Бас л чехүүдийн тоглолт
Эрчим хүч бол улс орон бүрийн чухал салбар. Манайд бол бүр аминд тулсан асуудал. Аль социализмын үеэс өнөөг хүртэл манайх эрчим хүчний дутагдалтай явсаар ирсэн. Хүн амын төвлөрөл ихэдсэн, эдийн засаг тэлсэн, уул уурхай хөгжиж байгаа энэ үед манай хуучирч муудсан цахилгаан станцууд дөнгөн данган амь тээж явна. Өнгөрсөн өвөл гэхэд л Улаанбаатарыг хөлдөөчихгүй юмсан гэж Эрчим хүчний сайд М.Сономпил толгойгоо гашилгаж хавартай золгосон гэдэг.
Харин сүүлийн үед Фүкүшимогийн атомын цахилгаан станцын ослоос хойш япончууд, германчууд цөмийн энергээс огцом татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч удалгүй үүнээс өөр арга замыг одоохондоо олж харахгүй байна гэдгээ Японы шинэ Ерөнхий сайд эвтэйхэн цухуйлгасан юм. Арга ч үгүй биз. 36 жил ашиглах ёстой байсан Фүкүшимогийн станцыг тэд 42 жил ажиллуулсан байгаа юм.
Герман нутаг дэвсгэр дээрээ атомын цахилгаан станц ажиллуулахаас түдгэлзсэн ч хөрш Францад тийм аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг импортолж байгаа нь ердөө л зүсээ хувиргасан хэрэг. Англи шинээр атомын цахилгаан станц барихаар болов. Америк, Канад, Хятад, Орос бүгд л атомын цахилгаан станц нэмж барихаар төлөвлөж байна. Бараг л Монголоос бусад нь атомын цахилгаан станцтай, байхгүй нэг нь барих гэж, байгаа нь нэмэх гээд байна гэсэн үг. Сүүлийн үед Арабын орнууд ч эрчим хүчний хэрэгцээгээ цөмийн технологиор хангахаар зэхэж эхэллээ. Мөнгөтэй улсууд удахгүй барьж эхлэх биз.
Социалист нийгмийн үед орос ах нар Байгаль нуураас манай хилийн хооронд байдаг халил хавцал дунд Монголд зориулсан маш том усан цахилгаан станц барихаар шийдсэн байж. Эгийн гол дээр барих гэж байснаас хамаагүй том, үр ашгийн хувьд ч тун давуу байсан гэнэ. Гэтэл Зөвлөлт гүрэн задарч, яваандаа Монголыг харж үзэхтэй мантай болжээ. Хаа сайгүй социалист тогтолцоо нуран унаж, зах зээлийн нийгэмд шилжицгээн хөл толгойгоо олохоо байсан он жилүүдийн бужигнаан дунд энэ явдал мартагджээ. Уг нь тэр цахилгаан станц ашиглалтад орж амжсан бол монголчууд эрчим хүчний талаар нэг хэсэгтээ санаа зоволтгүй болох байсан биз.
Ерээд дундуур Малайз улс манай Эгийн гол дээр 450 мегаваттын усан цахилгаан станцыг гурван жилийн дотор барих гэж байлаа. Тэд Индонез, Аргентин, Бразил зэрэг оронд усан цахилгаан станц барьсан туршлагатай улс. Гэтэл Эгийн станцын төслийг чехүүд зогсоосон юм. Дараа нь Хятадын хөнгөлөлттэй зээлээр Эгийн гол дээр усан цахилгаан станц барихаар Засгийн газрын шийдвэр гарсан боловч парламентын сонгуулийн дараа хүчингүй болгож орхисон. Бас л чехүүдийн гар хөл оролцжээ. Ингэж Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд чехүүд хоёр удаа садаа хийж чадсан нь ямар учиртай юм бол.
Ер нь эрчим хүчний зохистой бүтэц гэж байдаг. Үүнийг бүхлээр нь 100 хувь хэмээн авч үзвэл нүүрснийх 50, усных 20, атомынх мөн 20, сэргээгдэх эрчим хүч 10 орчим хувийг эзэлдэг юм байна. Энэ бүтцэд дэвшилтэт технологи нэвтрүүлснээр нүүрсний эзлэх хувийг аажмаар багасгадаг ажээ. Эрчим хүчний хангамжийн зохицуулалтын шийдвэрлэх үүргийг усан цахилгаан станц гүйцэтгэдгийг мэргэжилтнүүд нэгэнт тогтоочихсон байдаг.
Монгол, Оросын хооронд яригдсан их өрийн асуудлыг тэглэхэд Чехийн оролцоо байсан хэмээн яригдаж байсан. Гэтэл одоо ураны салбарт бас чехүүд ороод ирчихэж. Тэгвэл Монголд ямар цахилгаан станц барихыг чехүүд шийдэх гээд байгаа юм биш үү. Саяхнаас Улаанбаатарын V цахилгаан станцын асуудал бүрхэг болж эхэлсэн. Чехүүд хэдэн оноос хойш Монголд төрийн хэрэгт гол довтлон тоглогч болчихов гэдэг нь анхаарал татах асуудал. Цаашид тэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь таавар хэвээр байна. Яагаад манай эрчим хүчний салбарт дандаа чехүүд гар дүрээд байгаа юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ