“Оролцоог бодит болгоё” сарын аян эхэллээ

img

  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” нэг сарын аян өнөөдөр эхэллээ. Энэхүү аяныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг угтан зохион байгуулж байгаа аж. Тус аяныг эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хуралд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, дэд сайд Ж.Тамир, СЗХҮТ-ийн захирал Б.Нарантуяа, ХАХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, бусад холбогдох яамны төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.   Монгол улсад 2011 оны байдлаар 107190 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь нийгмийн халамжийн асуудал төдийгүй нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой чухал асуудал юм.   Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх албан ёсны статистик мэдээлэл хангалтгүй, тоо баримтууд нь хоорондоо зөрүүтэй гарсаар байгаа нь тэдний талаар бодлого боловсруулах шийдвэр гаргахад хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Тухайлбал, “Хүн ам, орон сууцны тооллого 2010”- аар нийт хүн амын 3.9 хувь буюу 108071 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэж тоологдсон бол 2011 оны статистик судалгаагаар 86865 хүн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн мэдээлэл байна.   НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар 2006 онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц” түүний Нэмэлт Протоколыг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан бөгөөд Конвенцийн үзэл санаа агуулга нь Монгол Улсын хуулиуд, бодлогын баримт бичигт тусгагдан хэрэгжиж байгаа. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбогдох хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй, түүнд тавих хяналт сул, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох эрхүүд нь хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчний нөөц дутмаг, тэдэнтэй харилцах олон нийтийн хандлага төлөвшөөгүй, дэд бүтэц орчны нөхцөл бүрэн шийдвэрлэгдээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд бүрэн шийдвэрлэгдэхгүй байсаар байна.   Иймд “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг удахгүй зохион байгуулах юм. Энэхүү чуулганыг зохион байгуулснаар “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн боловсруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр тодорхой асуудлууд тусгагдах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогыг дэмжин, хамтарч ажиллахыг төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд уриалсан Зөвлөмж боловсруулан гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын зохицуулалтыг хангах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний Хороо”-г Ерөнхий сайдын дэргэд байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлэх зэрэг үр дүн гарах аж. Иймд Үндэсний чуулганыг угтан “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяныг зохион байгуулахаар болсон хэмээн хуралд оролцогчид мэдээлэл хийлээ. Сарын аяны хүрээнд
  • Эрдэм шинжилгээний онол, практикийн хурал
  • Төрийн байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагуудад нөлөөллийн арга хэмжээ, хэлэлцүүлэг, уулзалтууд
  • Их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны суралцагчдыг хамарсан бүтээлийн уралдаан
  • Харааны бэрхшээлтэй иргэд ХАХНХЯ-ны цахим хуудасны мэдээ, мэдээллийг сонсох төсөл
  • Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлийн талаар авч хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүй баримтат кино
  • Төрийн бус байгууллагыг чадваржуулах сургалтууд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх, сэргээн засах үйлчилгээ
  • Телевизийн цэнгээнт болон танин мэдэхүйн нэвтрүүлгүүд
  • Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах зэргийг төлөвлөөд байгаа юм байна.
Сарын аяныг энэ дөрөвдүгээр сарын турш өрнүүлэх бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, холбогдох төр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж. Мөн тус аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтийн санал хүсэлтийг ХАХНХЯ-ны 263018 утас болон  www.khun.gov.mn  сайтаас авах боломжтой аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ