Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг баталлаа

img

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийн баталлаа. Сонгуулийн автоматжуулсан системээр тоолсон дүн шууд төв рүүгээ очих уу, эсвэл тойргийн хэсгийн хороон дээр баталгаажаад төвд хүрэх үү, Сонгуулийн дүнг тоолж байтал цахилгаан тасраад машин гацвал яах вэ. Сонгуулийн дүнг төв рүү ямар байдлаар, ямар сүлжээгээр илгээх вэ гэхчлэн асуулт асуух гишүүд олон байсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нарын тайлбарласнаар тойргийн хороодод мэдээллийн төвийг байгуулах бөгөөд тус төвд албан ёсны сургалтад хамрагдан гэрчилгээ авсан хүмүүс ажиллах аж. Сонгуулийн саналын дүн урьдчилсан байдлаар төв рүү илгээгдэж байх бөгөөд мэдээж баталгаажиж гарын үсэг зурагдсаны дараа цахим болон цаасан хэлбэрээр төвд хүргэгдэх ажээ. Цахим хэлбэрээр мэдээллээ солилцох авах тухай асуудлаар СЕХ журам гаргах юм байна. Автоматжуулсан техник, хэрэгсэл нь үндсэн хоёр хэсэгтэй аж. Эхнийх нь сонгогчдын бүртгэлийн машин бөгөөд тэрхүү машин сонгогчийг нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг нягтлах юм байна. Энэ машиныг Солонгосоос авахаар шийдээд байгаа бол санал аваад тоолох машиныг АНУ-аас авахаар СЕХ сонгожээ. Одоо худалдан авалтын гэрээ хэлэлцээ явагдаж байгаа гэнэ. Сонгуулийн дүнгийн мэдээллийг хэсгээс тойрогт, тойргоос сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх бөгөөд үүнийгээ интэрнэт зэрэг нээлттэй сүлжээгээр дамжуулахгүй юм байна. Тусгай хаалттай сүлжээгээр сонгуулийн дүнгийн мэдээлэл дамжих нь. Санал хураалтын дүнг гаргах явцад цахилгаан тасрах зэрэг асуудлаас үүдсэн саатал гарахгүй гэж Н.Лувсанжав дарга тайлбарлаж байлаа. Энэ бүхнийг тооцоолсон бөгөөд нөөц зай хураагуур тавихаас гадна өөр нөөц төлөвлөгөө ч бас байгаа гэсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сонгуулийг автоматжуулсан сисмемээр явуулахад иргэд сонгогчид ямар эрх, үүрэгтэй байх юм бэ. Хуулийн төсөл дээр сонгуулийг автоматжуулсан системээр явуулахад ултөрийн намуудын зөвшилцийг хангана гэж байна. Хэрвээ намууд ийм иситемээр явуулахгүй гээд тохиролцчихвол автоматжуулсан системийг ашиглахгүй байх юм уу гэж лавласан. УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар, “Автоматжуулсан системийн мэдээллийн санд сонгуулийн эрх бүхий иргэдийн мэдээлэл байршина. Иргэд мэдээллийн сантай харьцаж мэдээлэл авах эрх нь нээлттэй. Энэ талаар хуульд заасан байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг туршина гэсэн заалт байна. Сонгууль болох цаг нэлээд тулсан байдаг. Гэтэл техник, хэрэгсэл маань орж ирээгүй байгаа. Сонгуулийн өмнө тулгаж оруулж ирээд туршсан ч юмгүй хэрэглэх юм болох вий дээ хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Харин Ж.Сүхбаатар гишүүний тайлбарласнаар автоматжуулсан хэрэгслийг авчран, сонгуулиас өмнө турших хугацаа хангалттай байгаа юм байна. Гишүүд ийн хэлэлцээд уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.8 хувийн саналаар баталлаа. Үүний дараа "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. “Улаанбаатар хотод дулаан цахилгааны 5 дахь шинэ эх үүсвэрийг барих” төслийн техник, эдийн засгийн бололцооны судалгаа хийх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нэгдсэн судалгааг бүрэн хэмжээгээр хийх, бохирдуулах хаягдлыг бууруулах, нүүрстөрөгч багасгах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, санхүүжилтэнд төр хувийн хэвшлийн түншлэл ашиглах боломжийг судлах техник, эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж дуусгаад байгаа аж. Тус техник, эдийн засгийн үндэслэлийн дүгнэлтэнд газар зүйн байршлын хувьд хэд хэдэн хувилбарыг судлан үзсэнээс одоогийн ДЦС III-ын байгаа газрыг хамгийн тохиромжтой, одоо байгаа дэд бүтцийг бүрэн ашиглах боломжтой бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний судалгаагаар шинэ дулааны цахилгаан станцыг ДЦС III-ын байгаа хэсэгт байрлуулах нь байгаль орчны хувьд зохистой гэдгийг тогтоосон байна. Засгийн газрын хувьд Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангад нэн тэргүүнд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар ДЦС III–ын нам даралтын хэсгийг буулгаж 2015 он гэхэд ДЦС Y-г 1,101 Гкал/ц дулаан, 2020 он гэхэд 1101 Гкал/ц дулаан, 820 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий станцыг хоёр үе шаттайгаар байгуулах саналтай байгаа юм байна. Тиймээс “Төрийн өмчийн 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулсан нь энэ юм байна. Улсын Их Хурлын дээрх тогтоолын хавсралтын 5.2-ын “үндэсний хөрөнгө оруулагчийг“ гэснийг “үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой хөрөнгө оруулагч” гэж өөрчилсөнөөр концесс эзэмшигчийг сонгон шалгаруулалтад зөвхөн үндэсний хөрөнгө оруулагч нар нь гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран оролцож болох ажээ. Дээр дурдсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд нийтдээ 1.2 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ мөнгө нь буцалтгүй тусламж юм байна. Мэдээж судалгааны ажлыг хийхэд Монголын талаас хараа хяналтаа тавьсан бөгөөд дотоодын эрдэмтэд багтсан зөвлөх баг дээрх судалгаанд оролцсон гэж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тайлбарласан юм. Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр батлах саналыг нэгдсэн хуралдаанд оруулсныг хуралдаанд оролцогчдын олонхи дэмжсэн юм. Ингээд дээрх тогтоолыг гишүүд баталлаа. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн өргөн мэдүүлсэн "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. УИХ-ын гишүүн Д.Одхүү Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтаас Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг санах саналыг тогтоолын төсөлдөө тусгасан юм. Дулааны цахилгаан станцын хувьчлал огт амжилттай болоогүй бөгөөд хувьчлагдсан газруудын олонхи нь дампуурч, дөрвөн аймгийн дулааны станцыг төр буцаан авахад хүрсэн учир ийм байдалд хүргэхгүйн тулд хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтаас хасуулах саналыг эрхэм гишүүн гаргаад байгаа аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Ховд аймгийн дулааны станцыг 2004 билүү 2005 онд хувьчилсан. Ингэхдээ бүх магистрал шугамуудыг хамтад нь хувьчилчихсан. Одоогийн дулааны станцын үйл ажиллагаа мэдээж тааруухан. Шинээр дулааны станц барих гэхээр дахин шинээр магистрал шугам барих болдог. Энэ асуудлыг засч залруулах боломж байгаа юм хэмээн ТӨХ-ний дарга Д.Сугараас тодрууллаа. Тэрбээр мөн Хөтөлийн цементийн үйлдвэр цементээ үйлдвэрийн үнээр нийлүүлдэг гэдэг. Яг үнэндээ тийм хямд үнээр нь эрх мэдэлтэй, албан тушаалтай, танил талтай хүмүүс л авдаг. Жирийн иргэд, бизнесменүүд дамын үнээр авдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч мөн адил. Арматурын төмрийг нь танил талтай хүмүүс л хямдаар авдаг. Энэ үйлдвэрүүд хувьчлагдсан юм уу, үгүй юмуу. Яахаараа иргэдэд ингэж хандаж байдаг юм бэ гэж асуусан юм. ТӨХ-ны дарга Д.Сугар, Ховдын дулааны станцыг мөрдөгдөж байсан журмын хүрээнд орон нутгийн хувьчлалаар хувьчилсан байдаг. Ингэхдээ төрд үлдэх ёстой байсан сүлжээтэй нь хамт хувьчилсан юм билээ. Үүнтэй холбоотой асуудлыг судлахаар ТӨХ-ны ажлын хэсэг явах гэж байна. Бид хувьчлалыг зөв явагдсан эсэхийг тогтооно. Засч залруулах талаар арга хэмжээ авах болно. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчил гээд заачихсан. Харин Засгийн газар стратегийн ач холбогдолтой үйлдвэрээ хувьчлахгүй байж байгаад Их Хуралдаа шалтгааныг тайлбарлья гэж байгаа. Бүтээгдэхүүний хувьд хүрэлцээтэй холбоотой асуудал байгаа байх. Гэхдээ энэ чиглэлээр арга хэмжээ аваад эргээд мэдэгдэх болно хэмээсэн. Хувьчлах төрийн өмчийн жагсаалтаас Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг хасах тухай тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд дэмжсэн саналыг ирүүлсэн юм байна. Эдийн засгийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийгээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр батлах саналыг оруулж ирсэн бөгөөд гишүүдийн олонхи мөн дэмжсэн. Ингээд дээрх тогтоолыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн юм. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай Засгийн газар татан авсан бөгөөд бусад хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд С.Баярцогт хийлээ. Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим машины татварыг нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар дээрх том оврын суудлын автомашинд ногдуулж буй татвар нь харьцангуй бага хэмжээтэй байгаа аж. Мөн эдгээр суудлын автомашин нь бусад суудлын автомашинтай харьцуулахад өндөр үнэтэй байдаг тул харьцангуй орлого өндөртэй иргэд эзэмшдэг байна. Иймд орлогын тэгш хуваарилалтыг хангах, иргэдийн зохистой хэрэглээг бий болгох, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3501-4500, 4501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашины албан татварыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр 3501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашин жилд дунджаар 420.1 мянган төгрөгөөс 1.5 сая төгрөг хүртэл албан татвар төлөхөөр байна. Ингэснээр, орон нутгийн төсвийн орлого 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ. Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/см3/–ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байгаа аж. Иймд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулахдаа нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлсэнгүй. Харин тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он хөгшинтэй авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ