76 баатрын дууль
Манай улсын парламентын мэргэн гишүүд нэгэн мэргэн төлөвлөгөө сэдэж олоод түүнийгээ хэрэгжүүлэхээр “Төрийг үлгэр жишээ байгуулах мэргэдийн хороо”-гоор хэлэлцэв.
Монголчуудын дундаас хамгийн сэцэн мэргэд нь цугларсан учир тэд үргэлж л үлгэр жишээ төлөвлөгөө боловсруулан амьдралд амжилттай хэрэгжүүлж байдаг учир нэг их гайхаад байх зүйлгүй.
Тэдний гаргасан санаа хэчнээн ухаалаг болохыг та сонирхоно уу.
Цэцэн мэргэн 76 эрхмийг сонгох ирэх жилийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн нэр төрийг гутаах, санал хураалтыг будилуулахыг санаархсан хүмүүст оногдох шийтгэлийг тэд хэлэлцсэн.
Мэргэдийн суудалд суух гэж нэр дэвшиж байгаа учир нэр дэвшигч бүхэн өөгүй, цэцэн ухаантнууд байх учиртай. Харин тэдний нэр төрийг элдвээр унагаж, сонгуулийн дүнг будлиантуулах нь улсын эсрэг гэмт хэрэг болох нь тодорхой.
Тэдгээр хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг хэдэн төгрөгөөр торгох вэ?
Энэ айхавтар асуултын хариуг өнөөх мэргэдийн хороо дор нь бодож олсон. Гэтэл энэ төлөвлөгөөг мэргэд маань сайшаан сонсож суухнээ төрийн албан хаагч /76 мэргэд ч бас хамаарах/ ийм хэргийг өдүүлсэн тохиолдолд сарын цалинг нь 10 дахин нэмэгдүүлж торгох гэсэн үгс гарч ирж манай ардын дундаас тодорсон үлгэр жишээтнүүдийг маань цус харвуулчихаа шахав.
Харин аз болж үлгэр жишээчид үүнийг нэн даруй залруулан 3-4 дахин хэмжээгээр торгууль оногдуулахаар болгож заслаа. Ард түмний олонхоороо сонгосон эрхмүүд маань бидний төлөө нойр хоолоо умартан яаж ажилладаг билээ дээ, ингэлээ гээд цөөхөн хэдэн бор юм авдаг улстөрчдийг маань сарын цалинг нь 10 дахин нэмэгдүүлээд торгоод унавал яанам билээ.
Ардын баатрууд голдоо ортол гомдоод бидний төлөө орондоо орох завгүй ажиллахаа больчих биш үү. Аз болж улстөрчдөд оногдох торгуулийн хэмжээ 1 сая 200 мянган төгрөг боллоо.
Ардын баатруудын ажилд саад тотгор учруулдаг хэсэг нөхдүүд бий. Тэднийг хэвлэл мэдээллийнхэн гэнэ. Сонгуулийн үеэр тэд л бүх зүйлийг будилуулдаг учир оногдох торгуулийг нь ахиухан өгөх хэрэгтэй. Тэгэх юм хуна, хэмээн шүдээ зууж хөлсөө арчсан мэргэд ч сэтгүүлчдэд оногдох торгуулийн хэмжээг сарын цалинг нь 35-70 дахин нэмэгдүүлж хашраахаар зориглов.
Гайхалтай сайхан санаа гаргасан цэцдүүдийг сайшаалтай. Одоо л нэг сонгууль маань элдэв будилаангүй, буун дуугүй шударга явагдах боломжоор хангагдах нь ээ.
Үлгэрт манай талын баатар арван таван толгойтыг дарж амар сайхандаа жаргадаг. Харин орчин үеийн улстөрийн үлгэрээр бол манай талын 76 баатар хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн үзэг, диктофон зэргээр шүдээ хүртэл зэвсэглэсэн мангасын олон толгойг одоо л нэг дарж ирэх сонгуулийн дараа гэхэд амар сайхандаа жаргах нь дээ.
Тэр цагт сайн цагийн шинэ баатрууд монголд байтугай дэлхийд ч шийдэгдэхгүй байгаа асуудлыг шийдэж ард түмнээ гар газар хөл хөсөр болгож амар сайхандаа жаргах аж.
Дашрамд дурдахад манай парламентын тухай шинэ үлгэр төрсөн гэнэ. 76 мэргэд, баатрын хэн нэгнийг шүүхээс дуудах гэвэл бусдаас нь санал авах хэрэгтэй болно. Тэр үед олонхи ч бай цөөнх ч бай баатрууд хэзээ ч нэгнээ мангас гэдэггүй учир хүлээн зөвшөөрдөгүй. Тиймээс УИХ-ын бүх баатрууд амар сайхандаа жаргана...
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ