Барих загасгүй, балгах усгүй болох нь
Сүүлийн хэдхэн жилийн дотор манай орны гол мөрөн ширгэж, ан амьтан устан үгүй болж байна. Улаанбаатар хотоор урсдаг Туул гол л гэхэд хэсэг газартаа урсгал нь татарч ширгэх аюулд хүрээд байна.
Хараа, Ерөө гээд голуудад цутгадаг гол мөрөн нэгэнт ширгэчихсэн. Гэтэл барилгын компаниуд томоохон үйлдвэрүүд ширгэж байгаа цөөхөн хэдэн гол мөрний эрэгт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь харамсалтай. Зөвхөн гол мөрөн ширгээд ч зогсохгүй загас жараахай ан амьтад нь ч дагаад устаж үгүй болсоор байна. Манай ард түмэн хуулиараа хориглочихсон улаан номонд орсон “тул, хилэм” загаснуудаа ч барьж агнасаар мөхөөх аюулд хүргээд байгаа.
Загасыг агнахдаа хэдийгээр хуулиндаа тор хэрэглэж загас агнахыг хориглосон ч иргэдийн ихэнх нь тороор загас агнаж, тэсэлж дэлбэлсээр байгаа юм.
Торыг нарантуул захад худалдаалж, хөдөө орон нутгийн иргэд их хэмжээгээр худалдаж авдаг гэдгийг загасчид бүгд мэддэг байна. Мэдээж загасчид мэдэж л байгаа хойно, хууль хяналтынхан биш юмаа гэхэд Нарантуул захын удирдлагууд мэддэг л баймаар.
Гэвч “тул”, “хилэм” загасны тоо толгой эрс багасаж, өдгөө устсан гэдгээс харахад наймаачид нь тороо зарсаар л, иргэд нь худалдаж авсаар л, түүнийг нь харж хөндлөнгөөс ажиглаж байгаа цагдаагийн байгууллагынхан нь хуулиа “гууль” болохыг харсаар л байгаагийн илрэл биш гэж үү.
Уг нь бол 4дүгээр сарын 1нээс 6дугаар сарын 15-ны хооронд загас дүрсээ шахдаг учир энэ үед загас агнахыг хориглодог. Гэтэл иргэд яг энэ үед тор худалдан авч загас агнах нь ихэссэн байна. Ингэснээр үр удмаа үлдээх, үржих хугацаанд нь агнаж, устгаж байгаа гэдгийг Монголын цэнгэг усанд загасчлах спортын холбооны ерөнхий нарын бичгийн дарга А.Мөнгөнхуяг хэлж байгаа юм. Түүний хэлж байгаагаар урин дулаан болохтой зэрэгцэн ард иргэд загас агнах нь ихэсдэг. Харин яг энэ үед загас дүрсээ шахаж байдаг учир хуулиараа хориглосон.
Гэвч энэ нь монголын хууль гурав хоног гэдгийн жишгээр цаасан дээр л хэрэгждэг болсон. Уг нь энэ үед нь загас агнахгүй байвал үржих боломжтой гэдгийг хэлж, ард иргэдэд ганцхан жилийн дараа үр дүнгээ өгсөн байхыг харна гэж итгэлтэйгээр амлаж байгаа юм. Манай улсад зөвхөн тул хамгалах холбоо л гэж байдаг. Түүнээс биш бусад загасыг хамгаалах, үржүүлэх тал дээр ажилладаг хүн тун ховор аж.
Монгол Алтайн нурууны нутаг дэвсгэрт 3 баг, 6 овгийн 11 зүйлийн загас бий. Эдгээрээс Монгол хадран, шивэр хадран, алтайс сугас, жарга, шивэр,сугас, алган загаснуудыг спортын агнуурт өргөн хэрэглэдэг байна. Харин одоо иргэдийн хууль бусаар агнаад байгаа Тул хилэм загасыг хуулиараа хориглосон ч, загасчид ч иргэд ч аль алин нь зөвхөн хориотой гэх эдгээр загасуудыг “онилсоор” дуусгаж байна Манай улсад саяхан анх удаа багануур дүүрэгт хоёр тул алсан иргэнийг шүүж нэг сая төгрөгөөр торгосон байна.
Хэдийгээр хууль дүрэмтэй улс ч, хяналт тавьдаг байгууллага , түүнийгээ мөрддөг иргэд гэж үгүй манай ард түмэн хэдхэн жилийн дараа барих загасгүй, балгах усгүй болох нь ойрхон байна.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ