
Одоогоос таван жилийн өмнө буюу 2007 онд Баянхонгорын Агваан гэдэг хүн “Хос шарга” дууны үгийг бичжээ. Тэр хүн Эрдэнэчулуун уяачийн дотны анд нь аж. Тэгээд Эрдэнэчулуун “Тод манлай” цол авчихаад найрандаа Агваан гуайг урьжээ. Найзынхаа найран дээр ямар бэлэг өгөх вэ, гэж ихэд бодож л дээ. Гэвч олигтой бэлэг олдоогүй гэнэ. Тэгээд найр эхлэх өглөө шүлгээ бичиж найран дээр нь очиж уншсан юм билээ. Гэтэл найрын зочид их өндөр хүлээж авсан аж. “Эрсдэж харьсан хайран шарга...” гэсэн чинь уяачид ихэд сэтгэл нь хөдөлж нулимс унагасан гэдэг.
“...Алдар толгойг тойрсон шарга
Амгаа тэнийтэл хадуурсан шарга...” гэтэл хүмүүс алга ташаад бөөн баяр болсон аж. Түүнд нь их урамшиж Соёлын тэргүүний ажилтан ая зохиогч дуучин Н.Баасандоржид шүлгээ авчирч өгчээ. Тэгээд ая дан нь бэлэн болсны дараа дуучнаа сонгох болов. Яруу найрагч нь н.Банзрагчаар дуулуулах санал гаргахад дуучин маань ч зөвшөөрсөн байна. Гэтэл дуучин Баасандорж өөрөө дуулмаар санагдаад Агваан ах руу утасдаад “Би өөрөө дуулъя” гэтэл “Тэгээ тэг” гэж л дээ. Ийнхүү дуугаа наадмын өмнөхөн бичүүлж бэлэн болгож байсан түүхтэй юм билээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ