Долоо хоногийн тойм
Өнгөрөгч долоо хоногт нийгэм, улс төрийн амьдралд болсон гол үйл явдлаас сорчлон хүргэе.
“МИАТ”-ын Гүйцэтгэх захирал хууль зөрчсөн гэв
“МИАТ” компанийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Билэгсайхан өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийж, шинэ удирдлагаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн хардаж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр ”Сэжиглэж, хардах олон асуудал гарч байна. Тухайлбал, 2011 онд хоёр тэрбум төгрөг катерингид шилжүүлсэн. Гэтэл манай удирдлагууд шатахууныхаа мөнгийг төлж чадахгүй чичирсэн мөртлөө катерингийн мөнгийг шилжүүлж ирсэн байна.
Тодорхойгүй 1.8 тэрбум төгрөгийн асуудлыг шалгуулж байна” гэсэн юм. Өнгөрсөн жилүүдэд Г.Жаргалсайхан захирлын тушаалаар Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг шилжүүлдэг байсан гэх мэтчлэн санхүүгийн шинжтэй хэргүүдийг шалгуулж эхэлсэн тухай хэвлэлийнхэнд дуулгасан юм.
Шинэ удирдлага Г.Жаргалсайхан нь хуучин захирал Ц.Орхонтой адилхан нууц тушаал гаргаж эхэлсэн гэнэ. Тухайлбал, тус компани вино худалдан авахад жилд 500 сая төгрөг зарцуулдаг аж. Өнгөрсөн жилд ширхэг бүрийг нь 5.6 еврогоор авдаг байжээ. Гэтэл энэ жил 4.7 еврогоор худалдан авах санал орж ирсэн атал 7.6 еврогоор вино худалдан авах гэрээ байгуулсан зэрэг маш олон булхай луйвар хийж байна гэдгийг онцолсон.
Өдгөө тус компанийг Төрийн өмчийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, Аудитын газраас томилогдсон мэргэжилтнүүд шалгаж байна. Нэг жишээ татахад, саяын аудитын шалгалтаар л гэхэд тус комданийн санхүүгээс 130 сая төгрөг дутсан аж. Түүнээс гадна хууль зөрчсөн гэрээнд захирал Г.Жаргалсайхан нь андуурч гарын үсэг зурсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хардлагыг төрүүлж байгаа гэдгээ нуусангүй. Энэ долоо хоногт “МИАТ” компанийн санхүүгийн шалгалтын дүн гарах юм байна.
Уул уурхайн сайд ажлаа тайлагналаа
Уул уурхайн сайлын өгч буй мэдээллээр Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын тал хувь, “Багануур” ХХК, “Шивээ-Овоо”ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид тус тус шилжүүлэх тогтоол гаргажээ.
Түүнчлэн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохистой хувилбарыг сонгоно. Ураны Мардай, Дорнод, Гурван булгийн ордуудыг ашиглах боломж, нөхцлийг судалж, төрийн
эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор болсон байна. Мөн Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтэс болон Газрын тосны газрын холбогдох албанынхан Роснефть компанитай шатахууны үнэ бүрдэлтэд ил тод байдлыг бий болгох гэрээ хийхээр ОХУ-д ажиллаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, энэ сарын 19-нд Газрын тосны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-д ажиллах үеэр манай улсаас экспортлож байгаа “Дачин-33” ангилалын газрын тосны үнэтэй уялдуулж өрсөлдөх чадвартай үнээр нефтийн бүтээгдэхүүн импортлох гэрээ байгуулжээ. Үүнтэй адил гэрээ байгуулахаар дээрх ажлын хэсэг ОХУ-г зорьсон байна. Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сулаас тухайн сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувь нь өөр эх үүсвэрээс нийлүүлэгдэж байна.
Тухайлбал, БНСУ-аас 14000 тонн бүтээгдэхүүн, БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж сард 10.000 тонн хүртэлх шатахууныг /АИ-92, дизель/ 100-150 ам.долларын хямд үнээр авахаар болсон. Салбарын сайдын хэлэхээр “Эрдэнэтийн овоо”-ны орд орчимд хайгуулын ажил хийж, хэтийн төлөв өндөртэй гэж тогтоосон талбайнуудыг Засгийн газар нөөцдөө авах нь зүйтэй гэсэн саналыг тус яамнаас Засгийн газарт танилцуулсан. Ордын орчимд тогтоогдсон хэтийн төлөв бүхий зургаан талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, гурван талбайг Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын10-ны өдрийн тогтоолоор нөөцөд аваад байгаа аж.
Ноолуурын салбарт 95 тэрбум төгрөг зарцуулна
Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт “Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгээс илүүгүй хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж 95 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлэхээр болов.Төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд самнах, нарийн ээрэх, нэхэх, сүлжих, оёдлын тоног төхөөрөмж суурилуулах технологийн шинэчлэл хийхээр захиалжээ. 2013 онд ноолуур угаах, самнах зэрэг эхний дамжлагаа хийдэг болох бөгөөд ирэх жилээс утсаа ээрдэг болох зорилт тавьж байгаа аж.
Энэхүү төслийн үр дүнд түүхий ноолуурын экспортыг зогсоож, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 20 мянган ажлын байр бий болж, орон нутагт 200 гаруй сүлжмэл болон оёдлын жижиг үйлдвэр байгуулагдана гэж тооцжээ.
Хатуу хучилттай замыг бондоор санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ
Засгийн газрын хуралдаанаар 2013 онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай 1400 км замыг Чингэс бондын мөнгөөх санхүүжүүлнэ.
2016 онд багтаан 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд Чингис бондын санхүүжилтээр 2013 онд баригдах авто замын барилгын ажил болон технологийн хяналт хийх жагсаалтыг уржигдрын Засгийн газрын хуралдаанаар баталж, замын ажилд шаардагдах 570 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын даргад зөвшөөрсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа галд түлэгдсэн “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавартай холбоотой асуудлуудад өнгөрөгч долоо хоногт мэдээлэл өгсөн юм. Одоогоор галын дүгнэлт гараагүй аж. Гэхдээ ШШЕГ-ын даргын зөвлөл хуралдаж албан хаагчдад хариуцлага тооцжээ.
Зөвлөлийн хурлаар Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Ц.Очгэрэлийг гурван сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах шийдвэрийг гаргажээ. Мөн тухайн өдөр уг хэрэгт биечлэн хяналт тавьж чадаагүй Д. Өлзийбат, Э.Тамир, Бааварыг өөр өрөөнд гав хэрэглэн дур мэдэн хорьж, энэ арга хэмжээний тухай тэмдэглэл үйлдээгүй ээлжийн дарга Х.Дэндэн болон Б.Бямбадорж, Д.Батболд, холбоочин Н.Цэнд-Аюуш, Х.Охиноо нарт халах сахилгын шийтгэл ногдуулсан аж.
Н.Түвшин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ