100 мянган мөрөөдөл яасан бэ
Сү.Батболдын Засгийн газрын зарласан 100 мянган мөрөөдөл талаар болж, толгой хоргодох хашаа, байшингаа зарсан иргэд юу ч үгүй хоцров. Уг нь туулай жилд хувь хишгийнхээ 21 мянгын оочерт зогсож байсан монголчууд луу жилдээ ганц өрөө байрны түлхүүр атгачих санаатай зургаан хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн билээ. Яг л Солонгост очиж ажиллахаар бүртгүүлж байгаа юм шиг. Эцийн зорилго нь ялгаагүй тохилог орон сууцтай болох. Өмнөх УИХ-аас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, Засгийн газраас уг ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо байгуулсан. 100 мянган айлын орон байртай болох мөрөөдөлд мөнгөгүйн гачлан том саад болж байсныг МАН сонгуулийн сайхан шоу болгосон. Харамсалтай нь хулхин дээрээ том улаан сарнай ургуулсан сонгогчид АН-д хүлээлгэсэн юм.
МАН-ынхан анх удаа байртай болох гэсэн өрхийн сарын орлого нь 800 мянган төгрөгт хүрч байвал 55 ам. метр хүртэл талбайтай байр худалдан авах 50 сая төгрөгийн зээл авах боломж олголоо гэсэн боловч болзол нь ихэнх иргэдэд ахадсан. Тухайлбал 10 хувийн урьдчилгааг бор зүрхээрээ төлөх, 20 жилийн турш сар бүр 360 мянган төгрөг тушаах гээд. Дээр нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх захиргааны байгууллагынхан хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, хэрэг төвөгт орооцолдоогүй, хэн нэгний орон сууцны ордер дээр хэзээ ч нэрээ хавчуулаагүй гэх мэт шалгуур тавьсан. Шалгуур тус бүрийг нотолсон бичиг болгон тав гурван мянган төгрөгийн хураамжтай. Энэ мэтээр эхний долоо хоногт ИБЕГ-ын дансанд 30 сая төгрөг орж, ОССК-иас 100 иргэний өргөдөл хүсэлт Капитал болон Төрийн банкинд очжээ. Харин сар гаруй болоход 50 саяын давааг давсан ганц ч хүн алга байлаа. Тэгсхийгээд Тавантолгойн хувьцааны араас орсон.
Ер нь Монгол Улсын 700 мянга гаруй өрхийн 153 мянга нь цэвэр, бохир устай, нэгдсэн халаалттай орон сууцанд амьдардаг юм байна. Гэсэн ч байртай болохыг хүссэн 850 мянган иргэн байхад жилд 15 мянган айлын сууц ашиглалтад ордог ажээ. Хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрч, тэдний 63 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тиймээс ч хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн нь бас л талаар болсон. Харин хотын мэр Э.Бат-ҮҮл гэр хорооллыг орон сууцжуулах шинэ төлөвлөлтийн бүсүүдийн ажлын албыг байгуулсан нь бодит ажил хэрэг болж эхэлсэн нь сайшаалтай.
Сү.Батболдын Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн эхний ээлжинд нийслэлд барилгын 54 компанийн 68 мянга, хөдөө орон нутагт 17 аймгийн 10 мянга гаруй айлын орон сууцны барилга шаардлага хангасан гэж үзсэн ч одоо хашаа ч үгүй, байр ч үгүй иргэд хохирлоо төлүүлж чадахгүй явна.Мөнөөх жил зургаан сарын дотор ашиглалтад орох нь 28 мянган айлын орон сууцанд орохыг Улаанбаатарын амьдралын түвшин доогуур 210 мянган өрхөөс ганц нь ч багтаж чадаагүй. Тэдний итгэл найдвар нь бага хүүтэй урт хугацааны зээл байсан боловч МАН-ын Засгийн газартай хамт будаа болсон.
Авах байтугай ашиглалтад ороогүй орон сууцаар барьцаалж олгодог ийм зээлийг моргейж гэдэг. Манайхан Америкийн санхүүгийн энэ аргыг анх удаа Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж эхлэхийг хүссэн ч ийнхүү амжилт олсонгүй. Түүний эрх зүйн үндэс нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль бөгөөд Европынхны томъёоллоор ипотекийн хууль гэж нэрлэдэг. Моргейжийн зээлтэй хүн манайханд насаараа өртэй явах юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл арилжааны банкуудын олгож байсан 12 хувийн хүүтэй зээлийн дэргэд зүгээр олдож байна гээд бодчих. Одоо үүнийг улсын баатар Э.Бат-Үүлийн багийнхан хэрэгжүүлэх гээд зүтгэж буйг нийслэлийн гэр хорооллынхон ихээхэн урам зоригтой хүлээн авч байгаа. Моргейжийн зээл иргэдээс заавал урьдчилгаа төлбөр авдаг. Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал урьдчилгаа аваагүйтэй холбоотой гэж тайлбарладаг. Урьдчилгаагүй зээл өгөхөөр иргэдийн хариуцлага суларч, санхүүгийн хүндрэлтэй тургарангуут хаяад явчихдаг тал бий. Тэгвэл хүн өгсөн мөнгөө хэзээ ч зүгээр орхихгүй. Харин моргейжийн зээлд хамрагдсан хүмүүст ажилтай байх ёстой гэсэн алтан зарчим үйлчилдэг байна..
Санаагаар болдогсон бол өнгөрсөн засгийн өнгөнд Хөгжлийн банк Засгийн газрын 200 тэрбумын бондыг арилжиж, 50 саяар тооцвол дөрвөн мянган айлын байрны мөнгө босгочихоод байх учиртай. Гэтэл Капитал, Төрийн банк энэ ажлыг нуруундаа үүрч эхлээд амжуулсангүй. Гол нь өмнөх Засгийн газрын үед олон сайхан амлалт ард түмэндээ өгөөд чадахаа байлаа гэж хээвнэг хэлж чаддаг байсан. Үүнийг шинэчлэлийн Засгийн газар бүү давтаасай. Тиймээс Капитал банк арваад тэрбум төгрөг, Төрийн банк 10 мянган айлд зээл олгох боломжтой гэсэн нь хаачив. Бас Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай 580 сая ам. долларын бонд амжилттай гаргасан тухай “Евразиа Капитал” мэдээлж байсан. Эдгээр бондын санхүүжилтээр 100 мянган айлын орон сууцны моргейжийн зээлийн эх үүсвэрийг хангана гэж байсан асуудлыг шалгах хэрэгтэй.
Барилгын компаниудын “Шинэ бүтээн байгуулалт”-ын хөтөлбөрт багтсан шинээр барих орон сууцны хороолол, хотхоны газрыг дэд бүтцийн шугам сүлжээнд холбох ажлыг улсаас хийж, бэлэн болгох ёстой байж.. Гэсэн ч Улаанбаатарын 54 компанийн барилгын газруудаас Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Баянзүрхийн “Ургах наран” хороолол, Яармагийн дэнжийн хойд талыг эс тооцвол дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны системд холбогдсон нь ховор байна. Дэнжийн мянга, телевиз, Цагаан хуаран гээд дандаа айлуудыг нь нүүлгэж, газрыг нь чөлөөлөөд барилга барина гэсэн байдалтай байна. Тэгэхдээ нийслэлийн ИТХ-ын газар чөлөөлөх тухай тогтоолоор далайлгаж, ам метрийг нь 100 мянгад бодож хууль ёсны 0,07 га газрыг 30, 40 сая төгрөгөөр тийм ч амархан авчихгүй болов уу. Хоёр айлын хашааны газар дээр 15 давхар 60 айлын сууц барьчихаад эзнийг нь шинэ суурьшлын бүсэд цөлөх, эсвэл ганц өрөө байраар хуурах явдлыг хотын мэр Э.Бат-Үүл эрс эсэргүүцэж байсан учраас Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл УИХ дээр унасан.
Одоо цаг наашилж, их барилгын ажил ид эхлэх гэж байна. Төрийн бодлого зөв хэдий ч түүнийг гуйвуулдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилсээр байгаа. Мал өсөхөөр махны үнэ өсдөг, шударга өрсөлдөе гэхээр үгсэж хуйвалдаад бензиний үнийг нэмдэг, бага хүүтэй зээл олгоё гэхээр орон сууцны талбайн үнэ тэнгэрт хаддаг. Одоо иргэд барилгын үнэ, материалын чанар, баригдах хугацааг тов тодорхой мэдэхийг хүсч байна. Ухсан нүхэн дээр оочерлож, ул мөргүй орон сууцны наран талын байранд орноо гээд агаарын наймаа хийдэг цаг өнгөрчээ. Барилгын компаниуд урьдчилгаа 10 хувийг 30 болгож, иргэдийн зээлийн мөнгийг түрүүлж өвөрлөхөөр бас л амаа ангайж байна. Засгаас банкуудыг шавдуулж, иргэдэд бэлэн амлаж эхэлсэн нь зохиомол ачаалал үүсгэж, 2016 он хүртэл хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр дуусчих юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Уг нь зээлийн хөрөнгө хүртээмжтэй, хугацаа болоогүй, барилгын компаниудын аманд оролгүй тав тухтай орчинд амьдрах тохилог орон байртай болохын тулд оновчтой сонголт хийх нь алсдаа ашигтай.
“Шинэ бүтээн байгуулалт” орон сууцжуулах зорилтот хөтөлбөр XXI зууны Монголын нийгмийн эгэл бор иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, байгаль орчны бохирдлыг багасгах, ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийг хөгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг багасгах үр дүнтэй алхам боловч хүнд суртлын золиос, ашиг хайгчдын олз, сонгуулийн шоу болох учиргүй. Уртаас урт оочер биш, төрийн зохицуулалтаар таарч тохирсон үнэтэй тохилог орон сууцтай болохыг хүсч байна. Цагтаа Америкт энэ нь мөрөөдөл байсан ч биелсэн билээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ