
Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болсон. Энэ хуралдаанд НИТХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр цаг үеийн тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан боловч АН-ынхан олонхоороо түрий барьж уг асуудыг авч хэлэлцээгүй аж. Чухам ямар асуудлыг хэлэлцээгүй гэдгийг тодруулахаар НИТХ-ын хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяртай ярилцлаа.
-Та НИТХ-ын хуралдаанд ямар асуудлууд оруулсан юм бэ?
-Би НИТХ хурлын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлыг анхааралдаа авч судалж байгаа. Сүүлийн үед хотын удирдлагын зүгээс иргэдийн эрх ашгийг зөрчсөн, иргэдийг ялгаварлан үзэж хохироох байдал хавтгайрч байгаа талаар иргэд гомдол, саналаа Хүний эрхийн дэд хороонд ирүүлж байна. Эдгээр олон асуудлыг судлаад юуны өмнө шийдвэрлэх шаардлагатай Иргэд аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж, ашиглаж буй газрууд, ялгавартайгаар хурааж, цуцалсан тухай, Нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчдыг хомроголон халж байгаа, НИТХ-ын өөрийнх нь эрх зүйн чадамж, Гэр хорооллын амьны орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, 2012 оны Нийслэлийн төсвийн тодотголын тайланг хэлэлцэх зэрэг таван асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэх зайлшгүй шаардлага байсан тул оруулсан. НИТХ дахь МАХН, МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн бүлэг ч ингэж үзсэн.
-НИТХ яагаад энэ асуудлыг хэлэлцээгүй гэж бодож байна?
-2012 оны НИТХ-ын сонгуулиар АН олон амлалт авч олонх болсныг бүгд мэдэж байгаа. Сонгогчдод амалсан амлалтаа биелүүлэхийн төлөө иргэдийн төлөөлөгч ажиллах ёстой. Гэтэл АН-хан бүх зүйл дээр олонх гэдгээрээ түрий барьж, өөрсдийн эрх ашгийг гол болгож дээрх асуудлыг авч хэлэлцээгүй. Эдгээр асуудлыг авч хэлэлцвэл тэдний өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлүүд яригдах учир ийнхүү олноороо дайрч давшилж, хүчээр боймлох арга хэрэглэж байгаад их харамсаж байна. Ер нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон тэдний албатуудын сүүлийн үед хийж байгаа үйлдэлүүд нь хууль зөрчсөн хүний эрхийг хохироосон, ялгаварлан гадуурхсан хэлбэрээр илэрч байна. Тэдний хална солино, нураана хураана, хориглоно хязгаарлана гэсэн уриа тунхаглал нь хэрээс хэтэрч байна. 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлд газар эзэмшиж ашиглаж байсан 105 иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хүчингүй болголоо. Энэхүү шийдвэрээс харахад иргэдийг ялгаварлан үзсэн нь илэрхий байгаа.
-Ямар үндэслэлээр ийм дүгнэлтэд хүрэв?
-Маш олон жил ярьж байгаа олигархууд хүүхдүүдээс булааж авсан Паркийн газрын асуудлыг огт ярихгүй зориудаар орхигдуулсан. Паркийн газрыг АН-ын гаралтай олигарахууд санхүүжүүлэгчид нь хувааж авсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Нийслэлийн Засаг дарга нийтийн эрх ашгийг үнэхээр хүндэтгэж, хууль хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой. Түүнээс гадна Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр дээр зөвшөөрөл нь олгогдсон Дүнжингаравын асуудал, Туул голын эрэг, Оргил рашааны аман дээр байгаа Э.Бат-Үүл даргын өөрийнх нь “Эрдэнийн төгөл” хотхоны асуудал ч яригдах ёстой.
-Төрийн албан хаагчдийг хомроголон халж байна гэлээ. Бодитой баримттай жишээ байна юу?
-Хамгийн сүүлд л гэхэд АН-ын батлахгүй гээд СХД-ийн хэсгийн хороодод ажилладаг 90 хүнийг нэг дор ажлаас халсан байна. Тэд үүнийг эсэргүүцэн өнөөдөр /өчигдөр/ дүүргийнхээ Тамгын газрын байшингийн өмнө жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Ер гь жишээ баримтыг зөвхөн би хэлэхээс гадна та ч мэдэж байгаа. 1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөгүй өрх бүл монголд бараг байхгүй гэдэг дээ. Өнөөдөр яг ийм л явдал болж байна. Төрийн албанд ажиллаж байгаа мэргэшсэн чадварлаг хүмүүсийг хэдэн зуу, мянгаар нь халж сольж байгаа нь хэнд ч нууц биш. Төрийн алба ажилд ганцхан шалгуур байгаа нь АН-ын гишүүн болон тэдний хань хамсаатан, хамаатан садангууд байх явдал болоод байна. Нийслэлийн газар агентлаг, дүүргүүдэд нэг өдрийн дотор хэдэн арваас эхлээд хэдэн зуугаар нь ажлаас халдаг явдал хэвшил болох хандлагатай байна. Ажлаас халагдсан хүмүүсийн оронд АН гаралтай нөхөд ажилд орж байна. Тэд төрийн ажлын туршлагагүй, нийтийн эрх ашгийн төлөөх сэтгэлгүйн дээр бусдыг үл тэвчих хүмүүжилтэй жинхэнэ коммунист арга барилтай хүмүүс байгаа.
-НИТХ хуралдаан товлосон цагтаа болж ажил нь хэвийн л явж байгаа юм биш үү. Таны ярианаас сонсоход эрх зүйн чадамжгүй гэж хэлэх гээд байх шиг?
-Өнөөдөр НИТХ-д Ардчилсан нам 26 төлөөлөлтэй. Тэдний 19 нь нийслэлийн газар алба, агентлагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байна. Засаглал хуваах ардчилсан зарчим алдагдсан, Хурал иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадваргүй болсон. АН сонгуульд орохдоо “Бүүр олуулаа” гэсэн уриатай байсныг би санаж байна. Өнөөдөр НИТХ дахь АН-ын төлөөллүүд өдрөөс өдөрт бүүр цөөхүүлээ болдог болоод байна. Учир нь өдрөөс өдөрт, хурлаас хурлын хооронд аль нэг төлөөлөгч нь ямар нэгэн дарга болдог. Ингээд хуралдаа суудаггүй. Зөвхөн өөрийнх нь ажиллаж байгаа газар агентлагтай холбоотой асуудал ярих болвол хуралдаа сууж, өөрсөддөө зориулсан шийдвэр гаргуулдаг байдал хавтгайрсан. Тэр ч байтугай Нийслэлийн Засаг даргын зургаан орлогчийн дөрөв нь НИТХ-ын төлөөлөгч байгаа юм. Нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой чухал асуудал ярих үед Нийслэлийн Засаг дарга нь ч хуралдаа суудаггүй. Сүүлчийн хоёр удаагийн хуралдаанд Э.Бат-Үүл дарга өөрөө оролцоогүй. НИТХ дөнгөж 50 гаруйхан хувийн ирцтэй хуралддаг болоод удаж байна.
-Энэ байдлыг яаж засч залруулах вэ?
-Засах, залруулах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр ихэнх хүмүүс санал нэгдэх байх. НИТХ-д нийтдээ гурван нам эвслийн бүлэг байгаа. АН-ын төлөөлөгчид иргэдийн эрх ашиг, хууль ёсыг дээдлэх ёстой. Сонгуулийн үед амласан амлалтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. НИТХ дахь цөөнх хяналтаа бодитой тавьж, иргэд сонгогчтойгоо нягт хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ нь, АН нийслэлийн гэр хорооллыг тохилог амины орон сууцаар хангана гэж амалсан. Цэвэр бохир усны шугам хоолойг хашаанд нь хүргэж өгнө, иргэд өөрсдийн боломж чинээгээр, өөрсдийн зураг төслөөр байр байшингаа барих боломжийг хангана гэсэн. Одоо тэгтэл аль ашигтай байрлалыг сонгож аваад иргэдийн газрыг булаан авч эхэллээ. Дахин төлөвлөлт гэсэн сайхан нэрээр далдлан, орон сууцны нийтийн хороолол барих явцад АН-ын угшилтай, тэдэнтэй санхүүгийн холбоотой компаниудыг төсвийн санхүүжилтээр ажилтай болгох төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ. 2012 оны Нийслэлийн төсвийн тодотголыг хоёр удаа хэлэлцэж баталсан байдаг. Хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр НИТХ-аар төсөвт тодотгол хийсэн. Төсвийн жил дуусахаас хоёр сарын өмнө маш том дүнтэй төсөв баталсан. Үүний зарцуулалтын тайланг авч хэлэлцэн иргэддээ мэдээлэх учиртай.
Би НИТХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд хуралд оруулсан зүйл ердөө л энэ. Цаашид тавьсан асуудлаа иргэд сонгогчид, хурал дахь нам эвслийн бүлгүүдтэй хамтран иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Тиймээс санал гомдолтой иргэд сонгогчид НИТХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж хамтарч ажиллахыг урьж байна.
-Тантай яаж холбогдох боломжтой вэ?
-НИТХ дахь “Шудрага ёс” эвслийн бүлгийн ажлын алба болон надтай 88858686, 91161437, 310428 утсаар холбогдож, хамтран ажиллаж, эрхээ хамгаалах боломжтой. Эцэст нь хэлэхэд нийслэл дэх АН-ын хууль зөрчиж хүчээр түрсэн, дур зоргоороо үйлдлүүдийг таслан зогсоох цаг нь болсон.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ