
Монгол Улсын Шадар сайдын баталсан Олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх биелэлтийн шалгалт үргэлжилж байна. Шалгалтын явцад Гамшгаас хамгаалах, гал түймрийн хяналтын улсын байцаагчид нь хууль тогтоомж, стандарт, нормативын шаардлагыг хэрэгжүүлэх талаар тусгайлан олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбогдсон арга хэмжээг газар дээр нь авч гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулаад заагдсан зөрчлийг арилгаагүй дараах байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.Үүнд, "Нью тур сафарис" ХХК-ний Өргөө-1 кино театр, гуравдугаар хорооллын Бродвай сүлжээний ресторан, Соёмбо сүлжээ кино театр, "Энигма" ХХК-ийн Чингисийн өргөө цогцолборын зочид буудал, ресторан, "Сандэй Плаза" ХХК-ийн Сандэй Плаза худалдааны төвийн зүүн жигүүрийн хэсэг, “Улаанбаатар төмөр зам”-ын зорчигч үйлчилгээний төв буудлын ресторан, “Драгон Холдинг” ХХК-ний Драгон худалдааны төвийн ресторан зэрэг газруудыг хаасан байна.
Дашрамд дуулгахад, энэхүү шалгалт энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аюулгүй байдлаа хангаагүй байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ