СУИС-ийн оюутнууд Герман улсыг зорино

img

  Монголын нүүдэлчдийн соёлыг их хотын  хөл хөдөлгөөн дунд   хадгалж үлдэх   хөтөлбөрийг СУИС болон “Урбан Номадс” ТББ хамтран хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь урлагаар дамжуулан түүх соёлын үзэл санааг их хотын хэмнэлтэй хоршуулан хадгалж үлдэх зорилготой юм байна. Энэ хүрээнд "Урбан Номадс III" боловсролын хөтөлбөрийг энэ сарын 4 -21 хооронд ХБНГУ-ын Дортмунд болон Берлин хотод зохион байгуулахаар болжээ. Уг төсөлд СУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудыг төлөөлөн 14 оюутан оролцох бэлтгэлээ хангаад байгаа гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд Дортмундын дээд сургуулийн сценографийн анги, Берлины Хумбольдтын их сургуулийн Монгол судлалын тэнхим, Берлины урлагийн их сургуулиуд дээр орчин үеийн урлагийн интерактив сургалт, уулзалтууд болох аж. Монголоос очсон төлөөлөгчдийн Германд байх зардлыг Германы эрдмийн солилцооны алба санхүүжүүлэх юм  байна. “Урбан номадс” ТББ-ын хувьд Монгол Европын уран бүтээлчид байнга уулзан хамтарч ажиллахдаа  тэдгээрийн аль алиныг нь  тодорхойлох соёлыг хүндэтгэн  хандахын зэрэгцээ, гуравдагч шинэлэг хамтын бүтээлийг бий болгохоор зорьж байгаа аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Герман, Бразил,  Швейцарь, Монгол багш нар  тайз, дүрслэх урлаг, хөгжим, бүжгийн урлагийн  чиглэлээр СУИС дээр хамтарсан сургалт  явуулж байжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ