Их цэвэрлэгээнд оролцоогүй хоёр байгууллагыг торгожээ

img

  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн баасан гаригт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгуулсан. Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн найман дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, нийт 777.537 м2 талбайн 1771.02 тн хог хаягдлыг 457 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол доторхи, аж ахуйн нэгж байгууллагын орчны, нийтийн эзэмшлийн явган зам гэсэн чиглэлээр зохион байгуулж, нийт 7 757 байгууллага, аж ахуйн нэгжийн 46 497 хүнийг идэвхитэй оролцуулсан байна.
Гадна орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан 447 аж ахуйн нэгж байгууллагуудад дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсээс сануулга, нөхөн цэвэрлүүлэх мэдэгдэх хуудас олгож, хоёр байгууллагад торгуулийн арга хэмжээ авснаас гадна  “Хог хаягдлын тухай” хууль болон холбогдох журмын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэжээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ