
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярын буюу Бааварын эрүүл мэндийн талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын дуу бичлэг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Баавар хоригдож байхдаа хүндээр түлэгдэж, биеийн байдал нь сайнгүй байгааг эмч нар хэлж байгаа. Түүний хамтлагийн гишүүн Г.Эрдэнэбилэг, гитарчин Д.Өлзий-Орших, “New star” студийн захирал Л.Энхмандах, “Voice” хамтлагийн дуучин Б.Баттулга, реппер Gee тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр ийнхүү нэгдсэнээ зарлалаа.
“Бид Баабарыг эдгэртэл нь хамт байх болно. Урлагийн халуун ам бүл нэгнээ хэзээ ч орхихгүй, түүний орон зай энэ салбарт үгүйлэгдсэн хэвээр байна” хэмээн гитарчин Д.Өлзий-Орших онцолсон. Ялангуяа, Ш.Батбаярыг өөрийн буруугаас гэмтсэн мэт ташаа мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа илэрхийллээ. Энэ үеэр МУГЖ Т.Ариунаа “Монголчууд бид бие биенийхээ төлөө үнэн үгийг хэлж чаддаг байх ёстой. Бидний анд найз өнөөдөр маш хүнд байдалтай эмнэлэгт байна. Нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс түүнийг хурдан эдгээрэй гэж хүсэж байна.
Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулна гэдэг өвөг дээдсийн маань мэргэн үг бийг санаж, түүний хийсэн алдааг уучлая. Баавар бол шулуун шударга зантай, цайлган цагаан хүүхэд. Түүнд хүнд байх сайхан чанарууд бүгд бий. Тэр хүн өнөөдөр эрүүл мэнд, гоо сайхан, бие мах бодиороо хохирсон байхад монголчууд бид сэтгэлийн дарамт өгч болохгүй. Харин ч сэтгэлийн дэм өгч сайхан сэтгэгдэл бичих ёстой” гэв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ