Олимпийг угтан цэнгэлдэхээ засч эхэлжээ

img

  Олимпийн наадмыг улс орондоо зохион байгуулна гэдэг ихээхэн нэр хүндийг дагуулдаг. Ирэх 2016 оны зуны олимпийг Рео Де Жанеро хотноо зохихоор товлосон. Тиймээс Бразилчууд 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах стадионуудыг засварлаж эхэлсэн байна. Тус хотын дарга Эдуардо Паес саяхан олимпийн наадмыг зохиох стадионуудад зайлшгүй засвар хийх шаардлагатай хэмээгээд засварын ажлыг эхлүүлжээ. Тэмцээн уралдаан зохиох хэд хэдэн томоохон стадионыг засварт оруулахын тулд пүрэв гаригаас эхлэн албан ёсоор хааж байгаа аж. Ойрын нэгээс хоёр жилийн хугацаанд засвар шинэчлэлийн ажлыг хийж, түүний дараагаар олимпийн хотхоныг тохижуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ноён Эдуардо Паес “Засвар шинэчлэлийн ажлыг одооноос эхлэх нь зөв. Учирч болох эрсдлээс сэргийлж байна гэсэн үг. Засварын ажлыг чанартай сайн явуулахын тулд ч стадионыг бүрмөсөн хааж байгаад хийсэн нь дээр гэж шийдсэн” гэжээ. Наадмыг дөрвөн том стадионд хувааж хийхээр төлөвлөсөн аж. Тэдгээрийн хоёрыг энэ ондоо багтаан засварлаж дуусах шаардлагатай гэнэ. Учир нь Маракана хэмээх стадионд ирэх жилийн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тоглолт болох юм байна. Нэн түрүүнд засварлах шаардлагатай гэгдэж байгаа хоёр стадион нь 2007 онд Пан Америкийн аваргын тэмцээнд зориулагдан барьж байжээ. Түүнээс хойш нэг ч засвар хийгээгүй  тул олимпийн наадмаас өмнө заавал засах шаардлага тулгарсан аж. Стадионуудыг засахад 190 сая ам.долларын төсөв баталжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ