэгтэй ажилладаг юм.
- Энэ онд хийсэн ажлуудаасаа онцгойлон дурдаач гэвэл та юунаас эхлэх вэ? - 2010 онд Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн осол, хэрэг, нөлөөлж буй хүчин зүйлийн талаар хоёр удаа танилцуулж дараах асуудлуудыг шийдвэрлүүлж ажилласны үр дүнд Шуурхай албаны нэг автомашин, гурван мотоциклийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлж албаны хэрэгцээнд ашиглаж байна.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр манай дүүрэг бас тодорхой ажлуудыг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулиудад замын хөдөлгөөний мэдлэг олгох зорилгоор хичээл сургалт явуулсан. Сургуулиудтай орчныхоо байдлыг сайжруулах, хүүхэд зам тээврийн осолд өртөхгүй, аюулгүй зорчих орчин нөхцөлийг нь бүрдүүлэх талаар хамтарч ажиллалаа. Хяналт тавьж чаддаггүй, зам тээврийн хэрэг, осол гардаг, ялангуяа эзэнгүй хэрэг, осол гарах магадлалтай Долоон буудал, Бэлх, хойд зуслангийн чиглэлийн замуудад хяналтын камер суурилуулах асуудлыг шийдвэрлүүлсэн. Ирэх оны эхээр тавигдчих байх. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, зурагт хуудас хийлгэж сургууль, албан байгууллагагуудаар тараах санал өгч, ирэх жилийн төсөвт тусгуулсан гэхчилэн 2010 онд хөдөлгөөний аюулгүй байдллыг хангах чиглэлээр олон ажил хийсэн.
- Хөдөлгөөнд оролцогчдод хандаж хэлэх үг байгаа л биз дээ, танд? - Замын хөдөлгөөнд оролцогчдын ердөө ганцхан хормын болгоомжгүй үйлдэл нь их хэмжээний хохирол авчирдгийг ухамсарлах хэрэгтэй. Согтуу жолоочийг хутга барьсан алуурчинтай зүйрлэдгийг жолооч нар ухамсарлах хэрэгтэй юм.
- Өдөрт ойролцоогоор зам тээврийн осол зөрчлийн дуудлага хэр олон ирж байна? - Манайхан өдөртөө зам тээврийн ослын 20-30 дуудлага дээр очдог. Ачаалал ихтэй үед 40-50 хүрдэг юм. Гарч байгаа ослын шалтгаан нөхцөл нь явган зорчигч, жолооч нарын сахилга хариуцлагатай холбоотой. Он гарсаар манайх 5800 гаруй осол хэргийн дуудлага хүлээн авсны 1208 нь осол хэрэгт бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 8,4 хувиар өссөн үзүүлэлт. Эд материалын хохиролтой осол 700, хүн гэмтсэн хэрэг 508 гарсан байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ