ХАМАС-ЫН УДИРДАГЧ МОХАММЕД СИНВАРЫН ЦОГЦОС ОЛДОВ

Израилын арми ХАМАС бүлэглэлийн удирдагч Мохаммед Синварын цогцсыг олсон бөгөөд ДНХ-ийн шинжилгээгээр баталгаажуулснаа мэдэгдлээ. Мохаммед Синварын цогцсыг Хан Юнис хотын Европ эмнэлгийн хонгилоос олсон бөгөөд түүнд холбогдох хэд хэдэн ноцтой баримтууд илэрсэн гэж Израилын Батлан хамгаалах хүчин мэдэгдсэн байна.
ХАМАС бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч 49 настай Мохаммед Синварыг 5-р сарын 13-нд Израилын цохилтоор амиа алдсан гэж мэдээлж байсан ч цогцос нь олдоогүй. Уг цохилтын үеэр Израилын арми Хан Юнис хотын Европын эмнэлэгийг агаараас бүслэж, чанх дээрээс нь бөмбөг хаясан байдаг. Энэ үеэр эмнэлэгт эмчлүүлж байсан 28 хүн амиа алдсан бөгөөд 60 гаруй хүн шархдсан юм. Израилын арми иргэний дэд бүтцүүд рүү удаа дараа цохилт өгч энгийн иргэдийн амийг хохироож буй үйлдлийг дайны гэмт хэрэг хэмээн НҮБ-аас мэдээлсэн. Тухайн үед Израилын армиас гаргасан тайлбарт, “Бид ХАМАС-ын удирдагчдыг онилсон цохилт өгсөн. ХАМАС бүлэглэлийн удирдагчид эмнэлэгийн доод хонгилд орогнон энгийн иргэдийг “амьд бамбай” болгож байв. Эмнэлэг ХАМАС бүлэглэлийн найдвартай нуувч болсон учраас иргэний дэд бүтцийг онилохоос өөр зам байгаагүй гэжээ.
Израилын арми зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа ч үр дүнд нь Газын зурвасын иргэд хохирсоор байна. Израиль ХАМАС-ын эсрэг дайн зарласан сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Газын зурваст 54,880 палестин хүн амиа алдаж 126,227 хүн шархаджээ. Амиа алдагсдын 70 гаруй хувь нь хүүхэд эмэгтэйчүүд хэмээн НҮБ мэдээлжээ. Мөн Израилын хатуу бүслэлтийн улмаас олон улсын тусламжийн байгууллагын хүнс ачсан машинууд Газын зурваст нэвтэрч чадаагүй тул 2 сар гаруй хугацаанд их өлсгөлөн тохиож буй. Тиймээс Газын зурвасын хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг илт хохироож буй Израилын армийн өргөтгөсөн довтолгоог “дайн гэмт хэрэг” мөн гэж олон улсын зүгээс байр сууриа илэрхийлсээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ