
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа нарын хүмүүст холбогдох хэргийн шүүхийн эцсийн шатны шийдвэр гарснаас хойш Авлигатай тэмцэх газрын даргын суудал гэх нэгэн орон тоо гарч ирээд буй. Уг албан тушаалд дэвшүүлэх хүний нэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д санал болгох ёстой юм. Гэвч энэ талаар ямар нэгэн сураг гарсангүй. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.
-АТГ-ын даргаар томилуулах хүнийхээ нэрийг Ерөнхийлөгч УИХ-д санал болгох ёстой. Энэ талаар албан бичиг ирсэн үү?
-Надад одоогоор албан бичиг ирээгүй байна. Тамгын газраас гадна Хууль зүйн байнгын хороогоор дамжуулж УИХ-ын даргад бас хүргүүлж болдог.
-Энэ асуудал хэзээ шийдэгдэх бол?
-АТГ-ын даргаар томилуулах хүний нэрийг ойрын үед тодорхой болох байх. Бүхэл бүтэн нэг албан байгууллага эзэнгүй байгаад байна шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ асуудалд анхаарал хандуулж ойрын үед шийдвэрлэх байх гэж найдаж байна.
-АТГ-ын даргыг томилох асуудлаар УИХ-аас Ерөнхийлөгчтэй хэн харилцаж, санал бодлоо солилцох боломжтой вэ?
- Ерөнхийлөгчийн Тамгын газартай энэ асуудлаар байнга харилцаж байх учиртай хүмүүс бол Хууль зүйн байнгын хорооныхон байгаа юм. Тус байнгын хорооныхон албан бичгээ Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн гэнэ.
-Ямар утгатай албан бичиг вэ?
-Авлигатай тэмцэх газрын дарга нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулах хүнийхээ нэрийг хурдан оруулж ир гэсэн бичиг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ