Бриттани Мерфигийн дурсгалд

img

  Жилийн өмнө эхнэртэйгээ “Ramen girl” хэмээх хөгжилтэй киног үзэж суух зуур гол дүрд нь тоглосон жүжигчин бүсгүй түүний маань хайртай жүжигчдийн нэг болох, мөн зуурдаар нас бараад удаагүй тухай мэдэж авсан юм. Тэр бол Холливуудын шаргал үст үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Бриттани Мерфи байсан юм. Түүний тухай эргэн дурссаны учир гэвэл өнөөдөр Бриттани Мерфигийн төрсөн өдөр аж. Амьд ахуйдаа өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудаар бусдаас ямагт ялгарч, эрчүүдийг соронзон мэт татаж чаддаг байсан жүжигчин бүсгүй 32 насандаа цэл залуухнаараа 2009 оны арванхоёрдугаар сард зуурдаар нас нөгчсөн юм. Түүнийг нэгэн ням гаригийн өглөө угаалгын өрөөндөө ухаан алдсан байхыг олж эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Гэсэн хэдий ч эмч нар бүсгүйн зүрх аль хэдийнэ хаагдсан болохыг тогтоож улмаар ар гэрийнхэн нь хэвлэлд хандсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Мерфигийн үхлийн шалтгааныг  гэнэтийн ачааллын улмаас зүрх нь хаагдсан хэмээн тодорхойлсон. Түүний нөхөр Саймон Монжак болон ээжийнх нь хүсэлтээр цагдаа нар нэрт жүжигчний үхэлтэй холбогдуулан шалгаж шинжилсэн. Гэсэн ч гадны халдлага байж магадгүй гэхээр ямар нэгэн сэжиг бүхий зүйлс илрээгүй зуурдын үхэл байсан гэдгийг нотолсон юм. Бриттани Мерфи Лос-Анжелос дахь байрандаа ээж, нөхрийн хамт амьдардаг байсан юм. Тэрбээр олон сайхан романтик кинонд гол болон туслах дүр бүтээж, гэнэн томоогүй, итгэмтгий бөгөөд цоглог бүсгүйн дүрээр дэлгэцнээ мөнхрөн үлдсэн юм. Түүний ихээхэн амжилт олсон кинонуудыг нэрлэвэл 90-ээд оны дунд үеийн кинонуудыг дурдах болно. Майкл Дугластай хамтран тоглосон “Don’t say a word”, Жэйсон Шварцмантай тоглосон “Spun” зэрэг кинонууд түүнийг амжилтын оргил өөд хөтөлсөн. Мөн Эминемтэй “8 Мile”, Эштон Катчертай “Just Married” зэрэг кинонууд түүний ихээхэн алдар хүнд олсон бүтээлүүд хэмээн мэргэжилтнүүд үздэг. “Uptown girls”, “Little black book”, “Sin city”, “The Dead girl”, “The Ramen Girl”, “Across the Hall” зэрэг гайхалтай кинонуудад дүр бүтээсэн нь түүний сүүлийнуран бүтээлүүд байлаа. Дээр дурдсан “Just Married” кинонд гол дүрд нь хамт тоглосон Эштон Катчертай Бриттани 2002 онд гэрлэсэн юм. Гэрлэснийхээ дараахан тэд энэ кинонд хамтдаа тоглосон бөгөөд америкийн гэрлээд удаагүй залуу хосууд европ руу бал сараа тэмдэглэхээр аялж буй тухай хөгжилтэй түүхийг уг кинондоо харуулсан. Тэд сүүлд нь хэвлэлүүдэд энэ киноныхоо талаар ярихдаа бид бал сараа дэлгэцнээ үлдээж чадсан хэмээдэг байлаа. Холливудын хамгийн хөгжилтэй бөгөөд тохирсон хосуудаар тэднийг нэрлэдэг байв. Харамсалтай Холливудыг чимсэн ховорхон хосууд 2006 онд хоёр тийш болсон. Улмаар 2007 онд Бриттани Мерфи английн дэлгэцийн Саймон Монжактай гэрлэж амьдралынхаа төгсгөл хүртэл амьдарсан юм. Түүнийг нас барсаны дараахан шар хэвлэлүүдээр нэгэн мэдээлэл тархсан нь жүжигчин бүсгүйн тоглосон “The Dead Girl” кинотой холбоотой. Мэдээллийн учир жүжигчин Марсия Гей Хардентай хамт тоглохдоо хоорондоо үнсэлцсэн хэсгийнх нь тухай. Бүсгүйчүүд хоорондоо үнсэлцдэг энэ хэсгийг сэтгүүлчид Хит Леджерийн үхэлтэй зүйрлүүлэн бичсэн байдаг. Эсрэг бус хүйстнүүдтэйгээ харилцаанд орж буйг дэлгэцнээ жүжиглэсэн  Холливудын одод цаг бусаар амиа алддаг болоо юу. Хэн нэгний магадгүй бурхны гэсгээл үү хэмээн тэд таамаглан бичжээ. Үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй ч ямартай ч нэгэн учир битүүлэг мэдээлэл ийнхүү тархаж байлаа. Бриттани Мерфиг нас барсан мэдээг сонсоод Эштон Катчер твиттер дээрээ “Би өнөөдөр ертөнцийг гэрэлтүүлэгч нарны цацрагийнхаа нэгийг алдлаа. Бриттанигийн гэр бүлийнхэн, нөхөр, гайхалтай ээж Шэронд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичиж байлаа. Энэ нь Эштоны хувьд түүний ертөнцийг гэрэлтүүлэгч нь Бриттани Мерфи хэвээр байсныг баталдаг. Мерфигийн үхлээс хойш Эштон Катчерыг хар тамхи хэрэглэх болж Холливудын бусад “сахилгагүй” оддын нэгэн болж хувирсан ч гэдэг. Өнөөдөр Бриттани Мерфи амьд сэрүүн байсан бол 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх байжээ. Хамгийн тод гялалздаг үедээ хорвоог орхисон харваж одсон түүний амьд ахуй цагтаа гэрэл зургийн хальсанд мөнхрөн үлдсэн төрхийг эргэн нэг санацгаая. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ