
НҮБ-аас 1961 онд “Мансууруулах эмийн тухай”, 1971онд “Сэтгэцэд нөлөөт эмийн тухай”, 1981 онд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд хяналт тавих тухай” конвенцийг батлан гаргасан бөгөөд манай улс эдгээр конвенциудад 1990, 1999, 2001 онуудад тус тус элсэн орсон юм. 2002 онд УИХ-аар баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналт, зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага гарсны улмаас 2011 оны 6 сард холбогдох өөрчлөлтийг оруулж УИХ-аар батлуулсан.
Энэхүү хуулийн өөрчлөлтөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад олгох тусгай зөвшөөрөл тодорхой бус байгаагаас гэмт хэрэг, зөрчил гарах сөрөг үр дагавартай байсан тул энэ чиглэлийн заалтыг дэлгэрэнгүй тусгаж өөрчлөлт оруулсан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гарган авахад ашигладаг химийн бодист тусгай зөвшөөрөл олгох байгууллагыг хуулинд тусгасан.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хангамж, хэрэглээг бууруулах, хяналт тавих, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй орон тоо, төсөвтэй Үндэсний хороо ажиллуулахаар хуульчилсан.
Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох асуудлыг хуульчилж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр хангах эм хангамжийн байгууллага, мансууруулах эмээр үйлчлэх эмийн сангийн талаархи зохицуулалт хийж, хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчилсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ