
МУГЖ, Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа түүний дуу хуурыг сонсох дуртай фенүүддээ зориулан “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Дуучин хэмээх эрхэм алдраар дуудуулан 27 жил урлагийн алтан тайзнаа залагдаж яваа тэрбээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх гэрэл зурагт мөнхөрсөн он цагийн хэлхээсийг ийнхүү фэнүүддээ дэлгэн харуулж байгаа нь энэ аж. “Blue Mon” цамхагийн арт галерейд нээгдсэн энэхүү үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Нээлтийн ёслолын үеэр Монголын эстрад урлагийн амьд архив гэж нэрлэгддэг МУСГЗ, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай түүний дуучин болсон анхны гарааны тухай хууч хөөрөв.
Тэрбээр “Би Б.Сарантуяаг 1986-1987 оны үед “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхад нь анх танилцаж байсан санагдаж байна. Тухайн үед олон нийтийн өмнө дуулж хуурдана гэдэг маш өндөр шалгууртай. Өмссөн хувцас, үсний засалт, дуулж байгаа дууны ая, үг зэргийг нэг бүрчлэн шалгаж, шалгуурыг давж байж олны өмнө гарах эрхтэй байсан тэр л үед Сараа маань сайн дуучин болох ирээдүйтэй гэдгээ харуулж байсан юм.
Түүнээс хойш дунд сургуулиа төгссөн хойно нь ХААИС-ийн гадаа тааралдсан юм. За хаана юу хийж байна гэтэл Би энэ сургуульд нягтлан бодогчийн ангид суралцаж байгаа гэлээ. Би загнаад ийм сайхан дуу хоолойтой хүн, нягтлан болоход хайран байна. Чи СУИС-д оч гээд Хайдав багшийн ангид оруулж байсан юм. Үнэхээр Сарантуяа бол байгалаас заяасан чадалтай сайхан хоолойтой. Маш хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч, жинхэнэ дуучин хүн” гэв.
Үнэхээр дуучин Сараагийн “Сэтгэл догдлуулсан үдэш”, “Хайрламаар”, "Аргагүй амраг”, "Best of Saraa”, "Эгэл сэтгэл”, "Хайрын зeрлeг”, "Зүүдний говь”, "Инээмтгий хүн”, "Би жаргалтай”, "Миний аз жаргалын дуу” гээд л сонсогчдын чихэнд хоногшсон олон сайхан дууг нэрлээд баршгүй. Тэрбээр энэ үеэр “27 жил тайзнаа уран бүтээлээ толилууллаа. Тэр хирээр зурагнаас их юм байдаггүй юм байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд миний урлагийн амьдралыг өгүүлсэн 100 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулж, тайлангаа тавьж байна.
Энэ жил би 44 нас хүрнэ. Амьдралынхаа талаас илүү хувийг урлагт зориулжээ. Залуучууддаа хандаж хэлэхэд хүн ямар салбарыг сонгох нь хамаагүй хамгийн гол нь хүн өөрийнхөө хүсч байгаа, дуртай мэргэжлээ л сонгох хэрэгтэй. Ингэж өөрийнхөө дуртай мэргэжлээ зөв сонгож чадвал, сэтгэл хангалуун сайн сайхан амьдрах болно” гэлээ.
Дашрамд дуулгахад, дуучин Б.Сарантуяа энэ сарын 20-нд 17.00 цагаас “UB palace” концертийн их танхимд 44 насныхаа төрсөн өдрийг фенүүдтэйгээ өнгөрүүлэхээр болжээ.

П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ