
Мадгаскарын ихэнх нутаг царцааны нүүдэлд өртөөд байна. Энэ нь тэндхийн оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулахын зэрэгцээ таримал ургамал, хүнсний ногооны тариалангуудыг ихээр сүйтгэж байна хэмээн орон нутгийн оршин суугчид болон удирдлагууд мэдээлжээ.
НҮБ-ын гол санаа зовинож байгаа асуудал нь царцаа ургацыг нь үгүй хийж байгаа явдал гэв. Учир нь ургац үгүй болсноор өлсгөлөн ихтэй байгаа энэ нутагт учрах аюул нь улам нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Мадгаскарын хүн амын 60 орчим хувь буюу 22 сая хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байгаа. Одоо байгаа ургацаа царцаанд идүүлчихвэл бүрэн өлсгөлөнд автана гэжээ.
Бүтэн жилийн ургацаа алдахгүйн тулд сүйтгэгдсэн тариалангийн талбайд зургаадугаар сар гэхэд амжиж тариалалт хийх хэрэгтэй. Амжихгүй бол бүтэн жилийн ургацаа алдаж их хэмжээний өлсгөлөнд нэрвэгдэнэ хэмээн НҮБ анхааруулж байна. Яаралтай тариалалт явуулах шаардлагатай 300 мянган гектор газар байгаа аж. Уг талбайд өнгөрсөн аравдугаар сард тарьсан үр тарианы талаас илүү хувь нь царцааны хоол болон хувирсан байна.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлж байгаагаар 1950-аад оноос хойш ийм хүчтэй голионы нүүдэл болоогүй аж. Тухайн үед эхэлсэн голионы нүүдэл ойролцоох нутгаараа тархан бараг 17 жил орчим үргэлжилсэн гэсэн тооцоо бий. Харин Мадгаскарт сүүлийн 10 орчим жил ийм нүүдэл болоогүй аж. Царцааны нүүдэл мадгаскарын нутгаар ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ хэмээн судлаачид хэлж байгаа. Тиймээс түүнтэй тэмцэх ажлыг яаравчлан зохион байгуулах хэрэгтэй гэв.
Энэхүү царцааны нүүдэл цаашлан Энэтхэгийн далайн орчмын арлуудыг чиглэх төлөвтэй байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ