ЭМЯ-наас томуугийн A(H7N9) вирүсийн талаар мэдээлэл хийнэ

img

  БНХАУ-д томуугийн A(H7N9) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан манай улсын иргэд хэрхэн урьчилан сэргийлэх талаар ЭМЯ-наас 14.00 цагт мэдээлэл хийж, зөвлөгөө өгөхөөр болжээ. БНХАУ өнгөрөгч гуравдугаар сарын 4 болон 10-ны өдөр нас барсан хоёр хүний  биеэс, Анхуй мужийн Чужоу хотод 9-нд уушгины хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөний сорьцноос, Бээжин хот дахь БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвд 29-нд өвчилсөн иргэнээс тус бүр томуугийн A(H7N9) вирүс илэрсэн аж. Тус улсын холбогдох албад мэдээлснээр дээрх тохиолдлууд хоорондоо эпидемиологийн хувьд холбоогүй бөгөөд Шанхай хотын 83 настай эрэгтэй энэ оны хоёрдугаар сарын 19-өөс пневмони оноштой эмнэлэгт хэвтэж, эрчимтэй эмчилсэн боловч сайжралгүй байсаар гуравдугаар сарын 4-нд нас барсан байна. Шанхайн хоёрдох тохиолдол нь 27 настай эрэгтэй бөгөөд хоёрдугаар сарын 29-өөс пневмонигоор өвчилж, эрчимтэй эмчилсэн боловч, сайжралыг ололгүй байсаар гуравдугаар сарын 10-нд нас баржээ. Анхуй муж дахь тохиолдол нь 35 настай эмэгтэй бөгөөд одоо Жиансу мужийн Нанжин хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Гурван тохиолдол гурвуулаа өвчлөхөөсөө өмнө шувуутай харьцаж байсан ба ойрын хавьтал 88 хүнийг одоогоор эмнэлгийн хяналтанд авснаас өвчний шинжтэй болон томуугийн вирүсээр халдвар авсан хүн илрээгүй байгаа аж. Томуугийн A/H7 вирүс тэжээвэр болон зэрлэг шувуудын сүрэгт өргөн тархсан вирүс бөгөөд H7N1, H7N2, H7N3 болон H7N7 хувилбараар бичигдсэн аж. Эдгээрийн дотроос тахианы тахлын нэн өндөр хоруу чанартай вирүсүүд болох A/FPV/Bresia/1902(H7N1), A/FPV/Rostock/34(H7N1), A/FPV/Dutsch/27(H7N7) зэрэг омгууд хемагглютининий энэ хувилбарт хамаардаг. Харин хүнд дамжин халдах нь ховор. 1996 оноос хойших хугацаанд Холланд, Канад, АНУ, Их Британд голдуу шувууны аж ахуй эрхлэдэг хүмүүст амьсгалын цочмог халдвар, коньюнктивитын алаг цоог өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь л нас барсан байна. Томуугийн A/H7 вирүс H7N9 хувилбараар олдож, хүнд дамжин халдварласан нь үүнээс өмнө бичигдээгүй байсан аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ