Миний бодол
Би Монгол улсын иргэн хүн
Би одоо 19 настай, оюутан. Намайг өглөө сэрээд мэдээ унших тоолонд өдөр бүр сэтгэл минь их өвдөх юм. Бид ардчилсан улс ч гэлээ, зарим хүмүүс арай буруу тийшээ хазайгаад байх шиг санагдаад байна. Иймээс би блогоороо дамжуулан өөрийн дуу хоолойгоо бусдад хүргье гэж бодлоо.
Би өнөөдөр өглөө нэгэн дуучны тухай мэдээлэл уншсан. Гэхдээ зөвхөн өнөөдөр ч биш, хэд хоногийн өмнө ч бас уншсан. Бидний амьдарч буй энэ нийгэм чинь ямар ой гутмаар болчихсон юм бэ? Манай улсад хууль эрх зүй иргэн бүрт адилхан эн тэнцүү үйлчлэх ёстой гэж би бодож байна. Баян, ядуу, өрөөл татанхай, эрүүл саруул хэнд ч бай хамгийн түрүүнд яг ижилхэн үйлчлэх ёстой хүчин зүйлийн нэг бол 'хууль' байх ёстой. Үндсэн дүрмэндээ ч ингэж заасан байдаг байх. Гэтэл хийсэн хэргээ үүрээд хорих газрын өрөөнд ганцаарахнаа хоригдож байх үедээ маш хүндээр түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ харгис явдлыг би ойлгохгүй байна. Маш өндөр хариуцлагатай ажиллах ёстой хяналтын байгууллага санамсаргүй байдлаар гал алдах нь байж болшгүй хэрэг. Тэр дундаа төрийн тусгай хамгаалалттай ажилладаг гээд бодоод үзэхэд ийм хэнэггүй, тоомжиргүй байдалтай байхыг эрс хориглоно.
Ихэнх хүмүүс муу буруу хэрэг хийсэн хүн үйлийн лайгаа эдлэх нь энэ гэж ярилцаж байхыг би олон удаа сонслоо. Энэ эрүүл мэндээрээ хохирсон хүний өмнөх үйлдсэн хэргүүдийн дотор хар тамхи гэх аймшигт хор хэрэглэсэн гэмт хэрэг багтдаг. Үүнээс жишээ татаж үзье. Хүч муутай, сул дорой нэгнийг нь хар тамхины хэрэгтэй энэ муу бол гэмт хэрэгтэн гээд амархан баривчилж чаддаг юм байна, холбогдох байгууллагууд нь. Тэгвэл хүмүүсийн хэлж заншсанаар нөгөө 'томчууд, дээдсүүд' гэх тодотголтой хүмүүсийг яагаад бас бусадтай адилхан барьж, хийсэн хэргийг нь хүлээлгүүлэн, тохох ёстой ялыг нь тогтоож чаддаггүй юм бэ? Үнэндээ энгийн иргэдэд манай улсын хууль үйлчилж, харин энхийн цагаан тагтаануудад бол гууль нь хамаатай байдаг юм байна л даа. Яасан тэнгэр дээгүүр юу ч бодолгүй зугаацан нисэж яваа тагтаа мэт хүмүүсийг барин, цагдан хорих гэхээр хүч чинь хүрэхгүй байна уу? Би ийм хэтэрхий шударга бус байдлыг маш их үзэн ядаж байна.
Бас нэгэн аймшигт жигшмээр хэрэг саяхан Ховд аймагт гарсан гэдэг мэдээг уншлаа. Онц ноцтой гэмт хэрэгтэн нь эцэг эхийнхээ утга учир, энэ хорвоогийн нар болж гийсэн дөнгөж тавхан настай балчир охин хүүхдийг хүчиндсэн байх юм. Арай ч дээ, энэ хүн ёсноос хэтэрсэн гажууд байна. Иймэрхүү маш хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн толгойтой адгууснуудад тэр дор нь шуурхай арга хэмжээ авах байтал, зүгээр цагдан хорьж, албадан ажил хийлгүүлж байна гэдгийг би бас огтхон ч ойлгохыг хүсэхгүй байна. Тэгээд болоогүй нөгөө хүнд ноцтой гэмт хэрэгтэн нь ажил хийж байхдаа оргочихсон. Тэрийг оргож байх үед, хянаж байдаг төрийн хамгаалалттай гэх тодотголтой төрд зүтгэгч албан хаагч ажилтан та хаана зугаалж байв аа? Эсвэл зүгээр оргохыг нь хараад мануухай царайлж байсан хэрэг үү? Энэ явдлаас харахад цагдан хорих ангийн зохион байгуулалт, хяналтын ажил үнэхээр үгээр тайлбарлашгүй муу байгаагийн илрэл.
Өөр нэгэн итгэмээргүй аймшигт мэдээ. Энэ айдас дагуулсан ер бусын хэрэг Дундговь аймагт болжээ, одоог хүртэл үргэлжилсээр ч байна. Сургуулийн сурагчид амиа егүүтгэсэн хачирхалтай явдал, энэ нь тэдний гэр бүлд юугаар ч нөхөж баршгүй сэтгэлийн зовлон. Ахлах ангийн сурагч хөвгүүн, түүний дараа аравдугаар ангийн сурагч охин, харин саяхан наймхан настай хүү бүгд өөрсдийгөө боомилон амиа хорлосон байна. Энэ юутай холбоотой вэ? Тэдний үхлийн шалтгаан яг адилхан. Гайхмаар биш байна гэж үү? Монголын хүний эрхийг хамгаалах байгууллага, хүүхдийн төлөө гэх тодотголтой олон байгууллагууд хаана юу хийж явна? Сурагчийн ширээнээс ч салаагүй, орчлон ертөнцтэй танилцаж амжаагүй байхдаа энэ хорвоог орхин одох нь туйлын харамсалтай.
Яагаад тэд ийм алхам хийхэд хүрэв? Үүний учрыг олох ёстой байтал харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг байхыг үгээр тайлбарлах гэхэд хэлэх муу үг олдохгүй байна. Тэд өөрсдийнхөө хүслээр тэртээх хол тэнгэрийн хаяаг зорив уу, эсвэл ...? Яагаад? Ямар учраас?
Би ийм нийгэмд амьдарч буйдаа үнэхээр их айж байна. Хотын гудамжаар ч тайван алхаж чадахгүй байгаа хүмүүсийг хараад миний сэтгэл урагдаж байна. Бүгд л цүнх энэ тэрхэн эд зүйлсээ хулгайд алдчихгүй юмсан гээд алхам тутамдаа 'бага' ч гэсэн айдастай. Яагаад миний Монгол улсад хулгайчид нь хүртэл олшроод байна вэ? Энэ бол хамгийн хөнгөхөн жишээ.
Миний бодсон бичмээр байгаа зүйлс маш олон. Энэ миний захидлын минь оршил хэсэг юм шүү.
Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ