“Тамирчны алдар”-ыг гавьяат тамирчин Н.Энхбат зориулан бүтээжээ

img

“Тамирчны алдар” дууг мэдэхгүй хүн Монголд ховор. 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Нэргүйн Энхбатад зориулан “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ  Д.Жаргалсайхан зохиож байсан түүхтэй аж. Энхбат, Жаргалсайхан хоёр багадаа шороо идэж өссөн сайхан найзууд гэнэ. 1988 оны Сөүлийн олимпод хүрэл медалийн төлөө монголын гурван боксчин хүч үзэж хоёр нь ялагдаад медаль авах хамгийн эцсийн найдвар Н.Энхбат байсан гэдэг. Жаргалсайхан гуай ч унаган багынхаа найзыг медаль аваасай хэмээн мэддэг маани мэгзмээ хэлэн залбирч байж. Бурхны авралаар Энхбат хүрэл медаль авлаа. Жаргалсайхан ихэд догдлон нүдэндээ нулимстай  үзэг, цаас шүүрэн авч

“...Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны ялалт хямдхан олдоогүй...” гэсэн хоёр мөр зурсхийгээд л ороод ирж гэнэ. Энэ хоёр мөрийг бичээд гурван сар болж.  Тэгээд нөгөө шүлгээ үргэлжлүүлэн бичээд хэдэн бадаг дууны үг болгочихож.  Уг шүлгээ батлуулах санаатай “Болор цом” наадмын санаачлагч, тус  наадмын  анхны эзэн Д.Пүрэвдорж гуайд “Тамирчны алдар” дууныхаа шүлгийг үзүүлж гэнэ. Гэтэл нэрт найрагч “Чиний дууны эхний бадгийн сүүлийн хоёр мөр нэг л болоогүй байна, солиорой гэж гэнэ. Тэр соль гэсэн хэсэг нь

“...Алаг сайхан нүдэндээ

Баярын нулимстай зогссон...“ гэдэг  хоёр мөр. Нүдэндээ нулимстай  зогссон гэхээр адуу л  буугаад байна гэж  хэлж байж. Би засья, харин та одоо л батлаад өгчих гэж  гуйгаад үгийг нь батлуулж байж. “Энхбат маань нүдэндээ нулимстай  дэлхийн дэвжээн дээр төрийн далбаагаа мандуулаад зогсч байсан болохоор өөр үгээр сольж зүрхлээгүй” гэж Жаргалсайхан анд нөхдөдөө хуучилдаг аж. Хожим нь Д.Пүрэвдорж гуай гавьяат Жагаа ахтай тааралдаад “Засаагүй нь болж, чиний зөв байж” хэмээжээ. Энэхүү дуу  маань 1992 онд олны түртээл болсон цагаасаа хойш олон хүний сэтгэлийг сэргээж, зүрхийг баярлуулж явна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
Энэ дуу бол гайхамшигтай дуу Монголын олон сайхан алдарт тамирчдыг омогшуулж эх орныхоо нэрийг дэлхийд гаргуулахад маш том сэтгэлийн дэм хайрласан дуу юм даа. Энэ сайхан дууг бий болгох нөхцлийг бүрдүүлж чадсан Н.Энхбат таны хийсэн бүтээсэн хөдөлмөр, таны алдар суу мөнхөд мандан бадраг.
2013-03-26