Орон нутгийн Салбар зөвлөлийнхөнтэй уулзлаа
Төрийн албаны зөвлөл Төрийн албаны зөвлөлийн орон нутгийн Салбар зөвлөлүүдийн дарга нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд Төрийн албаны зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд оролцов. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам энэ хугацаанд тус зөвлөлөөс хийж буй ажлын талаар товч танилцуулаад, сонгууль ойртож байгаа тул орон нутгийн төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байхыг анхааруулан, төрийн ажил, сурталчилгааны ажлыг зааг ялгааг сайтар нягтлан, хуулийн дагуу ажиллахыг санууллаа. Мөн орон нутгийн Салбар зөвлөлийнхөнд хандан, сумдад хийсэн шалган зааварлах ажлын дүн, төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын болон ёс зүйн зөрчлийн тухай мэдээ тайланг хугацаанд нь гаргаж, ирүүлэхийг үүрэг болгов. Жендерийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн судалгааг шинээр гаргах болсныг мэдээлж, энэ хуулийг судлан, хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулахыг чиглэл болголоо. Түүнчлэн Төрийн албаны зөвлөл Төрийн албаны шинэтгэлийн Үндэсний анхдугаар чуулганаар баталсан зөвлөмж, төрийн албан хаагчдын эрхэмлэх есөн зүйл, Ёс зүйн дүрэм, Зөвлөлийн тогтоол шийдвэрийн хэрэгжилттэй танилцан, хөдөө орон нутагт ажиллаж буйгаа танилцуулав. Уулзалтад оролцогсод зэрэг дэв, ангилал зэрэглэл, удирдах ажилтны сонгон шалгаруулалт зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Ярилцлагын төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Төрийн албаны тухай хууль, тогтоолын хэрэгжилтэд сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц ахиц гарч байгаа бөгөөд үүнд орон нутагт дахь Салбар зөвлөлүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ