
Сангийн яам Дэлхийн банктай хамтран Баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгох зорилгоор “Үр ашигтай Баялгийн сангийн удирдлага” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын хурлын зорилго нь олон улс дахь баялгийн сангийн хэлбэрүүд, дунд болон урт хугацааны макро эдийн засаг, төсвийн бодлогын уялдаа холбоо, баялгийн сангийн гүйцэтгэх үүрэг, олон улсын туршлагын талаар илтгэлүүд танилцуулах, УИХ, Засгийн газрын гишүүд болон судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын экспертүүдийг оролцуулсан бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулах замаар олон нийтэд баялгийн сангийн ач холбогдлын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх юм.
Хуралд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон Баялгийн сан байгуулж, амжилттай удирдаж буй улс орны шийдвэр гаргах түвшний төлөөлөл, мэргэжилтнүүд оролцоно. Баялгийн сан нь Дэлхий нийтийн бодлого боловсруулагч, шинжээч судлаачдын анхаарлын төвд байгаа сэдэв бөгөөд манай улсаас анх удаа энэ сэдвээр олон улсын түвшний хурал зохион байгуулж байгаа юм.
Баялгийн сан нь ерөнхийдөө эдийн засгийг тогтворжуулах, ирээдүй үедээ хуримтлуулах, санхүүжүүлэх зорилгоор байгуулагддаг сан аж. Улс орнууд уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний орлогыг шууд эдийн засаг руугаа оруулахгүй тодорхой зорилго бүхий сан үүсгэн хуримтлуулж, олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалтанд байршуулан арвижуулж, удирдах замаар нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг нөхөн сэргээгдэх, байнга өсөн нэмэгдэх хөрөнгө болгон хувиргадаг байна.
Манай улсын хувьд эдийн засгийн мөчлөг болон эрдэс, түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс шалтгаалсан төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах, тогтворжуулах зорилготой "Төсвийн тогтворжуулалтын сан" болон тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилготой "Хүний хөгжил сан" гэсэн хоёр төрлийн баялгийн сантай ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ