
Үлэг гүрвэлийн төв музей байгуулах тухай Засгийн газрын шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 12-нд гарсан. Улмаар энэ сарын эхээр МАН-ын удирдлагууд Лениний музейг ССАЖЯ-д хүлээлгэж өгөх ёстой байсан ч тэд тодорхойгүй шалтгааны улмаас музейг хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар ССАЖЯ, Төрийн өмчийн хороо хамтран өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
МАН-ын удирдлагууд энэхүү барилгыг 1974-1980 онуудад тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгөөр барьсан гэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан. Шүүх нягтлаж үзээд тус барилгыг МАН-ыг өмчлөгч мөн гэж үзсэн. Гэхдээ ЗХУ-ын хөрөнгөөр биш, улсын хөрөнгөөр баригдсан учир Төрийн өмч гэдгийг баталсан. Харин Үндсэн хуулийн цэцээр энэхүү барилга МАН-ынх болох нь нотлогдсон хэдий ч өмчлөгчийн эрх зөрчигдсөн тухай асуудлаар маргаан үүсгэж дахин хянан шийдвэрлэхээс татгалзжээ.
Төрийн өмчийн хорооноос энэхүү барилгыг чөлөөлж, үзмэрүүдийг хүлээлгэн өгөхийг шаардсан албан бичгийг МАН-ын удирдлагуудад гурван ч удаа хүргүүлээд байгаа талаараа ССАЖЯ Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл энэ үеэр хэлсэн. Гэвч МАН-аас ямар ч хариу ирэхгүй байсаар байна.
Тиймээс ССАЖЯ, Төрийн өмчийн хороо хамтран музейн барилгын асуудлаар МАН-ыг Дээд шүүхэд өгөөд байгаа аж.
Уг нь ирэх тавдугаар сарын 18-нд “Дэлхийн музейн өдөр” тохиож байгаа. Энэ өдрөөс өмнө хуучин үзмэрүүдийг хүлээж авч, ашиглалтад оруулах төлөвлөжээ.Түүнчлэн хуучин үзвэрүүдийг тоолж хүлээн авах ССАЖЯ, Төрийн өмчийн хороо хамтрсан дэд хэсэг байгуулагдсан байгаа. Гэтэл Лениний музейн зарим үзвэрүүд алдагдсан байж болзошгүй байгаа талаар хэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ