АНУ хятадаас компьютерын технологи худалдаж авахыг хориглов

img

Хятадын засгийн газарт ямар нэг байдлаар хамаатай  компаниудын үйлдвэрлэсэн компьютерын систем болон  мэдээллийн янз бүрийн технологи худалдаж авахыг АНУ өөрийн хэд хэдэн төрийн байгууллагад хориглов. Лхагва гарагт америкийн албаны хүмүүсийн мэдээлснээр, БНХАУ-ын зүгээс  хийж буй кибер тагнуултай тэмцэхэд чиглэсэн энэ арга хэмжээ нь энэ долоо хоногт ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэг зурсан засгийн газрыг түр санхүүжүүлэх тухай тогтоолд оржээ.

Баримт бичгээс үзвэл, АНУ-ын Худалдаа, Хууль зүйн яам, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар (НАСА), Эрдэм шинжилгээний үндэсний сан зэрэг нэлээдгүй байгууллагыг хамарч буй аж. Хориг нь есдүгээр сарын 30-нд дуусах одоогийн санхүүгийн жилийн сүүлч хүртэл үйлчлэх гэнэ.

АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа нөхцөлд аль нэг технологи худалдаж авахыг төрийн байгууллагуудад яалт ч үгүй зөвшөөрч болох юм гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ. Ингэхдээ Хятадад үйлдвэрлэсэн “системийг худалдаж авахтай холбоотойгоор кибер тагнуул хийх юм уу, хясан боох ажиллагаа явуулах” эрсдэл байхгүй гэдгийг нотлосон нөхцөлд АНУ-ын  мөрдөх товчоо тэр худалдаж авах бүтээгдэхүүнд зөвшөөрөл өгөх ёстой ажээ.

Барак  Обамагийн засаг захиргаа кибер аюулгүй байдлын асуудлыг  тэргүүлэх асуудлын нэг  гэж үздэг юм. БНХАУ-ын зүгээс хийж байгаа кибер халдлага АНУ-ын хувьд улам их аюул учруулж, АНУ, Хятадын эдийн засгийн харилцаанд ноцтой хохирол учруулж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Томас Понилон гуравдугаар сарын дундуур мэдэгдсэн.

Шинжээчид америкийн 140 гаруй компанийн эсрэг чиглэсэн кибер халдлагыг судласнаар, Шанхайд байрладаг Хятадын ардын чөлөөлөх армийн 61398 дугаар нууц ангиас ийм дайралт хийжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ