
Саяхан Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөв. Энэ сэдвээр МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор Цэрэнгийн Сүрэнжавтай ярилцсаныг доор сийрүүлж байна.
-Энэ гуравдугаар сарын эхээр Монголд сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Та сэтгүүлчийн мэргэжлээр олон жил ажилласан ахмад сэтгүүлчийн хувьд энэ талаар юу гэмээр байна?
-Тийм ээ. Сэтгүүл зүйн 100 жилийн ойг, сэтгүүлчдийн баяр, ерөөс нийт олны баяр болгон ёс төртэй тэмдэглэлээ. Энэ арга хэмжээ нь Монголын сэтгүүл зүй ардын хувьсгалаас өмнө, автономитын үед бий болж эдүгээ хүртэл төлөвшиж тогтож ирсэн томоохон салбар юм гэдгийг нийтэд тунхагласан хэрэг болов. Үүнийг ч төр засаг өндрөөр үнэлж улсын ерөнхийлөгч үг хэлж баяр хүргэсэн нь нийт сэтгүүлчдийн урмыг сэргээж, итгэл үнэмшлийг бэхжүүллээ. Чухам ямар үндэслэлээр 100 жилийн ойг товлон тогтоосон нь эрдэмтэн судлаачдын хэрэг байсан байж таарна. Монголын сэтгүүл зүй үүсч мэндэлсэн тэр цагаас өнөөдрийн өдрийг хүртэл хэцүү хүчрийг дааж, ачаа тээшийн хамаг хүндийг нэр төртэй үүрч ирсэн бүхий л сэтгүүлчдэд ахмад залуу гэлгүй адилхан баяр хүргэж талархал илэрхийлэх нь хүний ёс юм.
- Сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүй, сэтгүүлчийн эрхийн асуудлыг та хэрхэн үзэж байна?
-Ерөөс ганц сэтгүүл зүй ч биш, аливаа бүхий л ажил мэргэжил бүгд өөрийн гэсэн зарчимтай, ёс зүйтэй, өөрийн гэсэн эрх дархтай, бас үүрэг хариуцлагатай байдаг ёстой. Сэтгүүлч гэдэг мэргэжил, сурвалжлагч гэдэг ажил нь нийт олны өмнө, төр засгийнхаа өмнө, мэргэжлийнхээ өмнө, хувь хүнийхээ хүн чанарын өмнө хариуцлага хүлээж байдаг. Энэхүү ариун үүрэг хариуцлагаа хөсөрдүүлбэл эрүүл саруул сэтгүүл зүй гэхэд эргэлзээтэй болж тэр даруйд өчүүхэн ичгүүр болох билээ. Сэтгүүл зүйг өөрөөр бас мэдээлэл зүй ч гэж хэлж болно. Мэдээлэлгүй бол алив нийгмийн ил тод байдал, шударга ёс гэж ярих нь илүүц хэрэг юм. Өнөөдөр бид Монголын сэтгүүл зүйн эрх зүйг хуулиар тогтоож хуулчлахыг хүсэн хүлээжбайна. Би хувьдаа эрхийн зохицуулалт, хууль хууль гэхээсээ өмнө ёс зүй, ёс суртахуун гэж хүчирхэг зохицуулалтыг өргөн ашигламаар санагддаг юм. Нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулна гэвэл зарим талаар догма болдгийг нийтээр мэднэ. Зохиомол хууль дүрэм гэхээс илүүтэй зуу зуун жил дагаж мөрдөж ирсэн ёс суртахууныг чандлан сахих нь ч дээр байж мэднэ.
-Сэтгүүлч сурвалжлагч хүн юуг эрхэмлэж, ямар зарчим барьж, яаж ажиллах ёстой гэж та хэлэх вэ?
- Энэ бол сэтгүүл зүйн амин сүнс болсон асуудал юм. Үүнд бас сэтгүүлчийн арга барилын асуудал ч холбогдоно. Сэтгүүл зүйн салбарт хүчээ өргөж, адгийн наад захдаа түүгээр хоолоо олж идье гэвэл юуны өмнө мэдлэгтэй ядахдаа юухан хээхэн ч болов гадарладаг байх ёстой. Бас мэдээлэлтэй байх ёстой. Мэдээлэлгүй хүн юугаа ч мэдээлэх билээ дээ. Мэргэшсэн байх ёстой. Сэтгүүл зүйд мэргэжил онц чухал. Сэтгүүлч гэдэг нь сайтар мэргэшсэн мэргэжилтэн байх ёстой. Нөгөө талаар мэдрэмжтэй байх ёстой. Эдгээр чадварыг эзэмшээгүй байж бусдыг дуурайж, бусдыг даган баясалцаж, урсгалаар явъя гэвэл өөрийн өчүүхэн биеийг өмгөөлсөн төдий л хэрэг болно. Зарим ухвар мөчид хүмүүс сэтгүүлч гэдэг нь хэнбугай ч хийсэн нэр зүүгээд яваад байж болох мэргэжил гэж ташаа боддог бололтой. Уучлаарай та тийм юм байж таарахгүй гэмээр байна. Өөрөөр хэлвэл сэтгүүл зүй гэдэг нь хэнийг ч агуулаад явдаг агуулах сав, тийм салаа салбар биш билээ. Ийм байдал байсаар байгаа учраас би энэ тухай дурдаж байна.
-Монголын сэтгүүл зүйд бусармаг зүйл байна уу? Байвал та юуг жишээ болгох вэ?
-Энэ бол нилээд ноцтой асуудал юм. Шуудхан элдэв тайлбаргүй хэлвэл бусармаг байтугай, булай явдал ч байсаар байгааг бид харж мэдэж байгаа шүү дээ. Заримдаа би Монголын сэтгүүл зүйг хатуухан хэлвэл худалдагдсан сэтгүүл зүй болчихоо юу гэж боддог. Үүний гол буруутан нь бид өөрсдөө юм. Зарим сэтгүүлч нэр зүүгчид эзэндээ боолын ёсоор зүтгэж зарцлагдах явдал ч мэр сэр байгаа шүү дээ. Мэдээж хэрэг өөр олон шалтгаан, өдий төдий хүчин зүйл бий л дээ. Албан тушаалаар түрий барих, хуулийн байгууллагад нөлөөлөхийг оролдох, мэдээллээр хангах үүргээ умартах, бусдыг муучлуулж, өөрийгөө өргөн сайшаалгахыг хүсэгчид мөнгө цаас амлах, албан тушаалаар өгөөш болгох зэрэг нь сэтгүүлчдийг байнга дарамталж даллаж байдаг юм шиг байгаа юм. Үүнээс ангид байж чадвал сэтгүүл зүйг цэвэр ариун байлгаж сэтгүүлч нэрэндээ эзэн байж чадах билээ. Бас нийгэмд садар самууныг ичгүүр сонжуургүй сурталдаж, хүн ардын ялангуяа хойчийн иргэдийн оюун санааг хордуулж байгаа нь ч бусармаг гэхэд багадмаар зүйл юм. Та өөрөө иймэрхүү юм бичиж хэдэн төгрөг олж амьдарч болдог юм гэхэд хүн ардын оюун ухааныг буртаглаж болохгүй шүү гээд хэлж орхиё.
- Мэдээллийн хэрэгсэл дотроо телевиз бол хамгийн хүчирхэг, хамгийн багтаамж ихтэй нь юм. Монголд өдий төдий олон телевиз байгуулагдаж өрсөлдөж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Ганц Монголд ч биш ерөөс дэлхий дахинд ТВ гэдэг нь мэдээллийн тэргүүлэх хэрэгсэл нэгэнт болоод байна. ТВ-ийн ажил мэргэжил бол үзүүлж, таниулж, сонсгож, сурталчилах гээд бололцоотой бүх аргыг цогцолбор байдлаар ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг мэдээллийн онцгой хэрэгсэл юм. Нэг үгээр хэлвэл үзэгчдийн мэлмийг мэлтийлгэж, сонорыг сортойлгож байдаг. ТВ нь бие даасан нэгэн зүйл урлаг. Үзүүлж таниулахын урлаг юм. Радио гэвэл өгүүлэхийн урлаг гэж боддог. Мэдээлэл гэх нь мэдүүлэхийн урлаг гэж болно. Нөгөө талаар ТВ-ийн дэлгэц өрсөлдөөн уралдааны талбар боллоо. Ганцхан төв ТВ-тэй байхад ийм юм байсангүй. Өнөөдөр өдий төдий хувийн, арилжааны гэхчилэн ТВ-тэй болсон болохоор нэр төр, ашиг орлогын өрсөлдөөн тулалдаанд цөм татагдан оржээ. Цаашид юу болохыг одоо хэлэхэд арай эрт байгаа байх. Миний бодол гэвэл чанартай цөөхөн нь дээр гэж санах юм. Харин алдаа ташаа, арга ядсан байдал зэргийг нь тоочоод барахгүй, тоолоод тогтоохуйя бэрх болжээ. Бүр заримдаа ТВ-ийн дэлгэц гэдэг бол тэнэглэхийн талбар арай биш баймаар гэж санагдах нь ч бий. Үг хэлний талаар хэлэх ч юм биш.
-Монголын сэтгүүл зүйд амь бөхтэй зууралдаж ирсэн бугшмал байдал арилж эхлэж байна гэж үзэж болох уу?
-Миний төсөөлөхөөр Монголын сэтгүүл зүйд базаахгүй бугшмал байдал олон жил үргэлжлэв. Харин сүүлийн ганц нэг жилээс энэ байдлыг засах гэж шинэ удирдлага нь юухан хээхэн хийж байгаа юм шиг байна. Гэхдээ дорвитой, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж хараахан эхлээгүй, эхлэхгүй байна. Хуучин найзан дундаа шийдвэр гаргадаг, тал тохой татдаг, биесээн урамшуулан шагнадаг, залуусыг үл тоодог, урмыг нь хугалдаг, ууцыг нь гишгэдэг, ахархдаг, ихэрхдэг, онолчирхдог, номчирхдог гээд бусармаг арга барилаасаа эрс шуурхай ангижирч чадахгүй байгааг бид харж байна. Үүнийг үндэс язгуураас нь эрж хайх цаг болжээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшүүлдэг заадаг зурдаг, загнадаг залхаадаг, ялгадаг ягтуулдаг багш эрдэмтдээс нь ч эрэхэд гэмгүй гэж бодогдоно. Өнөөдөр гадаад оронд сэтгүүлч мэргэжил эзэмших нь өдрийн од шиг болжээ. Манай ахмад нэр нүүр бүхий сэтгүүлчид хуучин ЗХУ-ын их дээд сургуульд сурсан байдгийг бид мэднэ. Харин одоо Монголд ихэнх нь монгол боловсролтой сэтгүүлчид болсон нь сайшаалтай хэрэг юм.
-Дээрх асуудлаас улбаалж асуух нэг зүйл байна. Юу гэвэл та олон жил Хятадад МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар ажилласан болохоор Хятадын сэтгүүл зүйн талаар нилээд тодорхой ойлголттой байх ёстой. Энэ талаар...?
- За, би Хятадад нилээд хэдэн жил сурвалжлагчийн ажил хийсэн болохоос харин ямар нэг сэтгүүлчийн сургуульд су-раагүй л дээ. Гэхдээ ажлын шаардлагаар явцын дунд хятадын сэтгүүлчид, бас гадаад орны сэтгүүлчдийн ажил мэргэжлийн талаар ажигласан, анзаарсан юухан хээхэн бий л байх. Мэдээж хэрэг Монгол, Хятадын сэтгүүл зүй гэдэг бол арай өөр өөр утга чанартай гэдэг нь тодорхой. Хятадын сэтгүүл зүй, мэдээлэл зүй гэдэг нь харьцангуй ил тод байдал нь дутмаг, нэг намын заавраар явдаг, хатуу талдаа хяналттай, хариуцлагын тогтолцоотой сэтгүүл зүй гэж хэлж болно. Нөгөө талаар радио, ТВ, сонин, сэтгүүлийн сонсогч, үзэгч, уншигч гээд хэрэглэгч асар олон болохоор санхүүгийн талаар ихээхэн бэхжсэн байдал ажиглагддаг. Нэгэнт санхүү-гийн талаар ихээхэн бэхжсэн байдал нь сэтгүүлч сурвалжлагчдын цалин цуух, техник хэрэгслийн хангамж нь тэр хэмжээгээрээ өндөр байдаг бололтой юм билээ. Ер нь бид, манай сэтгүүлчдийн байгууллага Хятадын их дээд сургуульд цөөхөн тоогоор ч болтугай оюутан сургаж сэтгүүлч бэлтгэхэд анхаарах цаг болсон гэж боддог. Энэ нь сэтгүүл зүйн тэнцвэртэй байдлыг бий болгоход ихээхэн ач тустай болох нь эргэлзээгүй юм. Өнөөдөр манай төр засгийн тэргүүн нар Хятадад айлчлал хийхэд дагаад сурвалжлаад ирэх хэлтэй, хятадыг гадарладаг сэтгүүлч хэд билээ гээд бодоход санаа зовмоор л байгаа билээ.
-Та Хятадад сурвалжлагч байхдаа ямар ямар томоохон үйл явдлыг сурвалжилж байв?
-Тэр бүхнийг ярина гэвэл нилээд цаг, нилээд цаас гарздахад хүрнэ. Гэхдээ товчхон өгүүлвэл арван хэдэн жилд 90-ээд оны эхнээс 2009 он хүртэл сурвалжлагчаар ажиллахдаа олон удаагийн томоохон үйл явдлуудыг үзэж өнгөрөөж сурвалжилж мэдээлж байжээ. Манай хэд хэдэн ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргын албан болон ажлын айлчлалыг сурвалжилж, засгийн газар хоорондын комиссын хурлуудад орж орчуулж, ХКН-ын 3 удаагийн их хурлын нээлт хаалтад оролцож, жил бүрийн “хоёр чуулган”-ыг мэдээлж сурталчилж явжээ. 2008 оны олимпийн үеэр Бээжинд байж манай олимпийн анхны алт, мөнгөн медальтнуудыг хажуугаас нь харж яаран сандран мэдээлж явлаа. Гэхдээ одоо эргээд санахад ядруухан орны ядуухан сурвалжлагч байсан болохоор ормоор оролцмоор олон чухал үйл явдалд оролцож чадаагүй юм даа.
-Манай гадаад дахь тусгай сурвалжлагчийн цалин хангамж ямар байдаг юм бэ?
-Миний мэдэхээр Бээжинд суудаг гадаадын тусгай сурвалжлагч дотроос хамгийн бага цалин авч, хангамж гэхээр юм юу ч үгүй суудаг нь Монголын сурвалжлагч байдаг байсан юм. Үүнд хэн нэгийг буруутгах аргагүй. Эндэх жишгээр цалин авч, Бээжингийн жишгээр ажиллаж амьдарна гээд бод л доо. Заримдаа ичих эрээлэх явдал гарч л байлаа. Сард 400-500 мянган төгрөгийн цалин авч 4-5 мянган долларын зардал гаргаж байв. Аргагүйн эрхэнд аж ахуйн компанид давхар ажиллаж байснаа нуугаад ч яах билээ. Гэтэл Оросын ИТАР-ТАСС-ын сурвалжлагч гэхэд л бүх зардал томилолтоос гадна гар дээрээ авдаг цалин нь 7500 доллар байсан юм даа. Гэхдээ “Мини-махс” гэж нэг сайхан зарчим байдаг даа.
- Ойрмог Хятадын “хоёр чуулган” болж төгсөв. Та энэ талаар ямар мэдээлэл авав?
- Тийм ээ. Энэ сард Хятадын нийслэлд “хоёр чуулган” болж өнгөрлөө. Энэ удаагийн 12-р “хоёр чуулган” Хятад улсын улс төр, нийгмийн амьдралд онцгой чухал түүхэн үйл явдал болж өнгөрөв. Шинэ удирдлагын цөмийг чуулганы бүгд хуралдаанаар сонгон гаргаж баталгаажуулав. Өнгөрсөн 10 жилийн ажлын гүйцэтгэлийг хэлэлцэж, ирэх 5 жилийн хөгжлийн хэтийн төлөвийг товлон тогтоов. Хятад улсын шинэ үеийн удирдлагын багийг шинээр томилогдсон ерөнхийлөгч Си Жинпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БХАИХ-н байнгын хорооны дарга Жан Дэжян, БХУТЗЗ-ийн байнгын хорооны дарга Юү Жэншэн нарын 7 хүнээр бүрдүүлж баталгаажуулав. “Хоёр чуулган”-ы дараа болсон гадаад дотоодын сурвалжлагчдыг хүлээн авсан хэвлэлийн бага хурал дээр шинээр томилогдсон Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэчян онцлон тэмдэглэхдээ, “манай цаашдын хөгжлийн хөдөлгөх хүч нь шинэчлэл мөн” гээд “ажлаа ёсоор хийж, иргэнээ гол болгон, хотлоор ашигтай байя” гэж мэдэгдэв.
Таны ажилд амжилт хүсье .Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан М.Энхээ
Эх сурвалж “ТВ 7 хоног” сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ