2.2 иргэн 2012 онд багтаж хувь хишигээ хүртэнэ

img

Өчигдөр чуулганы үдээс хойшхи хуралдаанаар ЗГ-аас санаачлан боловсруулсан Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. ЗГ-аас дээрх хууль, тогтоолийн төслүүдийг багц болгон оруулж ирж байгаа бөгөөд тэдгээр нь найруулгын чанартай болон татварын суурийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хуралдааны үеэр гишүүд ихэвчлэн татвартай холбоотой төслүүдийн талаар тойрч ярилцсан. УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Ганхуяг, Р.Буд, Ж.Батсуурь нарын гишүүд Онцгой албан татварыг нэмэгдүүлэх төслийн талаар, дэлхий дахин эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээ авч байхад ЗГ эсрэгээрээ татвараа нэмэх байдлаар ард түмнийхээ амьжиргааг улам сөхрүүлэх бодлогыг оруулж ирж буй нь ЗГ-ын бодлогод хэр нийцэж байна. Жил бүр Засгийн газраас Авто машины Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулж ирдэг. Үүнээс болж зах зээл дээр авто машины үнэ жил тутамд өсдөг. Үүнтэй зэрэгцээд инфляци үүсч иргэдийн амьдралд дарамт учруулдаг. Ер нь эдийн засаг тэлээд байхад татварын бодлогоор дарамтаар иргэдээ дарамтлах нь туйлын буруу байна. Гаднаас хуучин машин оруулж ирдэг асуудлыг өөр байдлаар шийдэх боломжтой байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудлыг дэмжихгүй байгаа тухайгаа илэрхийлж байв.
Хариуд нь Сангийн сайд, дээрх хуулиуд орлого нэмэгдүүлэхээсээ илүү зохицуулалт хийгдэж байгаа хуулиуд байгаа. Сүүлийн жилүүдэд хөдөлгүүрийн багтаамж өндөртэй, туулах чадвар сайтай, түлшний зарцуулалт ихтэй жийпийн төрлийн машины хэрэглээ их өссөн. Жишээлбэл, өнгөрсөн онд тоолсон нийт суудлын машины 9 хувийг манайд жийп эзэлж байна. Энэ татвар бол дээрх тансаг зэрэглэлд багтах, он хөгшин, өндөр хөдөлгүүрийн багтаамжтай авто тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийг хязгаарлах мөн эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, бага оврын машины нийлүүлэлтийг дэмжих зорилготой хууль юм шүү. Дэлхий нийтээрээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай бага оврын машин хэрэглэж байгаа өнөө үед манай улс дэлхийн хандлагыг сөрөх нь зохисгүйн дээр иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх, авто бензин, дизел түлшний хэрэглээг бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Тиймээс үүнийг татварын бодлогоор зохицуулах нь чухал байгаа хэмээн тайлбарлаж байв. Харин Х.Жекей гишүүн, Хүний хөгжил сангаас хувь хишиг хүтээх тухай тогтоолын төсөлд ахмадууд, оюутнууд гэх мэт 600.0 гаруй иргэний хишиг хувь хүртэх боломж тодорхой байна. Гэтэл үлдэж байгаа 2,2 сая иргэний асуудлыг яах вэ, ЗГ энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тодруулахад, сангийн сайд, Хүний хөгжил сангийн хуулиар бол нийт 600.0 иргэнд 1.5 сая төгрөг бэлнээр очиж байгаа. Эдгээр нь дөрвөн төрлөөр буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, орон сууцанд хамаарч байгаа 30.0 иргэнд хувиарлахаар шийдвэрлээд байгаа. Үлдсэн иргэдэд 1.0 төгрөгийг нэрлэсэн үнээрээ 1.0 төгрөгийн үнэтэй хувьцаа авах уу, 2012 ондоо багтаад бэлнээр нь авах уу гэдэг сонголтыг үлдээж байгаа юм. Энэ асуудлыг 2012 оны 6 сараас өмнө шийдэхээр төлөвлөөд байгаа юм гэж хариулж байсан. Ингээд санал хураах болоход Д.Ганхуяг гишүүний төслүүдийг тус тусад нь санал хураая гэсэн горимын саналын томъёоллыг гишүүд дэмжиж төсөл тус бүрээр санал хураав. Санал хураалтын явцад гишүүдийн олонхийн саналаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, бусад хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Тогтоолын төслийн танилцуулгыг Хууль санаачлагчийн зүгээс Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны гишүүн А.Тлейхан нар уншиж танилцуулсны дараа гишүүд уг тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа хэлж асуулт тавив. Хэлэлцүүлгийн явцад гишүүд салбарын сайд болон холбогдох албаны ажилтнуудаас асуулт асууж, тодруулга авсны дараа цаг нэгэнт орой болсныг хурал даргалагч хэлээд маргаашийн нэгдсэн хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэн өнөөдрийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ