Дөнгөж сая “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав МАН-д элсч намын дарга С.Батболдоос батлахаа гардаж авлаа. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Олон улс төрийн хүчин намдаа элсэх санал тавьсан гэж байна. Яагаад заавал МАН-ыг сонгох болов?
-МАН намайг гишүүнээрээ элсүүлж байгаад баяртай байна. Би бол ардчилалын бүтээгдэхүүн гэж боддог. Учир нь ардчиллын өнгөрсөн 20 жилийн түүх миний амьдралтай маш их холбоотой. Улс төрийн олон намууд намайг гишүүнээр элсээч хэмээн санал тавьж байсан. Хамгийн энгийн бөгөөд бага гэж хэлж болох саналыг С.Батболд дарга тавьсан. Гэхдээ надад санал тавьж байсан улс төрийн намын дарга нартаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Тодорхой албан тушаал амлаж байсан ч сонголтыг өөрөө хийнэ.
-Танд хамгийн энгийн санал тавьсан гэж байна. Яг ямар санал тавьсан юм бэ?
-Монгол Улс эдийн засгийн хөгжлийн гараанд ирсэн байна.Сүүлийн хоёр жилийн төсөв мэдэгдэхүйц өслөө. Цаашид эдийн засгийн хүчирхэг байлгаж, эдийн засгийн өсөлтөөрөө 50-д оруулахад хувь нэмэрээ оруулж зөвлөхөөр ажиллаач гэсэн саналыг тавьсан. Хамгийн энгийн саналаас нь татгалзаагүй. Ямар ч байсан Монгол Улсад үүлэн чөлөөний нар гарч байгаа энэ их эдийн засгийн нөхцөл бололцоо ирж байхад тав, арван жилийн дараа ард иргэдийнхээ амьдралыг хамтдаа сайжруулах том чиргүүлийг хамтдаа үүрнэ гэж бодож байна.
-
Намын даргын уу. Ерөнхий сайдын зөвлөх үү?
-Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллах санал тавьсан.
-Таны сонголт маш сонин байна. МАН-аас сонгуульд нэр дэвших бодлоор элсэв үү?
-Нэр алдрын төлөө энэ намд элсээгүй.Надад санал тавьж байсан бусад улс төрийн намын дарга нар албан тушаал амлаж байсан. Ардчилсан нам, ҮЗН, МНН гээд бүгд тавьсан. Би дээр хэлсэн. МАН-ын дарга надад ямар нэгэн албан тушаалгүй санал тавьсан. Зөвхөн зөвлөхөөр ажиллаач гэсэн. Үүнээс гадна сүүлийн 20 жилийн хугацаанд МАН долоо дахь үеэ гаргаж ирсэн байна. Даш-Ендон гуайгаас эхлээд долоо дахь үеийн баг гаргаж ирж ажиллаж байна. Аливаа өөрчлөлт гэдэг шинэ зүйлийг авчирдаг. Өөрчлөгдөж байгаа талаас нь энэ намыг шинэчлэгдэж байна гэж харж байгаа. Мөн намд элслээ гээд миний иргэний асуудал зогсохгүй. Улс төрийн сонголт хий ж байгаа л явдал шүү дээ.
- Аливаа сонголт эерэг эсрэг хоёр талтай байдаг. Таны сонголт аль нь вэ?
-Хувь хүн болон иргэний байр сууринаас харахад эрсдэл нь өнөөдрөөс эхэлсэн байна. Гэхдээ нэгэнт багийн тоглолтод орж байгаа учраас цаашид амжилтад хүрвэл маш сайн байна. Тиймээс хүссэн хүсээгүй энэ багийн хөгжих дэвжихтэй би холбоотой л болж байгаа юм. Нэг зүйл хэлэхэд МАН өнөөдөр улс төрийн рейтингийн хувьд хамгийн бага байгаа үед нь би элсч байгаа. Гэхдээ Монгол Улсын сүүлийн 100 жилийн 90 жил нь энэ намтай холбоотой учраас Тусгаар тогтнолыг нуруундаа үүрч байсан намд орж байгаадаа баяртай байна.
-МАН-ыг улс төрийн бүлэглэл гэж сүүлийн үед нийгэм харах болсон. Та намд элсчихэв үү. Бүлэглэлд орчихов уу?
-МАХН байж байгаад МАН болсон гэхээр ард түмний төлөө зүтгэнэ гэж ойлгож байгаа. Тиймээс би ардыг төлөөлж орж байна гэж ойлгож байна. Харин дотор нь ямар байгаа гэдгийг орж үзэж байгаад мэднэ дээ. Өнөөдөр өглөө надад нэг мэдрэмж төрж байлаа. Би өөрөө харзны усанд ордог юм л даа. Харзны ус их айхтар мэдрэмж өгдөг. Харин намд элсэх болсон сэтгэгдэл маань түүнээс илүү хэцүү юм шиг санагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ