Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Д.Болдыг үнэлжээ
“Муухан шүлэгтэй байж болно. Ая сайн бол дуу хит болж болно” гэж зарим залуу хамтлаг, дуучид хэлж ярих болсон. Энэ нь уран бүтээлийн чанарыг дутуу үнэлсэн үг гэдгийг бүгд мэддэг ч хөнгөн хийсгэлэн дуу хийж хурдан олны танил болъё гэж боддог залууст тэр тийм ч чухал биш байгаа харагддаг. Тиймээс ч юу гэж хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй усан шүлэгтэй дуунууд дуулагдаж байх нь элбэг болоод байгаа нь сонсогчдод таалагдахгүй байгаа нь ажиглагддаг.
Тэгвэл дуучин Д.Болд дууныхаа шүлгэнд онцгой анхаардаг нь залуу уран бүтээлчдэд үлгэр үзүүлж байгаа хэрэг. Тэрчлэн Д.Болд “Монгол поп” төслийнхөө хүрээнд монгол хэв шинж, шүлгийн айзам хэмнэлийг агуулсан яруу найргийг цомогтоо түлхүү оруулж өгчээ.
Хорьдын саран мандаад ирэхээр
Хоргой дээлийн хээ тодорно
Хоёр бие чандын хол ч гэлээ
Холбоо сэтгэл минь хувирашгүй ээ гэж “Монгол поп” цомгийн “Гоо амраг” дуунд өгүүлдэг байна.
Харин үүнийг харсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Ойрмог ч харагдаагүй монгол яруу найргийн цохилго, хэмнэл байна” гэж дуу алдсан гэдэг.
Энэ нь шилдэг яруу найраг, яруу аялгуу хоёр нийлж гэмээнэ сайн дуу бүтдэг гэдгийг олон таван үггүй хэлсэн хэрэг биз ээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ