Дэлхийн эдийн засаг асуудлаар дүүрэн, тодорхой бус байдал болоод эрсдэл хадгалагдсан хэвээр байгаа энэ үед уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнэ савлаж, хасах тэмдэглэгээтэй байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хямарлаа гэхэд Монгол дагаад намирах уу гэдэг том асуултын энгийн хариулт. Уул уурхайгаас хэт хамаарсан орлого дээр дөрөөлөн босох Улсын нэгдсэн төсвийн төсөл улстөрчдөөс багагүй засварыг ч хүлээж л байна. Сүүлийн улирлууд дараалан эдийн засаг өсч байна гэсэн тоон үзүүлэлт хөвөрч буйн зэрэгцээ Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж байгааг Дэлхийн банкнаас анхааруулаад байгаа.
Монголын улстөрчид удахгүй батлах 2012 оны Улсын төсвийн төсөлдөө орлого, зарлага, ДНБ-ий төсөөллийг тун өөдрөгөөр тусгаад байгаа ч, эхэнд өгүүлсэнчлэн дэлхийн эдийн засгийн байдал бүр бишдвэл төсөвт төвлөрөх орлого зогсох эсвэл одоогийн хандлага өөрчлөгдөх магадлалтай. Улстөрчид ДНБ-ий төсөөллийг гэгээтэй талаас нь хийхдээ 2010-2011 онд хоёр дахин өссөн гадаад шууд хөрөнгө оруулалт өндөр хэвээр байна; уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбарын огцом өсөлт үргэлжилнэ; улсын төсвийн хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдэж, үржүүлэгчийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлтөнд хоёрдогч үр нөлөө гарна; 2012 оны сонгуулийн өмнө иргэн бүрт олгох бэлэн мөнгийг гүйцээн олгож, 2008 оны сонгуулиар өгсөн улс төрийн амлалтыг биелүүлснээр хэрэглэгчийн эрэлт огцом өснө гэхчлэн дөрвөн үндэслэлд тулгуурлан хийжээ.
Тэгвэл нүүрсний экспортод тээврийн нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой хязгаарлалтууд тулгарах, төсвийн хөрөнгө оруулалттай томоохон төслүүд бэлтгэл ажил, гэрээ хэлэлцээр, хэрэгжилтийн шатанд чадавх дутагдсанаас хойшлох гэхчлэн болзошгүй бэрхшээлүүд өмнө хүлээж байж магадгүй гэсэн сэрэмжлүүлэг ч ирж байна.
2011 оны төсвийн нийт зарлага 2010 оны гүйцэтгэлээс 32 хувиар өндөр байв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ашигт малтмалын тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулж байгаа ч ерөнхий хандлагаас давсан эрдэсийн бус орлогоос хуримтлал үүсгэх албагүй бөгөөд засгийн газар тэрхүү эрдэсийн бус нэмэгдэл орлогыг зарцуулах саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Улмаар нэгдсэн төсвийн зарлага батлагдсан хэмжээнээсээ дахин 20 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар байна.
Ирэх 2012 оны төсвийн төсөлд төсвийн тэлэлт үргэлжилж, цалин хөлс, нийгмийн зориулалттай шилжүүлэг дийлэнх нь нийт зарлага 74 хувиар өсөх тооцоо хийгдсэн. Ерөнхийдөө 2012 оны төсвийн төсөлд тусгасан нийт зарлага нь 2010 оны түвшингээс хоёр дахин их, мөн оны ДНБ-ээс ялимгүй доогуур хэмжээнд байна.
Тэгвэл цалин хөлс, шилжүүлгийн зардал нэмэгдэж байгаагаас цалин, үнийн эргүүлэг үүсэх эрсдэлийг тулж ирж болзошгүй байгаа аж. Энэ байдал нь эмзэг бүлгийнхэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн экспортлогч импорттой өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг доройтуулах прогнозыг дагуулна. Төсвийн төсөлд нийт зарлагын 12 хувийг хавтгайруулсан халамж бус ядууст чиглэсэн нийгмийн халамжийг хэрэгжүүлэхэд зориулахаар тооцож оруулсан нь мэдээж сайн үг дуулахаар байгаа ч уул уурхайгаас хэт хамаарсан орлого дээр дөрөөлөн босох Улсын нэгдсэн төсвийн төсөл улстөрчдөөс багагүй засварыг хүлээж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ