
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа түлэгдсэн “Дижитал” хамтлагын дуучин Ш.Батбаяр буюу Бааварыг шүүх хурал өнөөдөр товлогдсон боловч тэрбээр эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаа хүрэлцэн ирэх боломжгүй болжээ. Учир нь Ш.Батбаяр галд өртөж гуравдугаар зэргийн түлэгдэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Шүүхээс Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 гэсэн зүйл ангид зааснаар яллагдагчаар татсан аж. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодис хадгалсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Ш.Батбаярын галд түлэгдэх үеийн бичлэгийг устасан гэсэн мэдээллийг өчигдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өгсөн нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд байна.
Түүний хэлж буйгаар “Хоригдогч Ш.Батбаярын осолд өртөх үеийн камерийн бичлэгээс зөвхөн галд түлэгдэж байгаа хэсэг нь устсан байна лээ. Энэ бол маш хариуцлаггүй үйлдэл” гэсэн тайлбарыг УИХ-ын дэд дарга Л.Цогод өгчээ.
Уг бичлэгийн талаар ШШГЕГ-ын дэд дарга П.Хосбаяр “Цагдан хорих төв саатуулагдсан иргэдийн аюулгүй байдал, эрхийг нь хамгаалах чиглэлээр ажиллах ёстой байтал удаа дараа удирдлагынхаа зааварыг гүйцэтгээгүй. Хайхрамжгүй хандсанаас дээрх нөхцөл байдал үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс тухайн үед ажиллаж байсан албан хаагчдад хариуцлага тооцлоо” гэсэн боловч галын дүгнэлт гарах талаар огт мэдээлэл өгөөгүй. Харин ч сэтгүүлчид тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэж байв.
Түүнчлэн дэд дарга Д.Хосбаяр камерийн бичлэг хэд хоног хадгалагдах ёстой ч мэдэхгүй гэдгээ нуугаагүй. Өдгөө ШШГЕГ-ын ажилтнууд Ш.Батбаярын түлэгдэх үеийн бичлэгийн талаар зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ