
Америкийн Оклахома муж улсын Талса хотын шүдний эмч долоон мянга орчим өвчтөндөө дархлал хомдлын вирус болон халдварт шар өвчин халдварлуулсан байж болох юм гэж ВВС радиостанц мэдээлжээ.
Эндхийн эрх баригчдын дурдсанаар, доктор Скотт Харрингтоны эмнэлэгт эрүүл ахуйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж байсныг илрүүлжээ. Зүүг хэд хэдэн удаа хэрэглэж, тоног төхөөрөмжийг огт ариутгалгүй, бас зарим эмийг ерөөс зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглэж байсан зэрэг эрүүл ахуйн хамгийн наад захын дүрмийг сахидаггүй байсан байна.
Үүний дээр эм бэлдмэлийн шүүгээ нь байнга нээлттэй байж, үүнийг нь хэн ч харж хандаж байгаагүй ажээ. Зарим эмийн хугацаа бүр 1993 онд дууссан байна гэж телевизийн "ABC news" суваг дурджээ. Харрингтоны нэг өвчтнөөс ХДХВ болон С гепатит илэрсний дараа энэ эмнэлгийг шалгаж эхлэсэн байна.
Шүдний эмчид хандаж байсан бүх өвчтөнд сэрэмжлүүлсэн захидал явуулжээ. “Зөрчил хичнээн удаан үргэлжилснийг бид мэдэхгүй, тиймээс В, С гепатит, түүнчилэн ХДХВ-ийн шинжилгээ өгөхийг доктор Харрингтоны бүх өвчтөнд бид зөвлөсөн” гэж Оклахома муж улсын эрүүл мэндийн газрын мэдээнд өгүүлжээ.
Одоо эмнэлгийн төвийг хааж, шүдний эмчээр бараг 40 жил ажилласан тус төвийн тэргүүн эмчилгээ явуулах зөвшөөрлөө сайн дураараа хураалгаж, одоо тэр мөрдөн байцаагч нартай хамтран ажиллаж, мэдүүлэг өгч байгаа ажээ. Шүүн таслах ажиллагааг дөрөвдүгээр сарын 19-нд явуулахаар товлосон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ