Д.Ганхуяг: Роснефть компанитай гэрээ хийхээр ажлын хэсэг явсан

img

Уул уурхайн  сайд Д.Ганхуяг салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар өнөөдөр  сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.

-Засгийн газрын хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр болсон. Энэ ажлын явц ямар байна вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах зорилготой Засгийн газрын тогтоол гаргуулсан. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын тал хувь, “Багануур” ХХК, “Шивээ-Овоо”ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид тус тус  шилжүүлэх тогтоол гаргасан. Түүнчлэн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохистой хувилбарыг сонгоно. Ураны Мардай, Дорнод, Гурван булгийн ордуудыг ашиглах боломж, нөхцлийг судалж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно. Бороогийн алтны орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалга зэргийн техник эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж байгаа.

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ. Түүнчлэн  анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гэсэн мэдээлэл бий. Танай яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Дүгнэлт гарсан уу?

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал хоёр удаа болж өнгөрсөн. Одоогоор түр хугацаагаар завсарласан. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлаар техник, эдийн засгийн үндэслэлд заасан анхны хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар хэтэрсэн. Уг зардлыг санхүүгийн баримтад үндэслэн тодорхой болгох ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын үр дүн гарахаар хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжлэн хуралдах болно. Оюутолгойн байнгын хороо энэ сарын 22-ны өдөр хуралдаж газар болон замын зөвшөөрөл, лаборатори, цахилгаан станц зэрэг асуудлыг хэлэлцсэн гэж хэлж болно.

-Роснефть компанитай ямар гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм бэ?

-Манай яамны Түлшний бодлогын хэлтэс болон Газрын тосны газрын холбогдох албанынхан Роснефть компанитай шатахууны үнэ бүрдэлтэд ил тод байдлыг бий болгох гэрээ хийхээр ОХУ-д ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 19-нд Газрын тосны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-д ажиллах үеэр манай улсаас экспортлож байгаа “Дачин-33” ангилалын газрын тосны үнэтэй уялдуулж өрсөлдөх чадвартай үнээр нефтийн бүтээгдэхүүн импортлох гэрээ байгуулсан. Үүнтэй адил гэрэээ байгуулахаар дээрх ажлын хэсэг ОХУ-г зорьсон. Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сулаас тухайн сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувь нь өөр эх үүсвэрээс нийлүүлэгдэж байна. Тухайлбал, БНСУ-аас 14000 тонн бүтээгдэхүүн, БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж сард 10.000 тонн хүртэлх шатахууныг /АИ-92, дизель/ 100-150 ам.долларын хямд үнээр авахаар болсон.

-Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг 100 хувийн хөрөнгө оруулалттай БНХАУ-ын компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн явж байгаа.  Үйл ажиллагааг нь зогсоосон уу?

-Лицензийг нь түр хугацаагаар түтгэлзүүлсэн байгаа.

-“Эрдэнэтийн овоо” орд орчмын талбайд хайгуул хийсэн талаар тодруулаач?

-“Эрдэнэтийн овоо”-ны орд орчимд хайгуулын ажил хийж, хэтийн төлөв өндөртэй гэж тогтоосон талбайнуудыг Засгийн газар нөөцдөө авах нь зүйтэй гэсэн саналыг Уул уурхайн яамнаас Засгийн газарт танилцуулсан. Ордын орчимд тогтоогдсон хэтийн төлөв бүхий зургаан талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, гурван талбайг Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын10-ны өдрийн тогтоолоор нөөцөд аваад байна. Түүнчлэн “Хужиртын гол”, Эрдэнэт-ЗУ-3-1” талбайн тусгай зөвшөөрлүүд хуулийн дагуу хүчингүй болсон тул нэмж нөөцөд авах тухай ЗГ-ын тогтоол гарсан. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой гэсэн судалгаа бий.

-Осол их гарч хүний амь нас  үрэгддэг Налайхын ил уурхайг хэрхэх вэ?

- ЗГ болон Уул уурхайн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал гарч Налайхын нүүрсний орд газарт шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн Налайхын нүүрсний орд газарт 14 аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт явуулж буй 186 амны үйл ажиллагааг холбогдох хуулийн дагуу зогсоосон байгаа. Ажлын хэсгийнхэн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байна. Тухайлбал, улсын байцаагчийн тавьсан лацыг эвдэх зэргээр зөрчил гардаг. Уурхайн хаагдсан ам, малталт руу дураараа орж амь эрсдэх магадлал өндөр тул хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдаанд Налайх дүүргийн ард иргэдийг нүүрсээс хангах асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой тавьж байна. Цаашлаад хаагдсан нүүрсний амыг цагдаагаар хамгаалуулж, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах чиглэлээр ажиллана. Түүнчлэн уурхайн ам, малталтуудыг хааж, зарим боломжтой ордуудын аюулгүй байдлыг хангах, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулах ажлыг хийлгэх тогтоолын төслийг боловсруулж байгаа.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
said boloh ch boloogui l baina daa. Muruuduj baigaa zuilee heregjuulsen yum shig bodood baih yum daa ene hun
2013-03-29
mashbat:
ganaa chi shuu
2013-03-28